Цалинтай ядуучууд өсчээ

УИХ-ын гишүүдэд хаяглагдан ирэх өргөдөл хүсэлтийн 90 орчим хувийг зөвхөн төрийн албанд ажилд оруулж өгөхийг хүссэн санал эзэлдэг болжээ-

Авдаг цалин нь амьдралд хүрэлцэхгүйгээс Монголоор нэг цалинтай ядуучууд бий болжээ. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 50 орчим хувь нь цалинтай ядуучууд гэх. Төрөөс өгөх халамжаар гэдсээ борлуулчихаад, хэвтэж байгаа бол “Хохь чинь ээ, ажил хийж гараа хөдөлгөхгүй юм чинь” гэж хэлж болох. Гэтэл цалинтай ядуучуудын хувьд өглөөний ургах нарнаас үдшийн бүрий тасартал зүтгэчихээд, сардаа 108 мянган төгрөг дотор цалин авахаар яаж ч, амьжиргаа дээшлэх билээ дээ. Тэгээд бүр 108 мянган төгрөгийг хоёр хувааж авна. Улаанбаатарчуудын хувьд гэрээсээ ажил хүрэхэд дор хаяж таван буудал газар явах хэрэгтэй болно. Автобусны үнэ хоёр буудал явсан ч 300 төгрөг,  микро автобуснууд бол 400-500 төгрөг нэхнэ энэ нь зөвхөн нэг талын унааны зардал. Өөрөөр хэлбэл, дамжихгүйгээр өдөрт 600-1000 төгрөгийг унааны хөлсөнд өгөх бол дамжих тохиолдолд өдөрт 1200-2000 төгрөг төлнө, ингэснээр сард хамгийн багаар тооцоход 15 мянган төгрөгийг унаанд төлөх хэрэгтэй болж байна. Үлдсэнээр нь сарын турш идэх хоол хүнсээ базаана. Гэтэл Засгийн газар өнгөрсөн хугацаанд цалинтай ядуучуудынхаа амьжиргааг дээшлүүлэх бодлогыг огт хэрэгжүүлсэнгүй, 60 мянган өрхийг ядуурлаас гаргах амлалт ч будаа болсон бололтой. Жил ирэх тутам ажилгүйчүүдийн тоо өсч, УИХ-ын гишүүдийн хэлснээр бол өнөөдөр Монголд 300-400 мянган иргэн лааз өшиглөж явна. Судалгаагаар Монголд хөдөлмөрийн насны иргэдийн тоо ирэх 2025 он хүртэл эрчимтэй өсөх дүр зураг гарч,  нийт хүн амын 61 хувийг эзлэх тооцоо гарчээ. Хэрвээ энэ алтан үеийг ашиглаж чадалгүй алдвал байдал одоогийнхоос дордож,  өнөөдөр хавтгайрчихаад байгаа халамж, ирээдүйд хувь тэнцүүлсэн тэтгэвэртэнгүүдээр солигдоно.  Тиймээс Засгийн газрын хувьд хөдөлмөрийн насныхны оргил үеийг ашиглаж, ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайн зэрэгцээ хөдөлмөрийн хөлсийг ажлын бүтээмжтэй нь уяж, үнэн зөв жишгийг гаргах цаг хэдийнэ болжээ.

Мөн Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх нэрийн дор цалин, тэтгэврийг 2008 оны төвшингөөс гурав дахин нэмэгдүүлнэ гэж тэнэгтвэл хувийн хэвшилд ажиллах,  ажиллах хүчин олдохгүй болж, монголчууд тэр аяараа төрийн алба руу хошуурах болж буй аж. Эдгээр асуудлыг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар авч хэлэлцлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тайланд дурдсанаар 2007 онд манай улсын хүн амын 48.5 хувь нь хөдөлмөрийн насныхан байсан бол 2009 оны жилийн эцэст 66.5 хувьд хүрчээ. Энэхүү хувь хэмжээ 2025 он хүртэл тогтвортой хадгалагдана. Ажиллах хүчний хувьд одоо нэг сая 155 мянгад хүрсэн. Нийт хүн амд хувааж үзвэл 44 хувийг эзэлж буй. Эдгээрийн 160 мянга орчим нь төрийн албаныхан бол үлдсэн нь хувийн хэвшилд харьяалагдана.

Сүүлийн саруудад УИХ-ын гишүүдэд тойргийнхноос нь хаяглагдан ирэх өргөдөл хүсэлтийн 90 орчим хувийг зөвхөн төрийн албанд ажилд оруулж өгөхийг хүссэн санал эзэлдэг болжээ. Энэ нь төрийн албанд ажиллагсдын цалин хувийн хэвшилд ажиллагсдынхаас өндөр төдийгүй, элдэв хангамж, урамшуулал эдэлж, хийх ажлын хувьд ч ачаалал бага байдаг нь төр рүү шургах сонирхлыг өдөөдөг болсон бололтой. Нэг хэсэг нь бүр амьжиргаагаа дээшлүүлэх хэрэгсэл болгож хувиргаж, төрийн албыг. Нөгөөтэйгүүр, төр өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлээ боомилох бодлогыг эрчимтэй явуулж, ирсэн нь ажил олгогчдын хувьд ажлын байраа хамгаалах, ажилтнуудаа төрийн алба руу алдахгүй байх хичээл эрмэлзлэлийг нь ч  унагаж ирж.

Ажлын байрыг нэмэгдүүлэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал хэмээн Засгийн газар үзэж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус бүр 30 тэрбум төгрөг төсөвлөн, иргэд, аж ахуйн нэгжид олгож ирсэн ч, зээлийн барьцааны чансаа өндөр байгаа нь жинхэнэ амьжиргаагаа дээшлүүлэх эздэд очиж чадахгүйд хүрч арга зальтайгийнх нь идэш болж иржээ. Хэдийгээр зээлийн эргэн төлөлт 98 хувьтай гэх ч, өнөөх хүслэн болсон ажлын байр хоёр жилийн хугацаанд ердөө 6000 орчмоор л өсчээ. Чамлахаар чанга атга гэж бодох ч, ажилгүй иргэдийн тоо 40 мянга шүргэж байгааг бодохоор гаслах ч багадна. Энэ хурдаар Засгийн газар ажиллавал долоон жилийн дараа л 40 мянган иргэн ажлын байртай болох нь. Тэгээд ажлын бүтээмжийг цалинтай нь уяж чадахгүй бол цалинтай ядуучуудын тоо 40 мянгаар л нэмэгдэнэ.

Хэдийгээр Засаг Оюутолгой, Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орохоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшилнэ гэх гоё үгийг байн байн дуулгах ч, энэ оны хоёрдугаар хагаст ажил нь эхлэх ёстой байсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр одоо хэр нь сураггүй. УИХ-аас өнгөрсөн хавар 18.2 их наяд төгрөг шаардсан энэхүү хөтөлбөрийг батлан гаргахдаа эх үүсвэрийг нь хаанаас бий болгох вэ гэдэг хатуухан асуултыг Засгийн газарт тавихад холбогдох сайдууд “Уул уурхайгаас босгоно” гэж хэлж байсан нь өнөөх эдийн засгийн эргэлтэд орох гэж дуншсаар буй Оюутолгой, Тавантолгойгоо л ярьсан хэрэг байв. Дээрх хоёр үйлийн үртэй толгойг Засгийн газар их олон зүйлд урьдчилан барьж өгсөөр. Ганц “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт төдийгүй, хувь хишигт ч өгнө. Ирэх оноос иргэн бүртээ сар тутамд 21 мянган төгрөг тарааж өгөхөд үндсэндээ 700 гаруй тэрбум төгрөг болж буй. Үүний талыг нь Тавантолгойгоос “босгоно”. Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт туссаны дагуу 1000 гаруй км төмөр замыг Монгол Улс мөн барина. Төмөр зам барих хөрөнгийг яаж босгох вэ гэхээр мөн л Оюутолгой, Тавантолгойг нэрлэдэг.  Гэтэл Оюутолгойд монголчуудын хувь ердөө 34, Тавантолгойг хоёр гурав хэсэгчлэн хувааж ашиглахаар болоод буй. Хуваах тусам Тавантолгойн ашиг багасна гэж зарим эдийн засагчид анхааруулсаар байгаа. Тиймээс Тавантолгой 100 хувь ард түмний өмч гэж итгэхэд ч бэрхтэй.

Уг нь Засгийн газрын тооцоогоор дээр дурдсан хоёр орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай зэрэгцээд, төмөр зам барих ажлыг эхлүүлж, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт туссан 100 мянган орон сууц хөтөлбөр, хотыг аймгуудтай, аймгуудыг аймгийн төвтэй нь, хилийн боомтуудтай холбох авто замын ажлыг эхлүүлбэл ойрын таван жилд 40-60 мянган ажлын байр шинээр бий болох юм гэсэн. Харамсалтай нь,  Оюутолгой, Тавантолгойгоос олох орлогоо хувь хишиг нэрээр жил бүр тараачихаар, ямар хөрөнгөөр төмөр зам тавьж, барилга барих юм бэ. Иргэдийнхээ гэдсийг хагалах уу, сайдууд аа.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих