Намар шарлаагүй навч (өгүүллэг)

fall-road_500x500Бороо зөөлхөн шиврээд л байлаа. Сэтгэл хүртэд дагаж гэгэлзээд чамтай хамт байсан жаргалтай цаг мөчүүд минь нүдэнд харагдах шиг болж гүнзгий гэгч нь санаа алдахад хүргэх юм. Эр хүний хайр халамжийг ингэтлээ үгүйлнэ чинээ өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүйгээ бодохоор хааяа бас гайхах юм аа.

Би гэдэг хүн би биш ч болчихсон юм шиг. Чамайг хэзээ хаанаас хүрч ирээд оюун ухаан, бие сэтгэлийг минь ингэж булаан эзлээд бяцхан шаналал, асар их догдлолын үр хөврөлийг зүрхэнд минь сийлж орхиод нисэн одсоныг ч бас тогтож анзаарсангүй. Үнэндээ бол анзаарах сэхээ ч байгаагүй биз. Чамтай хамт байхдаа цаг хугацаа хэрхэн өнгөрч, хорвоо дэлхий чухам яаж эргэж байсныг ч анзаараагүйгээ одоо л мэдрэх шиг болж байна. хэдийгээр чи бүр явчихсан ч гэсэн түүнээс чинь илүүтэйгээр нэг л зүйлд бүр дэндүү ихээр голдоо ортол гомдож байгааг минь чи ядаж сонсдог ч болоосой. Чухам ямар шалтгаанаар яагаад ингээд яваад өгсөн тухайгаа тайлбарласан ганц ч үг хэлэлгүйгээр, ядаж зурвас ч орхилгүйгээр таг чиг болсонд чинь би дэндүү их гайхсаар байгаа шүү. Тийм ээ, уг нь чамайг явж, сэтгэлд харанхуй нөмөрлөсөн тэр үеэс хойш одоо бүтэн нэг жил өнгөрөөд байгаа. Хөндлөнгийн нүдээр харахад чамайг бас чамтай холбоотой дурсамжуудыг хэдийн мартчихсан баймаар тийм хугацаа. Гэтэл яав, би гэдэг хүн чамайг мартаж чадахгүй хэвээрээ, өнгөрөн одсон он жилүүдийн амьдрал дотроо л хөвөөд байх юм. Чамтай холбоотой тэр бүх ариун нандин дурсамжууд миний сэтгэлд улам л лавшин шингэж, бүр гүнд нь ороод байж суулгахын аргагүй болгох мэт.

…Яг энэ цэцэрлэгийн модон сандал дээр чамд гараа атгуулаад сууж байхдаа дэндүү их жаргалтай байснаа бас л хангалттай ухаараагүй л байж дээ. Гэхдээ ингэж бодох нь дэндүү буруу, өөрийгөө бас өөрийнхөө бардам занг чиний уланд гишгүүлж доромжлуулж байгаа мэт санагддаг ч яг энэ өөрийгөө өмөөрсөн бардам бодолдоо тууштай үнэнч үлдэж чадахгүй юм. Учир нь чамтай хамт байсан тэр бүх мөч дэндүү гэгээлэг, ямар ч хиргүй тунгалаг гэмээр ариухан байсан болохоор л чамайг муугаар бодож огтхон ч чаддаггүй. Чамтай хамт энэ сандал дээр зэрэгцээд суухдаа чиний сөрийг дэрлээд хөнгөн мөрөөдөлд хөвж, хөгжилтэй зүйл, хайрын тухай ярилцан инээлддэг байсан бол одоо орь ганцаархнаа сандлын түшлэг налаад өөрөө өөртэйгөө ярилцдаг болж дээ.

Тав зургаан ширхэг дөрвөлжин модон хэлхээ бүхий энэ сандлын бас нэгэн суултуур мод дутжээ. Хэн нь яах гэж ч авдаг юм бүү мэд. Чамтай хамт орой болгон ирж суудаг байхад энэ сандал уг нь бүтэн байсансан. Гэтэл чамайг нэд ирэхээ больсноос хойш яг л эзэн нь хаячихсан хэрггүй эд шиг суултуур мод нь нэг нэгээрээ дутсаар л. Одоо бүр дуусах нь гэлтэй ганц хоёрхон хөндлөн суултуур мод үлджээ. Магадгүй энэ суултуур мод ховх татагдаж дуусаад энэ сандал сандал биш болсон тэр үед миний сэтгэл чамайг мартах ч юм билүү хэн мэдлээ.

…Зөөлхөн шиврэх энэ бороо чамайг минь эрхгүй санагдуулах юм. Нүдний минь өмнүүр хөтлөлцөн алхах залуу хосууд намайг хүн чинээ тоохгүй байгаа бололтой. Үнэслцээд л тэврэлдээд л бас хөтлөлцөөд л өнгөрөх юм. Зөөлөн бороо шиврэх яг ийм үдэш чамтайгаа энэ цэцэрлэгт анх удаа зөндөө их зугаалж, тойрч алхаснаа санаж байна. Би тэгэхэд эмэгтэй хүн хирнээ чамайг гэрлүүгээ яарах вий гэхээс их айж байсансан. Чамайг үе үе итгэл муутайхан миний хуруунд хүрэхэд зүрхний минь цохилт түргэсч дэмий л ичингүйрэн доошоо харан алхаж билээ. Миний гарыг бүр хөтөлчихгүй юм байх даа гэж бодмогцоо энэ бодлыг минь мэдчих вий гэхээс санаа зовж яахаа мэдэхгүй самгардчихдаг байснаа бодохоор инээд ч хүрэх шиг. Харин дараа нь нэг их удаагүй, нэг л мэдэхнээ чиний гарт хөтлүүлээд аз жаргалтай алхах болсон. Харамсалтай нь тэр үед өнөөдрийн энэ цаг мөч ирнэ гэдгийг мэдээгүй. Магадгүй мэдэхгүй байсан нь ч сайн хэрэг байсан байж мэдэх. Хэрвээ ирээдүйд чамайг ингээд ор мөргүй алга болчихно гэдгийг тааварлсан бол тийм жаргалыг мэдрэхгүй байх байсан биз. Ингээд бодохоор би гэдэг хүн азтай ч юм уу.

… Тэр нэгэн өдөр чамайг хүлээгээд энэ сандал дээр сууж байхдаа би ирээдүйн тухай сайхан мөрөөдөлд умбаж байсансан. Магадгүй одоо тэр сайхан гэгээлэг мэдрэмж миний сэтгэлд дахин хэзээ ч төрөхгүй байх.

Тэр өдөр чи ирээгүй ээ. Өмнөх долоо хоногийнх нь туршид утсаар ярихдаа хөнгөн ханиад хүрчихсэн байна, жаахан халуураад гээд уулзахаас татгалзаж хойшлуулсаар тэр өдөр болзсон шүү дээ. Тэгсэн хирнээ намайг “Бие чинь муу байгаа бол яваад очъё” гэхэд чи татгалзсан. Энэ бүхнийг одоо бодохоор зүгээр л надаас залхаад зугтаж байсан нь тэр юм шиг л санагдах юм.

Тэгэхэд чи ирээгүй ч чиний найз гээд нэг залуу ирсэн. Тэр хүн миний чамд бичсэн бүх захиа, бүх бэлгийг надад буцааж өгөөд явсан. Дараа нь чи надад олдохоо больсон. Тэр хүний надад үлдээгээд явсан бэлгэн дотор хосоор нь хамтдаа хуруундаа зүүдэг байсан жижигхэн цэнхэр чулуун шигтгээтэй мөнгөн бөгж л байхгүй байсныг дараа нь мэдэж билээ. Чамайг ингээд л миний амьдралаас гэнэт яваад өгнө чинээ санаагүй байсан гэнэн зүрх өнөөг хүртэл шаналсаар л байна. Чи минь эргээд ирдэг ч болоосой. Гэхдээ магадгүй одоо ирээд ч хэрэггүй биз дээ. Гэхдээ л энэ сандал дээр ингээд сууж байхад минь чамайг хүрээд ирэх вий гэсэн далдхан бодол сэтгэлд минь нуугддагийг би өөрөө ч мэдрэхээсээ айдаг.

***

Намрын энэ бороо хичнээн зөөлөн шивэрч байгаа ч цаанаа л нэг жиндүүхэн байна даа. Модноос унаж шарлаж хорчийсон навчис энэ бороонд цохигдож гунигтайхан гулдайж хөглөрсөн байх юм. Байз, нэг ногоон навч унасан байх чинь. Чухам яагаад байгалийн хуулийг сөрөн ганцаархнаа ногооноороо үлдэж хоцроод ингэж өнчрөн харагддаг байна аа. Бүх л навчис шарлаж хатсан хойноо модноос тасарч үхсэн байхад ганцхан энэ л навч яагаад залуухан ногооноороо ойчсон хэрэг вэ. Ганцаархнаа ногооноороо үхэж байх шив дээ. За за, энэ бороонд жиндэж ханалаа. Одоо явъя даа. Дараачийн удаа энэ сандлыг зорьж ирэхгүй ээ. Тэртэй тэргүй дараа ирлээ гэхэд энэ сандал дээр суух ямар ч боломжгүй болсон байх биз дээ.

Бүсгүй өөртөө ингэж хэлээд алгуурхан босоод явж одлоо. Түүнийг байшингийн булан тойроод далд орсны дараахан хар нүдний шил зүүж, цагаа таягаар өмнөх газраа тэмтчин алхсан нэгэн залуухан хараагүй эр хаанас ч юм гараад ирлээ. Тэрээр өнөөх бүсгүй саяхан дээр нь сууж байсан зэрэмдэг модон сандал дээр ирж суув.

Бороо зогсчээ. Харин “одоо миний ээлж” гэсэн шиг зэврүүн салхи үе үе сийгэж эхлэх нь тэр. Өнөөх ногооноороо модноос тасран унасан ганц навч чухам яагаад норж амжилгүй үлдсэн юм гэлтэй салхинд хийсэн ирж залуугийн гар дээр буулаа. Өөрийнхөө хөтөч болсон цагаан таягаа сандалд түшүүлж тавьсан хараагүй эр ногооноороо үхсэн өнчин навчийг гартаа илбэн суухад түүний хуруунд жижигхэн цэнхэр чулуун шигтгээтэй мөнгөн бөгж тодхон харагдаж байв.
Эх сурвалж http://www.info.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.