“ОЮУТОЛГОЙ” компанийн “ЧАЙНА КЕМП”-ийн монгол ажилчид ажилдаа гарахаас татгалзжээ

Монголд төдийгүй дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн төслийн талбайд дахиад л хүний амь эндсэн хэрэг гарлаа. Энэ сарын 26-ны шөнө тус ком панийн ажилчдын цайны газрын орчим нэг залуу бусдад хор логдсон байдалтай амь насаа алдсаныг олсон аж. Талийгаач тус компанид ажилд ороод хоёр жил болж байгаа бөгөөд ажилдаа хичээл зүтгэлтэй, үг дуу цөөнтэй нэгэн аж. Тус аймгийн Цагдаагийн хэлт сийн дарга Ц.Отгонбаттай холбогдон уг хэргийн талаар тодруулахад “Оюутолгой” ХХК-ийн төслийн талбайд нэг залуу өөрийгөө боомилсон байна гэсэн мэдээлэл бидэнд өнгөрөгч бямба гаригт ирсэн. Мэдээллийн дагуу эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нараас бүрдсэн Ажлын хэсэг гарган Ханбогд сум руу явуулсан. Одоогоор Ажлын хэсэг ирээгүй байна. Тухайн хүн өөрийгөө боомилсон, эсвэл бусдад хорлогдсон эсэхийг одоогоор хэлэх боломжгүй” гэв.

“Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд ажилчдадаа талийгаачийг амиа егүүтгэсэн гэсэн мэдээлэл өгсөн юм байна. Хүнтэй муудалцаад байдаггүй залуу гэнэт яагаад амиа хорлох болов. Түүнийг амиа егүүтгэх хүн биш гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь цагдаагийнханд хэлжээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад “Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэн болон ойр дотнын хүмүүст эмгэнэл илэрхийлье. Өнгөрсөн бямба гаригт манай компанийн гэрээт компанид ажилладаг залуу төслийн талбайд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаачийн цогцсыг ажилчдын хоолны газрын орчмоос олоод эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч харамсалтай нь амь насыг нь аврахад хэт оройтсон байсан. Талийгаачийн гэр бүлийг хүндэтгэн хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх боломжгүй. Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа” гэв.

Бидэнд олдсон мэдээллээр талийгаач З эмээ, эгч хоёртойгоо амьдардаг юм байна. Тэрбээр архи, тамхи огт хэрэглэдэггүй, бусадтай нийтэч нэгэн байжээ. Эцэг, эхгүй өссөн тэрбээр “Их мөнгө цуглуулж эмээ, эгч хоёроо сайхан амьдруулна” гэж үргэлж ярьдаг байсан аж. Талийгаач залуу “Оюутолгой” компанийн “Чайна кемп”-ийн гал тогоонд ажилладаг байж. Тэр үдэш цайны газрын ажилчид 01.00 цагаас амрах ёстой байсан юм байна. Гэтэл амрах байрандаа ирэхгүй болохоор нь хамт ажилладаг хүмүүс нь хайж яваад хогийн бункерээс дүүжлээтэй байсныг олжээ. “Түүнд амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй” гэж хамт ажилладаг найз нь өгүүлэв. Түүний ярьж буйгаар З-г хятадууд егүүтгэсэн байж болзошгүй гэнэ. Тиймээс “Оюутолгой” компанийн “Чайна кемп”-ийн цайны газарт ажилладаг 40-өөд монгол хүн өчигдрөөс дээрх хэргийн учрыг олтол ажилдаа гарахгүй байхаар шийдэж, энэ тухайгаа удирдлагууддаа мэдэгдсэн байна.

“Чайна кемп”-т 5000 шахам хятад мэргэжилтэн, ажилчин байдаг аж. Хэд хоногийн өмнө нэг эмэгтэй монгол ажилчныг ариун цэврийн өрөөнд байхад нь хятад мэргэжилтэн гэрлийг нь унтрааж хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Тэр хятад хүн “Би гэрэл унтраагаагүй, цаанаас унтарчихаар нь айгаад гарч зугтсан” гэж яриад өнгөрчээ. Монгол ажилчид энэ мэт зүй бус үйлдэлд компанийн удирдлагууд нь ямар ч арга хэмжээ аваагүйд дургүйцээд өнгөрчээ. Компанийн удирдлагууд нь дээрх залууг “амиа хорлосон” гэж ярьж байгааг монгол ажилчид эсэргүүцэж буй юм байна.

Х.ОЮУН, Д.ДАГВА


URL:

Сэтгэгдэл бичих