Шинээр томилогдоод буй сайдуудад хэн ямар үг дайв

12024

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын долоон гишүүний томилгоог хэлэлцэж, Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг, БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, ХНХ-ын сайдаар С.Чинзориг нарыг томилсон юм. Тэгвэл шинэ сайдуудад хэн, ямар үг дайсныг багц 24 буландаа онцолж байна.

Монгол Улсын Засгийн газарт:


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: МУ-ын зовлон уул уурхайгаас эхэлсэн. С.Баярын Засгийн газар яг бүгдийг өөрчлөхөөр гарч ирсэн боловч уул уурхайд идэгдсэн гэж боддог. 2009 онд байгуулагдсан ЗГ Оюутолгойн гэрээ байгуулахдаа дөрвөн компани байгуулсан байдаг. Үүнээс хойш нь оффшор компани. Одоо эдгээр компаниудын эздийг нь зарлах хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй бол амлалт чинь үлгэр болно. Би байнгын хорооны хурал дээр санамсаргүйгээр Н.Цэрэнбат гэдэг хүний талаар асуусан юм биш. Монгол Улсын төрд сайд хийх хүнд тодорхой шалгуур байх хэрэгтэй. Сумын Засаг дарга хийх хүнд гурван жил төрд ажилласан байх ёстой гэдэг шалгуур тавьдаг шүү дээ. Гэтэл 11 компанитай, дан бизнес хийж ирсэн, нэг ч өдөр төрийн ажил хийж үзээгүй хүн сайд болж байна. Хаана нь байна тэр шударга шалгуур чинь.  Хамгийн сүүлд боловсролын яаманд нэг жилийн хугацаанд гурван сайд солиогдлоо. Багш нарын цалинг заавал нэмэх ёстой шүү” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшинд


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Та улс төрд яваа хүүгээ бодох хэрэгтэй. МАН-аар яваад байна билээ. Хүүгийн чинь талаарх үнэлэлт  дүгнэлтийг эцгээр нь хийвэл яах вэ.  Та шантааж хийсэн, албан тушаалын наймаа тохироо хийсэн. Хэдий болтол энэ Засгийн газартай ажиллах вэ.  Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарт


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Г.Занданшатарыг орон нутгийн хөгжлийн асуудалд анхаараарай гэж хэлмээр байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаадлагатай. Мөн боловсон хүчний асуудлыг хэвтээ түвшинд оруулах хэрэгтэй. Сүүлийн үед хөрөнгө оруулалт эрчимжиж байна. Гэвч аймаг, сумдын төр захиргааны байгууллагуудад хөрөнгө оруулалт дутуу байна. ЗГХЭГ бол төрийн менежерийн ажил гүйцэтгэнэ.

БОАЖ сайд Н.Цэрэнбатад:


УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монгол оронд өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Монгол оронд 10 гаруй халуун рашаан байна. Халуун рашаан дээр тулгуурлаж аялал жуучлалыг хөгжүүлэх боломтой. Аялал жуучлалыг бид төрлөөр нь хөгжүүлэх боломж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Байгаль орчны яам үндсэн чиг үүргийн яам болсон. Дэлхий нийт өнөөдөр байгаль орчны асуудлыг дэлхийн бодлого болгож байгаа. Хамгийн залуу хүн энэ салбарт нэр дэвшиж байна. Өөрт чинь их итгэл хүлээлгэж байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод:


УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өнгөрсөн онд бид батлан хамгаалах салбарын цогц хуулийг баталсан.  Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаарай. Сүүлийн жил алба хааж байсан цэргүүд амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон. Үүнд шинэ сайд онцгой анхаарал хандуулж ажиллаарай. ЕХ-ны шүүхээр амь насаа алдсаны нөхөн олговрыг өгөх ёстой. Батлан хамгаалахын салбарын хөрөнгө мөнгөний асуудлыг ярих цаг болсон.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Манай батлан хамгаалахын салбарт туршлагатай хүн томилогдож байгаад бид баяртай байгаа. Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгож, эрх үүргийг нь нэмэгдүүлсэн. Энэ асуудлыг манай их хурал шийдвэрлэсэн. Засгийн газрын гишүүд давхар алба хашиж байгаатай холбоотой О.Баасанхүү гишүүний саналыг дэмжиж байгаа. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамдыг “давхар дээл”-тэй байлгах хэрэгтэй.

Гадаад харилцааны сайд Цогтбаатарт:


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Аялал жуулчлалын бодлогыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаарай. Манай улсад айлчлах жуулчдын тоо жил бүр өсч байгаа. Тиймээс ч тэднийг хүлээж авах, үйлчлэх үйлчилгээгээ шуурхай болгоход анхаарч визний асуудалд тодорхой шийдвэрт хүрч эргэлт хийгээрэй гэдгийг захимаар байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хөрштэйгээ сайн харилцаж чаддаг хүмүүс гадаад бодлогын хувьд амжилттай байдаг. Мөн Гадаад бодлогын салбарт хувь хүний манлайлал чухал. Манай улсын гадаад бодлого дотоод бодлоготойгоо уялддаг. Бид дотроо сайн ярьж нэг дуу хоолойтой байх ёстой. Энэ асуудал дээр бид бүгд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Улс орны бодлого үүн дээр нэгдэх ёстой. Хөрш орны хэмжээнд аваад үзэхэд Гашуунсухайтын боомт дээр нүүрс ачсан машины цуваа 160 км болж байна. Энэ бол бидэнд ирж буй дохио. Үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг, эдийн засагт нөлөөлөх асуудал дээр төрийн бүх байгууллагууд нэгдэх ёстой. Нөгөө талаас олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Бяртай ЗГ бяртай сайд гэж байхгүй. Тиймээс таныг биедээ бус тархиндаа бяртай сайд байна гэдэгт итгэж байгаа. Үе үеийн Ерөнхийлөгч нар өөр өөрийн гэсэн гадаад бодлоготой байх гэж оролддог. Харин хувь хүний гадаад бодлого гэж байх ёсгүй. Зөвхөн Монгол Улсын гадаад бодлого л гэж байна гэдгийг үргэлж бодож ажиллах хэрэгтэй шүү. Өмнөх Ерөнхийлөгч нар гадаад улс оронд очоод өөрсдийн бодлогоо улсын бодлого хэмээн ярих нь олон байдгийг анхаараарай. Мөн оффшорын асуудлаа цэгцэлж нэрээ цэвэрлээрэй.

http://www.24tsag.mn/content/156019.shtml


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.