Өвөр монголчууд бол “хужаа” биш

12005

Социализмын он жилүүдийн алдас ба амжилт

Монгол улс ардчилалд шилжээд 27 жилийн нүүрийг үзэж байна. Ардчилал бидэнд олон боломж өгсний нэг нь түүх соёл, өв уламжлалаа үнэн зөвөөр  харах, хадгалан авч үлдэх тэр боломж юм. Социализмын бүтээн байгуулалт нэрийн дор ЗХУ (хуучнаар)-ын материал, техникийн бааз мэтээр 70 жил оршин тогтносон он жилүүдэд бид олон эерэг сөрөг зүйлтэй тулгарсан. Хэлмэгдүүлэлт болсон, ЗХУ-ын бодлого заавраар улс орны төрийн бодлого явж байсан, үндэсний түүхийг социалист, коммунист өнцгөөс бичих болсон зэрэг сөрөг үр дагавруудыг дурдаж болох ч 20-р зууны эхэнд нүүдэлчин соёлоос ангижраагүй байсан Монголчууд социализмын бүтээн байгуулалтын 70 орчим жил суурин соёл иргэншлийн нөлөөг хүртэж чадсаны зэрэгцээ хамгийн чухал нь  тусгаар тогтносон Монгол улсыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн зэрэг олон эерэг үйл явдлыг дурдаж болно.

Та бидний өнөөгийн түүхээс  100 жилийг  урагшлуулахад Монголчууд бид Ар, Өвөр, Урианхайн хязгаарыг багтаасан хил хязгаар, түүх  соёл хувьд нэг цул улс байсан. Гэвч түүхийн нугачаа давааг туулах явцад 20 зууны эхнээс ар өвөр монгол, урианхайн хязгаар тусгаарлагдан өөр өөр улс орнуудад  газар нутгийн хувьд харьяалагдах болсон. Энэ талаар түүхэн олон баримт дурдаж дэлгэрэнгүй ярьж болох ч энэ бидний ярих сэдэв биш тул ингэсгээд орхиё.

“Хужаа” гэдэг үгийн тухайд

Сүүлийн үед монголчууд бид Өвөр монголчуудыг “хужаа” гэж нэрлэж, дуудах болсон нь түүхээ мэдэхгүйн хар гай юу гэлтэй. “Хуацяо”  буюу манайхны хэлдэг “хужаа” гэдэг үг нь  Манж Чин улсын эрхшээлийн сүүлийн цаг үед  урд зүгээс  хэсэг  Хятад  цагаач иргэд ар монголд худалдаа арилжаа, газар тариалан эрхлэхээр ирсэнтэй холбоотойгоор тэднийг Монголчууд нэрлэхдээ  “хуацяо – цагаач” гэдэг хятад үгийг эх хэлнээ өөриймшүүлэн “хужаа” гэж дуудах болжээ. Тэгэхлээр юуны өмнө энэ үг бол эх орноосоо холдсон “цагаач” хятадуудыг  нэрлэж байсан нэршил юм. Я.Цэвэл абугайн “Монгол хэлний тайлбар толь”-д “Цагаач” гэдэг үгийг  “хэрэн хэсч амьдардаг хүн” гэж тайлбарлажээ.

Тэгвэл өвөр монголчууд хэзээ ч ар Монголд цагаачлаагүй. Учир нь түүхэнд тэдний болон бидний нутаг бол монгол газар. Өвөр, ар гэж ялгаж нэрлэж байсан болохоос биш бүхэлдээ нүүдэлчин монголчуудын оршин амьдарч байсан нутаг газар. Өнөө цагт ч гэсэн өвөр монголчууд  хил хязгаарын хувьд хятад улсад хамаарч байгаа боловч эртнээс нааш өвөг дээдэс нь амьдарч ирсэн эх нутагтаа амьдарч байгаа хүмүүс. Тийм атал бид тэднийг “хужаа” буюу “эх нутаггүй, цагаач” мэтээр дуудах нь ямар учир вэ? Өвөр монголчуудын хувьд одоо ч гэсэн хятад иргэдтэй гэрлэх, ураг барилдахад таагүй ханддаг бөгөөд аль болох монгол хүнтэй гэрлэхийг чухалчилдаг нь тэдний өнөөдрийг хүртэл хэл соёлоо хадгалж ирсний нэг илэрхийлэл биз. Бид тэдний монгол бичигт суурилсан хэлний аялгыг нь сонсоод дооглонгуй ханддаг. Гэвч үнэндээ өвөр монголчууд  эх хэл, бичиг соёлоо хадгалж үлдэхийн тулд тэд гадаад үгийг ямар нэг байдлаар эх хэлнээ орчуулан хэлэхийг илүүд үзэж байгааг Монголчууд бид ч гэсэн анхаарах ёстой бизээ.

 

Түүхийн нугачаа

Түүх түүхээрээ л байх сайхан. Түүхийн баримтыг улс төр, үзэл суртал, ашиг хонжооны зүгээс тайлбарлан бичих нь түүхийг гуйвуулснаас өөрцгүй хэрэг. Социализмын үед хувьсгалч, ангич нийгмийн үүднээс түүхийг тайлбарлан бичих явдал түгээмэл байв. Дарлагч, дарлагдагч ангитай байсан, дарлагдсан анги өөрийн эрх ашгийн төлөө тэмцэл өрнүүлж, хувьсгал хийн эрх чөлөө, зол жаргалд хүрдэг тухай түүх бол социалист улс орнуудын түүхэнд хандаж ирсэн ерөнхий чиг хандлага. Түүх бичлэгийн ийм байдлаас улбаалан бичигдсэн, мөн утга зохиол болон тайз дэлгэцийн урлагт тусгалаа олсон бүтээлүүд 1990-ээд оноос өмнөх Монгол улсын хувьд түүх, утга зохиол, урлагийн гол сэдэв байв. Тухайлбал, Монголчууд Манжийн дарлалд 210 жил амьдарсан, феодализмаас социализмд шилжсэн, ардын дайснуудыг устгасан, хар шар феодалууд бол ардын дайсан мөн, ардын хувьсгалын их удирдагч гэх мэт сэдвүүдийг 40-өөс дээш насныхан андахгүй мэднэ.

Гэвч…, Монгол улс ардчилалд шилжээд 27 жил болчхоод байхад өдгөө Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн  сурагчдад зааж байгаа “Монголын түүх” хичээлийн агуулгад одоо ч өөрчлөлт гараагүй хэвээр. Манжийн дарлалд 210 гаруй жил дарлагдсан гэж хэлдэг байсан Социализмын түүхэн замнал амь бөхтэй оршсоор байна.

Үнэндээ түүхэн үйл явдлыг сөхөж үзвэл 1691 оны Долон нуурын чуулганаар халхын Занабазар тэргүүтэй тэргүүлэх ноёд Манж улсад дагаар орсон нь үнэн боловч тэд өнөөгийн өвөр, ар Монголын хэл соёлын дархлааг хадгалж үлдэх боломжит нөхцөлийг Чин гүрний хаантай “гэрээ”-ээр тохиролцож чадсан байдаг. Хятад гүрнийг  эзэрхийлсэн нүүдэлчин Зүржидийн Манжууд өөрсдөө 200 жилийн дараа Хятад улсад уусан шингэж,