Аялал жуулчлалынхан энэ өвөл “Ичих үү”

216264-17102017-1508210011-129868377-uwulЗарим амьтан хүйтний улирлыг нүхэнд, хагас унтаа байдлаар өнгөрөөдөг. Үүнийг шинжлэх ухаанд ичих гэдэг. Амьтад ичээндээ байхдаа амьдралынхаа хамгийн уйтгартай, идэвхгүй үеийг туулдаг учраас судлаачид үүнийг харанхуй, зогсонги мөч гэх мэтээр нэрлэдэг аж. Энэ бол байгаль, цаг уур, физиологийн онцлогоос хамааралтай, амьтдын амьдралын өвөрмөц хэвшил юм. Бид зөвхөн амьтдад хамаатай мэтээр ойлгодог энэ жигтэй үзэгдэлтэй тун төстэй дүр зураг аялал жуулчлалын салбарынхнаас сүүлийн үед тод томруун харагдах болсныг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Ямар сайндаа л “Монголын аялал жуулчлал өвөл “унтдаг”, зуны гурван сарын настай” гэх вэ дээ. Холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаа, статистикийг харахад ч манай орныг зорих жуулчдын урсгал дулааны улиралд хамгийн идэвхтэй байдаг.

Байгаль дэлхийг цалин цагаан “өмсгөл”-өөр гоёдог өвлийн улирал зөвхөн манай улсын аялал жуулчлалын салбарынханд хатуурхдаг гэвэл эндүүрэл. Жуулчдын олонх нь урин дулааны цагт аялж, зугаалах сонирхолтой байдаг учир тэднийг хэрхэн татах вэ гэдэг хүндхэн бодлого, сорилт өвөлтэй золгодог улс орон бүрийн өмнө тулгардаг.

Зарим орон хиймэл орчин бүрдүүлэн, хүссэн улирлаа “бий болгож” жуулчдын нүдийг хужирлаж байхад, нөгөө хэсэг нь төр, засгийн оновчтой, мэргэн бодлогын ачаар энэ бэрхшээлийг давж байна. Тухайлбал, аялал жуулчлалын хөгжлөөр Азидаа тэргүүлдэг БНХАУ, Тайланд, Тайвань, Малайз зэрэг улс бизнес уулзалт, томоохон хурал чуулган, өөрсдийнхөө өв соёл, онцлогт тулгуурласан арга хэмжээнүүдийг голдуу өвлийн улиралд зохион байгуулдаг жишигтэй. Харин монголчууд чухам юу хийв. Бид энэ тухай зөвхөн ярьсаар, гомдоллосоор ирсэн.

Бид энэ тухай зөвхөн ярьсаар, гомдоллосоор ирсэн.

Өвлийн аялал жуулчлал Монголд хөгждөггүйн гол шалтгаан юу болох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар алхам хийвэл зохих талаар бид залхталаа ярьж, сануулдаг ч энэ чиглэлээр хийсэн дорвитой ажил, гаргасан шийдэл байдаггүйг салбарынхан хаана хаанаа хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар ихийг нурших нь ч илүүц. Товчхондоо бол, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаад сурталчилгааг идэвхжүүлэх, олон улсын, томоохон арга хэмжээг хүйтний улиралд тогтмол зохион байгуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг төрөөс бодлогоор дэмжин урамшуулах нь улирлын хамаарлыг багасгаж, өвлийг “үнэд хүргэх” түлхүүр гэдгийг судлаач, мэргэжилтнүүд хэлдэг юм.

2017 он аялал жуулчлалын салбарынхны хувьд харьцангуй ээлтэй жил болж байна. Чихэнд чимэгтэй мэдээ байсхийгээд л дуулдах болсон. Энэ оны эхний хагаст Монголд зочилсон жуулчны тоо ойрын 10 жилд байгаагүйгээрээ өссөн үзүүлэлттэй гарав. Өдгөө ч энэ эрчээ алдахгүй, жуулчны тоо тогтмол нэмэгдэж буйг Гадаадын иргэн, харьяатын газраас гаргасан статистик нотолж байна. Албаны хүмүүсийн үзэж буйгаар жуулчид энэ хэвээр өссөөр байвал 2017 онд 600-700 мянган (өмнөх жилүүдэд 400-450 мянга) аялагч хүлээн авах төсөөлөл буй аж. Жил жилийн өвлийг “хагас унтаа” өнгөрөөж хэвшсэн аялал жуулчлалын салбарынхан харин цас, мөсний улиралд бэлэн болов уу.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын орлогч дарга Н.Молор “Урьд жилүүдэд манай орныг зорих жуулчин цөөрсөн шалтгаан нь голлох зах зээлийн орон (хамгийн их жуулчин ирдэг орон) руу чиглэсэн бодлого, маркетинг дутагдсантай холбоотой. Ялангуяа, өвлийн улиралд аялал жуулчлалын компаниуд бүгдээрээ шахам үйл ажиллагаагаа зогсоочихдог. Тэртээ тэргүй жуулчин ирэхгүй юм чинь гэсэн байдлаар ханддаг нь буруу” хэмээн ярив. Аялал жуулчлал хариуцсан төрийн захиргааны гол байгууллагын зүгээс гадаад сурталчилгааг идэвхжүүлэхэд түлхүү анхааран ажиллаж байгаа гэнэ. Гадаад сурталчилгаанд зарцуулах хөрөнгийг таван жилийн өмнөхөөс тав дахин их буюу нэг тэрбум болгосон нь үүний илрэл.

Нүүдэлчин ахуй, үзэсгэлэнт байгаль бол гэж хэлж болно. Үүнээс гадна, тухайн улсын онцлогийг илтгэх, сурталчлах арга хэмжээ ихээхэн чухал. Гэтэл манайхан Тэмээний, Бүргэдийн, Мөсний баяр зэрэг гол арга хэмжээгээ хавар нэг сарын дотор зохион байгуулж ирсэн нь тохиромжгүй шийдэл байв. Харин энэ жил Тэмээний болон Мөсний баяр, “Талын түмэн адуу” арга хэмжээний хугацааг наашлуулж, арав, арваннэгдүгээр сард зохиохоор товлосон.

Гадаадын жуулчдыг хамгийн их татдаг Бүргэдийн баяртай холбоотой мэдээллийг дэлхийн олон оронд бодлоготойгоор түгээсэн.

Үүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан гадаадын томоохон сэтгүүл, сайтуудаар дамжуулан сурталчилж буй бөгөөд одоогоор 120 мянга гаруй хүн энэ талаарх зарыг олон нийтийн сүлжээнээс уншиж, таалсан гэнэ. Тус газрын мэргэжилтэн Б.Тунгалаг “Бид өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад нэлээд ажил хийсэн. Үр дүн гарна гэж итгэж байгаа. Гадаадын жуулчдыг хамгийн их татдаг Бүргэдийн баяртай холбоотой мэдээллийг дэлхийн олон оронд бодлоготойгоор түгээсэн. Зориод ирсэн жуулчдын урмыг хугалахгүй хэмжээнд зохион байгуулах, цаашид улам сайжруулахад анхаарч байна” гэлээ.

Манай улс дэлхийн жишигт нийцсэн, цогц үйлчилгээтэй олон улсын нисэх онгоцны буудалтай болж буй нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болно гэж үзэх судлаач цөөнгүй бий. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга олон улсын хурал, томоохон арга хэмжээг Улаанбаатарт өвөл түлхүү зохион байгуулах үүрэг өгсөнтэй холбоотойгоор “Шангри-Ла”, “Рамада”, “Бест Вестерн”, “Кемпински” зэрэг дөрөв, таван одтой зочид буудлыг энэ улиралд үнэ тарифаа 50 хувь буулгах санал хүргүүлжээ.

Аялал жуулчлалын салбарынхныг “ичээ”-нээс нь гаргах энэ мэт санаачилгыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд гаргасаар байна. Бусад оронтой харьцуулахад бид дэндүү хожим, алгуурхан “хөдөлж” буй ч улирлын хамаарал гэх “чөдрөөс” аялал жуулчлалынхныг чөлөөлөхөд энэ бүхэн тус болж юуны магад.

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих