Бас л хятадаас хамаарах шалтгаанаар зэсийн үнэ өсчээ

olloo_mn_1508291427_copper-oct-16Яг одоо дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ түүхэн амжилт тогтоогоод байна. Төсвийн орлогынх нь дийлэнх хэсэг зэсээс бүрддэг манайх шиг улс үүнийг бүрэн дүүрэн ашиглах ёстой байх. Тодруулбал, 2014 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үнэ тогтоод байгаа ба энэ сарын 17-ны байдлаар тонн зэс 7,186 ам.доллар болжээ. Гэхдээ зэсийн ханшийн цаашдын ирээдүй маргааш болох Хятадын Коммунист намын Их хурлын дараа бүрэн тодорхой болно.

Учир нь БНХАУ ирэх таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөгөө намынхаа Их хурлаар батална.Энэ үеэр эдийн засгаа ямар байдлаар урагшлуулах тухайгаа хэлэлцэн тогтдог. Тиймээс дэлхийн даяар хөрөнгө оруулагч нар коммунистуудын бүгд хурлын үр дүнг анхаарал тавин хүлээж байгаа.

Уг нь Нью-Йорк, Торонто, Лондон зэрэг томоохон зах зээлд фьючерсийн хандлагыг тун өөдрөгөөр төсөөлж байгаа аж. Зэсийн эрэлт ч их болсон нь сүүлийн үед өдөрт дунджаар 1.9 сая тонн худалдаалагдаж байгаагаас харагдаж байна. Статистикаас харахад жилийн өмнө энэ үзүүлэлт 29 хувиар бага байсан.

Зэсийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улсын хувьд Коммунист намын 19 дүгээр Их хурлаараа эдийн засгийн зорилгоо тодорхойлно гэдгийг дээр дурдсан. Шинжээчдийн үзэж буйгаар, хятадууд экологийн тэнцвэр, байгаль орчны бохирдлын талаар одоо нухацтай хэлэлцэх тул зэс, бусад түүхий эдийн үйлдвэрлэлд шууд нөлөөлөх нь ойлгомжтой.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгааны тайлангаас харахад, Хятадын үнийн инфляц жилийн дотор 6.9 хувиар өсжээ. Нөгөөтээгүүр металлын үнэ бүрэлдэхэд голлон нөлөөлдөг хүчин зүйлс, тэр дундаа дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн атал олборлох үйлдвэрлэлийн хүчин чадал буурсан гээд олон шалтгааны улмаас ийм нөхцөл үүссэн.

Гэхдээ үйлдвэрлэлийн ирээдүйн зураглалаас Хятадын зэсийн эрэлт 2017 оны сүүлээр хоёр оронтой тоогоор нэмэгдэж, 6.1 сая тонн-д хүрэхээр байгааг харж болно. Харин дотоодын зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.614 сая тонн-оос 1.6 саяд хүрэх маягтай байгаа гэнэ. Мөн 25 хувийн агууламжтай зэсийн баяжмалын импорт энэ онд 4.5 сая
тонн-д хүрэхээр төлөвтэй байгаа нь жилийн өмнөхөөс 240 мянган тонн-оор өссөн дүн ажээ.

Ингээд тооцоход зэсийн үнэ өдөр ирэх бүр өсөх нь хачирхаад байхаар зүйл биш. Тухайлбал, даваа гарагт нэг тонн зэс 1765 ам.доллар байсан бол мягмарт 7186 болсон. Энэ нь нийлүүлэгчдийн хувьд тун таатай нөхцөл. Гэсэн хэдий ч ийм хэмжээний их эрэлтийг хангаж чадах, эсэх дээр экспортлогчид санаа зовнингуй хандах болсон. Тодруулбал, зэсийн магнат Рио Тинто группийн Австрали дахь уурхайн олборлолт гуравдугаар улиралд 120.6 мянган тонн болж буурсан нь зах зээлийн хүлээлтээс даруй 30 мянган тонноор бага үзүүлэлт юм. Үүнээс гадна АНУ дахь Кеннекот болон манай улсын Оюу Толгойн уурхайгаас нийлүүлж буй зэсийн баяжмалын агуулга буурсан нь асуудал болоод байгаа аж.

Рио Тинто хавьцаа ийм асуудал өрнөж байгаа бол дэлхийн зэсийн томоохон нийлүүлэгчдийн нэг Перуд ч байдал тун ч халуухан үргэлжилж байна. Юу гэвээс, энэ өдрүүдэд үйл ажиллагааны цар хүрээгээрээ тэргүүлэгч 20 гаруй компани Перугийн хамгийн том ордуудын нэгийг авахаар өрсөлдөж байгаа. Тус улсын хойд хэсэгт байрлах Кажамарка мужийн Миккилийн уурхайг арванхоёрдугаар сард дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Гэтэл үүнийг авах хүсэлтэй этгээдийн тоо олширч, бүртгэлийн хугацааг сунгахыг шаардах болжээ.

Ямартай ч мужийн Тендерийн хорооноос дуудлага худалдааны бүртгэлийг арваннэгдүгээр сарын 2-ноор дуусгавар болгож, арванхоёрдугаар сарын 20 гэхэд хоёр тэрбумаар үнэлэгдсэн Миккилийн уурхайг ашиглах гэрээг байгуулахаар товлосон байна.

Хэрвээ хөрөнгө оруулалт хангалттай байвал энэ уурхайгаас өдөрт 80 мянган тонн хүдэр олборлохоор урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. Уг нь энэ уурхай хөрөнгө оруулалтын гигант Англо-Американы мэдэлд байсан ч 2014 оны эцсээр тэд төслөөс татгалзсан. Үүний дараа Бразилийн Милпо групп уг төслийг өөртөө авсан ч өнөөг хүртэл хөдөлгөж чадаагүй байжээ.

Гэхдээ перучуудад ордоо булаалдан өдөр хоногийг өнгөрөөх цаг хугацаа үлдсэнгүй. Дээр дурдсанчлан, зэсийн салбарт эргэлт бий болсон. Үнэн хэрэгтээ Перугийн Засгийн газар Миккилийг дуудлага худалдаанд оруулах товоо маш буруу сонгосон гэж шинжээчид үзэж байна. Учир нь Миккилий уурхай шинэ эзэндээ очих гэсээр байтал зэсийн зах зээлийн хувь заяа тодорхой болно. Өөрөөр хэлбэл, Хятадын намын Их хурал ирэх таван жилд дэлхийн эдийн засагт ямар үүрэгтэй оролцохоо ярилцаад шийдчихнэ гэсэн үг.

Энэ уурхайн нөөц бараг 1.1 тэрбум тонноор хэмжигддэг. Энд зэсээс гадна алт, мөнгө, молибден, өнгөт металлын нөөц их бий. Перугийн хувьд энэ нь сүүлийн арван жилд байгаагүй том худалдаа хэдий ч дэлхийн зах зээлийн хурдтай хөл нийлүүлэх боломжгүй болсон гэхэд болно.

Дэлхийд зэсийн салбар ийм байдлаар ажиллаж буй байх нь Тэгвэл Монголд хэрхэв. Юуны өмнө манай улсын Экспортод гаргасан ашигт малтмалын есдүгээр сарын үнийг харахад нэг тонн цэвэр зэсийг 6477.6 ам.доллараар үнэлжээ. Харин олборлолтын хэмжээ оны эхний найман сард 980.5 мянган тонн баяжмал гадагш нийлүүлсэн байх юм Үүнээс нэг тонн баяжмалыг 1052.7 ам.доллараар борлуулсан ба нийт орлого 1.01 тэрбум ам.долларыг давсан байна. Энэ бол зөвхөн зэсийн баяжмалаас олсон орлого.

Гэхдээ энэ бол жилийн өмнөхөөс буурсан үзүүлэлт. Жилийн өмнө, яг өдийд 1.2 сая тонн баяжмал экспортолж, 1.27 тэрбум ам.доллар олж байжээ. Харин тонн баяжмал 1,056.12 ам.доллараар зарж байсан аж. Үүний шалтгааныг дээр бичсэн. Тодруулбал, Оюу Толгой ордын зэсийн хүдэр дэх агууламжийн хэмжээ буурсаар байгаа. Үүнийг уурхайн илээр олборлох боломжтой хэсгийн агууламж угаас бага байдагтай холбон тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, далд уурхайг ашиглахад бэлэн болох хүртэл манай улс бага агууламж бүхий зэсийн баяжмалыг гадагш нийлүүлнэ гэсэн үг.

Тэгэхээр нэн түрүүнд Оюу Толгойн хөрөнгө оруулагч болон манай улсын Засгийн газар хоорондын гэрээг л тогтвортой байгаасай гэх найдал үлдэж байна.

Өглөөний сонин
Р.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.