БАРИЛГЫН САЛБАР СЭХЭЭНЭЭС ГАРАХ УУ

olloo_mn_1508808592_barЭдийн засгийн байдал дээрдсэн ч барилгын салбар амь тариагаар гол зогоож байна. Өнгөрсөн жилүүдэд барилгууд найман хувийн зээлийн хүчээр урагшилж байв. Харин яг одоо бол таг зогсчихоод байна. Тоотой хэдэн барилгын компани арилжааны банктай харилцан тохиролцож гэрээ байгуулснаар  найман хувийн зээл гаргуулах боломжийг бүрдүүлж байгаа. Гэхдээ энэ нь тийм ч хүртээмжтэй биш. Ийм учраас барилгын салбарынхан хонгилын үзүүрт гэрэл асахыг хүлээж дахин нэг намрыг угтлаа. Уг нь хаврын улиралд идэвхждэг. Энэ жил зогсонги байдалтай байв.

Анх орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг 2013 оны зургадугаар сараас эхлэн тухайн үеийн Засгийн газар, Монголбанк хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрийн зорилго нь мэдээж орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгож, орон сууцны зээлийн эх үүсвэрийг хөрөнгийн захаас бүрдүүлэх, урт хугацаанд тогтвортой ажиллах бүтцийг бий болгон хүн амын орон сууцжуулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх явдал. Харин дараа нь  Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Хэдийгээр журам нь өөрчлөгдсөн ч орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл үргэлжилж байгааг Монголбанкнаас мэдэгдсэн юм. Гэхдээ найман хувийн зээл хүсэгч иргэд хүлээлтийн байдалд шилжээд байна. Үүнийг дагаад барилгын салбар хүлээлтийн байдалд шилжлээ.

Төв банкны Ерөнхийлөгчийн зүгээс “Ипотекийн хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ. ОУВС-гаас төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газар шилжүүлж авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Зөвлөмжийн дагуу 2018 оноос Засгийн газарт шилжүүлэхээр болж байна. Цаашид хөтөлбөрийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг дээр Дэлхийн банкнаас туслалцаа авч байна. Дэлхийн банкны туслалцаатайгаар энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй авч явах бололцоо бүрдэнэ” гэсэн.

Харин өчигдөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганаас зөвлөмж гаргасан. Зөвлөмжид “Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга нь барилгажилт гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 онд зогсоосон ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээл дээр бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх,  орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд гэр хорооллын айл өрхийг хамруулах, 30 хувийн урьдчилгааны асуудлыг тэдэнд ашигтайгаар зохицуулах” тухай заажээ.

Гэхдээ зөвлөмжийг хэзээнээс ажил хэрэг болгох нь тодорхойгүй байна. Ямартай ч Төрийн өндөрлөгүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран гаргаж буй энэ зөвлөмж итгэл төрүүлж байна.

П.Гоо
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих