Ард түмэн хэчнээн өөрчлөгдөн хувирлаа ч гэсэн түүний үндсэн шинж үл арилна

5655b1a54c7c0ff8fbc552318f07cf63МОНГОЛЧУУД

Чингис хааны их сүлд цагаан туг байжээ. Аян дайны байдалд авнив тохируулан их цагаан сүлдтэйгээ хамт арслан, хий морь, шонхор, бар зэрэг амьтны дүрстэй туг хиур хэрэглэдэг байв.

Монголчууд угаасаа цэнхэр өнгөнд дуртай, түүнийгээ ч алдаагүй, их хааныхаа сургаал зааврыг ч мартаагүй өдий хүрчээ. Тиймээс ч одоо хэр нь сануулж байдаг их хааны хуулийг хэн ч гэсэн дагаж мөрдвөл зохилтой санагдана. Хулгай хийсэн, хүн алсан; завхайрсан зэрэг бусад олон гэмт үйлдлийг гэсгээн цээрлүүлэх ял шийтгэлийн жагсаалт хууль тогтоомж бүхний хуудсанд одоо ч дурайж л байдаг. Түүнчлэн төрийн үйлс, ихэс дээдэст тавигдах шаардлага, улс орноо дэгжүүлэх тухай их хааны тогтоосон хууль цааз олон буй.

Чингис хаан хаад ноёдын бардам дээрэлхүү занг номхотгохын тулд сүржин их цол хэргэм хэрэглэхийг хориглосон байдаг. Гагцхүү бурханд итгэдэг нь л үнэн бол шашин шүтэх, үг хэлэх эрх чөлөөтэй байжээ. Шашны хэргэм зэрэгтэн, эмч нар олон нийтийн ажлаас чөлөөлөгдөнө. Тагнуулч, худлаа гэрчлэгч, илбэч, хээл хахууль авагч нар цаазлагдах ёстой байв. Гэр бүл болох тухайд гэвэл нэг, хоёрдугаар үеийн төрөл хүмүүс хоорондоо гэр бүл болох хориотой байв. Хүндэтгэх ёсыг эрхэмлэх үүднээс монгол хүнийг зарцаар ажиллуулахыг хориглосон байв. Чингис хаан хатуу ундааг хэрэглэх явдлыг янз бүрээр хязгаарлах, түүнийг огт бүү уугтун гэж уриалах зэргээр архидан согтуурах явдлын эсрэг шийдвэртэй тэмцэж байв. Түүнчлэн мухар сүсгийг арилгах, нүүдэлчин хүн амын дунд зочломтгой заншил дэлгэрүүлэх, их гүрний уудам нутаг дээгүүр зорчиход аюулгүй байдал хангах зорилготой заалтууд ч бий. Түүнчлэн айл өрхүүдийг аравт, зуут, мянгатад хуваагаад, нүүх нутаг бэлчээрийг ч тогтоожээ. Жингийн их замын дагуу өртөө байгуулж, харуул хамгаалалт тавьсан, нэг өдөрчийн газар болгонд өртөөний хэл буудал байгуулсан байв. Цэргийг аравт, зуут, мянгат, түмт гэж хуваажээ. Оногдсон байраа хаяж явсан аливаа дарга цаазлагдах ёстой.

Бидэнд уламжлагдан ирсэн бүх баримт сэлтээс үзэхэд Чингис хаан үнэхээр аугаа их удирдагч, бүтээн байгуулагч байжээ.

“Биднийг монголчуудаас ертөнцийн эзэн аврах болтугай” гэсэн бичиг эвдэрч сүйдсэн хотуудаас олддог байжээ. Данийн загасчид монголчуудьм довтолгооноос айгаад загас барихаар далайд гарахаа больсон байв. XIII зуунд Европт анх хүрсэн монголчуудын тухай тодорхойлолт ийм байв. “Хүмүүний баяр жаргалыг хэт удаан үргэлжлүүлэхгүйн тулд, ертөнцийн амар амгалан байдлыг “орилоон чарлаан” үгүйгээр дэндүү удаан байлгахгүйн тулд энэ жил (өөрөөр хэлбэл 1240 онд) жинхэнэ шулмасын үзэшгүй муухай үре, өөрөөр хэлбэл уул хадаар хүрээлэгдсэн бэлчээр нутгаасаа сад тавьсан тоо томшгүй олон татаар цэрэг айсуй. Газар дэлхийг дэвхрэг мэт бүрхсэн тэд Европын дорнод хэегийг аймшигтайгаар цөлмөн хоослоод, гал мэсийн хүчээр тэр нутгийг цөл болгон хувиргаж байна. Тэд хүний шинжгүй араатан төрхтэй, тэднийг хүн гэхээс илүү мангас гэвэл зохино. Тэд цусанд шунамхай, үүнийг согтотлоо сороод нохой, хүний махыг тасар татан зулгааж залгилна. Тэд бухын арьсан хувцастай, хавтгай төмөр зэвеэгтэй, бие намхан, бүдүүн, бахим чийрэг, бяралхаг, нүцгэн хэнхдэг цээжээ хөө хуягаар халхалсан тул ялагдашгүй. Мал сүргийнхээ халуун цусаар ундаална, адуу нь товир тарган, навч мөчир модыг ч мэрээд идчихнэ. Харин тэд богино хөлтэй учраас гурван гишгүүр дамжин том мориндоо мордоно… Тэдэнд хууль ёс гэж байхгүй, тохь тухтай орчин гэдгийг үл мэднэ. Арслан барсаас ч илүү догшин хэрцгий амьтад… Тэд хөгшид, хүүхэд, эр эм, эрхтэн дархтныг үл өршөөнө. Тэдэнтэй үг хэлээр оилголцох арга байхгүй. Тэд саяхан болтол нутаг орноосоо гадагш цухуйдаггүй байсан учраас тэдний хэлийг мэддэг хүн байхгүй, тэд ч бусдын хэлийг үл мэднэ. Ийм нөхцөлд хүн хүнтэйгээ харилцдаг ёсоор тэдний зан заншил, ёс журмыг мэдэх арга байхгүй. Тэд мал сүргээ дагаад, эхнэрээ дагуулаад энд тэндгүй тэнүүчилж явна. Эхнэрүүд нь ч гэсэн эрчүүдээсээ дутуугүй тулалдана. Чухам ийм л амьтад Христосын шашинтан бүхнийг гутаан доромж-лохоор замдаа тохиолдсон бүхнийг цөлмөн хоосолж, эвдлэн сүйтгэж, айлган сүрдүүлж, тохиолдсон бүхэнд хорсол зэвүүцэл төрүүлеээр аянга цахилгаан мэт хурдан айсуй” гэж Матью Парис бичсэн байдаг.

Монголчуудаас өөрсдөөс нь өмнө Европт хүрч айдас хүйдэс төрүүлсэн аймшигт мэдээ ийм байжээ. Хүмүүс “татаар” гэдэг нэг үгийг сонсоод л дагжин чичирч байв. Тэднийг бурхны цээрлэл хэмээн үзнэ. Хуучны зохиолчид тэднийг “Бурхны сорилт”, хумүүсийг залхаан цээрлүүлэхээр илгээгдсэн шулмасууд хэмээн нэрлэж байлаа.

Европ дахин монголчуудыг хүн хэмээн үзсэнгүй, тэдний өшөөтөн буюу ердийн дайсан байх нь нэр төрд харш, тэд бол ер бусын хачин амьтад гэж үзэн ядаж байв. Тэр цагт европ хүмүүс монголчууд нохой толгойтой, хүний махаар хооллодог гэдэгт үнэхээр итгэж байжээ. Европт татаарууд хүрч очихоос өмнө ийм аймшигт цуурхал туе тивийг нөмрөн авсан байлаа. Ийм цуурхлыг хэд дахин өсгөн, энэ бол хүн төрөлх-төнд учирч буй аюул хэмээн ухаарсан учраас жишээ нь Данийн загасчид монголчуудаас айгаад далайд гарахаа больсон байж шүү дээ.

Дорнодын алс хязгаарт ч, Өрнөдийн зах хязгаарт ч, Номхон далайн хөвөөгөөр ч, Хар тэнгисийн захаар ч иймэрхүү л байдал ажиглагдаж байлаа. Тэр үеийн Хятадын нэг түүхч “Хорвоо ертөнц бүтсэн цагаас нааш нэг ч үндэстэн одоогийн монголчууд шиг ийм хүчирхэг байгаагүй юм. Тэд бүхэл бүтэн улс гүрнийг өвс зулгаахаас хялбархан хядан дуусгаж байна. Үүнийг тэнгэр яагаад тэвчиж байна вэ” хэмээн дуу алдан бичсэн байдаг.

Өөр нэг зохиогч Ази болон Дорнод Европт монголчуудаас зөвшөөрөл аваагүй бол нохой ч хуцахгүй гэдэг алдартай хэллэгээр монголчуудын ноёрхлын нөлөөг тодорхойлсон байдаг. Бүх Азийг эзлээд Европын хаяанд тулж очсон Монголын байлдан дагуулалт нэн сүртэй болж ирсэн тул Европын эрх мэдэлтнүүд тулгарсан аюулаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохих талаар хоорондоо идэвхтэй зөвлөлдөх болов. Тэгээд энэхүү хүн урегалыг нэг ч улс ганцаараа тогтоон барьж үл чадах тул түүний эсрэг хамтран тэмцэхээр шийдвэрлэжээ. Аймшигт Монголчуудын довтолгооныг няцаах зорилгоор Ромын эзэн хаан  Фредерикийн Христосын шашин шүтдэг бүхэнд хандаж гаргасан уриалгаас өөр Европын том гүрнүүдийн дотор Монголын үй түмэн цэргийн төрүүлсэн аймшгийг илтгэн харуулдаг баримт бичиг байхгүй. Энэ бол “Байлдаанд орохдоо баатарлаг Герман, аймшиггүй зоригт дайчдыг бойжуулагч Франц, дайчин Испани, тэнгисийн цэрэг, хөлөг онгоцоороо хүчирхэг Англи, Крит, Сицили, зэрлэг Иберни (Ирланд), хүйтэн Норвег улсуудад хандаж алс холын Монголоос Европт хүрч ирсэн нүүдэлчид-байлдан дагуулагчдын эсрэг олон үндэстний загалмайтны аян дайн зохион байгуулахыг уриалсан” илгээлт бичиг юм шүү дээ.

Энэ илгээлт бичгээс авсан ишлэл 1240 онд Европыг нөмөрсөн “Монголын аймшиг”-ийг нэн тодорхой товойлгон харуулна. Эзэн хаан цааш бичсэн нь “Хатуу ширүүн уур амьегалтай нөхцөлд он удаан жил нуугдан оршиж байсан ертөнцийн зах хязгаар нутгаасаа сад тавин гарсан ард түмэн умар зүгийн орнууд руу довтлон орж, дэвхрэгийн нүүдэл мэтээр нөмрөн авчээ. Энэ догшин арьстан хаанаас татаар нэрээ авеныг хэн ч үл мэднэ. Гэвч нүгэл үйлдсэн хүмүүсийг залхаан цээрлүүлэх, тэр ч байтугай Христосын шашныг устгах зэвеэг болгон хэрэглэхээр ертөнцийн эзэн тэднийг эрт балар цагаас нааш хаацайлсаар ирсэн байж болох юм гэдэг нь маргаангүй юм. Энэ догшин, зэрлэг бүдүүлэг үндэстэнд хүн төрөлхтний хууль ёсны тухай мэдлэг өчүүхэн ч байхгүй. Гэвч тэдэнд газрын бурхан гэж нэрлэгдсэн удирдагч байх бөгөөд тэд түүнийхээ хэлеэн болгоныг сохроор дагаж мөрдөнө. Намхан, бахим чийрэг биетэй, тэвчээр хатуужил ихтэй, үнэнч шударга, удирдагчийнхаа өчүүхэн төдий дохио зангаагаар сэтгэшгүй их аюул руу далдиралгүй орох зоригтой хүмүүс. Царай дугуй, нүд онигор, дуу их. Тэдний хашгирах дуун зүрхэнд нь бургилан буй уур хилэнгийн охь гэлтэй. Шар, илжиг, адууны ширээр хийснээс өөр хувцас мэдэхгүй, хайш яйш хавтгай болгосон бүдүүлэг зурвас төмрөөс өөр зэвеэг тэдэнд саяхан болтол байсангүй. Гэвч тэд Христосын шашинтнаас дээрэмдэн авсан зэвеэг хэрэглэх болсныг би харамсан хэлэхээс өөр аргагүй болж байна. Бодвоос удахгүй ертөнцийн эзний уур хилэн бидэн дээр бууж ирэхэд тэр зэрлэгүүд манай зэр зэвсгээр биднийг шившигтэйгээр алж устгах нь байна шүү. Татарууд аргамаг сайхан хүлэг морьд унаж, амтат сайхан идээ зооглож, тансаг сайхан хувцас өмсөж явна, одоо. Тэд зүйрлэшгүй мэргэн харваачид гэнэ. Бас адуу нь өвс ногоо байхгүй бол модны мөчир, үндсийг хүртэл малтаж идээд юу ч болоогүй юм шиг тарган цатгалан хэвээрээ явдаг гэнэ.”

Европ дахин монголчуудыг ингэж үнэлжээ. Үүнээс хойш цаг хугацаа улиран өнгөрөх бүр үнэлэлт дүгнэлт өөрчлөгдөн, тодорхой болж иржээ. Жишээ нь, Тимур урьдын зөвхөн эвдлэн сүйтгэгч гэдэг үнэлэлтийн оронд Францын эрдэмтэн Груссээс шал өөр тодорхойлолт авсан байх юм. Тухайлбал, Тимур бол Иран-Энэтхэгийн их соёлын нөлөө, хатуужил тэвчээр хоёрыг хослуулж чадсанаараа Энэтхэг-Ираны Ертөнцийн хамгийн тод нэгэн болсон юм гэж Грусс бичсэн буй. Энэ ухаалаг эрдэмтэн барлас омгоос төрсен, Чингис хааны гуч хүүгийн тухай ийм тодорхойлолтыг бидэнд үлдээжээ.

Түүн лугаа дэлхий дахины олон удирдагч эхлээд яаран муулагдсанаа гэнэт шал өөр дүр төрхтэй болон хувирч байсан нь үнэн билээ. Оросын түүхэнд Догшин Иван, Их Петр нар ч тиим байгаагүй гэж үү.

Монголчуудын удам угсаа, салаа салбарын тухай үнэлэлт дүгнэлтийг Пруссын тодорхойлолтоор эхэлж, Плано Карпини Монголын хаадын урлаг, шинжлэх ухаанд анхаарал тавьдаг байсан тухай тэмдэглэлээр төгсгөж болох байна. Уг нь атгаг хэлтгий үзлээр түүнийг харгис хэрцгий дарангуйлагч гэх хандлага заримдаа гарч байсан нь мэдээж боловч эцэстээ их гүрнийг нэптэгч, соёлтой удирдагч гэсэн гэрэл гэгээтэй дүрслэл давамгайлах болсон бөгөөд Акбарын тухай тэр нааштай дүгнэлт дээр шинэ цагийн зохиол бүтээл шинэ үнэт дүгнэлт нэмсээр байна. Уг үндсээрээ шударга ардын билиг аугаа их эзэн хаан гэж дүрсэлдгийг Ариун хутагт хэмээн өөрчилсөн. Ийнхүү ард түмэн аугаа их хөвгүүдээ үеийн үед хүндэтгэн дээдэлсээр ирсэн болой.

Тухайн үеийн жуулчдын үлдээсэн монголчуудын тухай өөр тодорхойлолтууд байдгийг би мэднэ. Үнэтэй ч таатай ч олон мэдээлэл байдаг юм даг. Хүнийг энэрэхгүй, өөрийг үл ойшоон ойр дотныхондоо туслах тухай Бодисадва нарын бүх сургаал номлолыг агуулсан монгол ном судар олон байдгийг саная. Несториан шашны үеийг ч саная. Нэг үгээр хэлэхэд хүчирхэг, эрэлхэг хатуужилтай ард түмний амьдралд үнэхээр байсан бүхэн яавч мартагдахгүй нь лавтай.

Монгол орноор хөндлөн гулд аялан явахын зуур ямар сайхан мөчүүд тохиолдож байсныг бид дурсан санаж байдаг аа. Ринчен хэмээх монгол хүн элэгсэг дотно угтан мэндэлж байсныг би мартаагүй. Энэ буурал өвгөний хэлсэн “гэрэл харанхуйг гийгүүлнэ” гэдэг цогтой уг тун ч гүн утгатай билээ. Дээрэмчидтэй тулгарахад монголчууд эрэлхэг зоригтойгоо харуулдаг байсныг санаж байна. Сайн дураараа эрдэнэс хандивлан суварга босгож байсныг ч би мартаагүй.

Ийнхүү дурсан санах аваас маш олон зүйлийн тухай бичиж болох байна. Ард түмэн хэчнээн өөрчлөгдөн хувирлаа ч гэсэн түүний үндсэн шинж үл арилна. Бусад олон ард түмэн ч ийм байдгийг бид ажигладаг. Нөхцөл байдал өөрчлөгдөнө, жаргал зовлон ч ээлжлэн солигдоно, харин ард түмний сүнс сүлд л хэвээр байна. Ард түмний сүлд хийморийг эртний дуунаас, үлгэр домгоос олж үзэх болно. Ард түмний энэ мөнхийн ой дуртгалаас та бүхэн тун сайн тодорхойлолтыг олж үзэх болно.

Хэрвээ та бүхэн Монголын хаадын хуулийг мэддэг бол, хэрвээ энэ ард түмний баатарлаг туульсыг санаж байгаа бол тэр бүхэнд буурьтай, эрэлхэг, цагийн хувиралд ажирдаггүй тэвчээр хатуужлын үлгэр жишээ агуулагдаж байдгийг анзаарах байх. Хэрвээ өнгөрсөн цагийн тухай энэ бүх мэдэгдэхүүн тань орчин цагийн мэдээллийн урсгалд туугдан арилчихаагүй бол энх цагийн аж байдлаа цогцлуулан энэ ард түмэнд туслах хүсэл төрөхгүй гэж үү.

Урьд нэгэн цагт монголчууд цаг үеийн нөхцөл байдлын улмаас, бас сэтгэлгээний хөөрөлдөө автагдан алсын эрэлд мордсон хэрэг. Түвээний цаадах харгана сайхан” гэгчээр холын юм хорхой хөдөлгөдөг удаа бий. Харин орчин цагийн монголчууд өөрийн газар нутгийн баялагт анхаарлаа хандуулах цаг болжээ. Өөрийн гэснийгээ танин мэдэж, хувь заяагаар оногдсон бүхнийгээ үнэлж цэгнэж сурна гэдэг бол бас их гавьяа мэн.

Монгол гэгч орон “алсын алсад” оршдог тулдаа өөрийн дотоодын нөөц баялгийг ашиглаагүй өдий хүрч. Ашиглаагүй гэдэг бол үрэн таран хийж бараагүй гэсэн үг. Тийм учраас түмний анхаарал Монгол руу чиглэж байна. Харин тэр анхаарал нь сайн санааны найрсаг анхаарал байгаасай.

Өнөөх алдаатай цуурхлаас үүдсэн “Монголчуудаас-биднийг ертөнцийн эзэн аврах болтугай” гэж одоо хэн ч залбирахгүй, харин гүнзгий сэтгэдэг хүн бүхэн энэ ард түмний энхийн сэргэн мандалд чин сэтгэлээсээ талархаж байгаа нь лавтай. Шамбалын хаан Рэгдэнжав хөлөг морио унаад давхиж явна. (1927 онд Улаанбаатарт байхдаа бүтээгээд Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн “Улаан хүлэгт баатар” гэдэг уран зургийнхаа баатрыг хэлсэн бололтой. Энэ зураг нь одоо Дүрслэх урлагийн музейд бий) 1927 онд надад үзэгдсэн энэ Их ламыг монголчууд үл умартана. Туүнээс гадна “Нар гарах зүгт орших, сүхээр цавчсан ч үл арилах бичигтэй бичигт цагаан чулууны тухай” Молон тойны зөгнөн хэлсэн үг ч биелэх нь лавтай.

Н.К.РЕРИХ 1935 оны хоёрдугаар сарын 22. Бээжин
Орчуулсан Д.Бадамням


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.