Өнгөрсөн жилийн 500 мянгыг гүйцээн олгож байгаа

Өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсын дотоодын их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгож байгаа.

Харин энэ жилээс эхлэн оройн ангийн оюутнуудад 500 мянган төгрөг олгохоор болсон. Гэвч сүүлийн үед төр энэ амлалтаасаа буцаж байгаа сураг гарах боллоо. Түүнчлэн оройн ангид сурч буй оюутнууд бидний төлбөрт өгөх 500 мянга юу болов хэмээх болсон. Учир нь зарим их, дээд сургуулийн оюутнуудад 500 мянгыг олгоод эхэлжээ. Энэ тухай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Н.Алтансувдаас тодрууллаа.

-Оройн ангийн оюутнуудад 500 мянган төгрөг олгохгүй гэсэн сураг байна. Энэ үнэн үү?

-Он гаргаад олгоно. Одоо өдрийн, оройн ангийн аль ч ангийн оюутнуудад 500 мянган төгрөгийг олгож эхлээгүй. Шинэ он гарсны дараа олгоно гэдгийг тухайн үед хангалттай мэдээлж байсан.

-Тэгвэл зарим их, дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнуудад 500 мянгыг олгож байгаа гэх юм?
-Өнгөрсөн жил зарим их, дээд сургуулиудын оюутнуудад 500 мянган төгрөгийг олгож амжаагүй байсан юм. Түүнийг үргэлжлүүлэн олгож байгаа. Түүнийг иргэд энэ жилийн 500 мянган төгрөгөө олгож байна гэж андуурсан байх. Түүнээс биш энэ жилийн 500 мянган төгрөгийг олгож эхлээгүй байгаа шүү дээ.

-Өнгөрсөн жилийн 500 мянган төгрөгийг хэчнээн оюутанд олгоогүй байсан юм бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд 4000 орчим оюутанд дээрх мөнгийг олгоогүй байсан. Одоогоор 2000 орчим оюутанд нь 500 мянган төгрөгийг олгоод байна. Үлдсэн оюутнуудын мөнгийг он гарахаас өмнө олгоод дуусна.

-Сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийн үлдсэн хэсгийг яг хэзээ олгох вэ, сургуулиуд энэ талаар огт мэдээлэлгүй байна?
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас уг мөнгийг хуваарийн дагуу Сургалтын төрийн санд төвлөрүүлэх болно. Өнгөрсөн жил Сангийн яамнаас энэ мөнгийг хоёр хувааж санд төвлөрүүлж байсан. Энэ жил ч гэсэн энэ шугамаараа олгох байх.

-Зарим оюутны материал дутуу байдаг. Тэдний төлбөрийг Сургалтын төрийн санд байршуулах болов уу?

-Санхүүжилтийг нийт оюутнуудын тоогоор баталсан. Алдаа, дутагдлыг засч байгаа. Оюутнуудын материалд ихэвчлэн регистрийн дугаар буруу бичих, тоо зөрөх алдаа гардаг. Ялангуяа өргөдөл гаргахдаа эцэг, эх нь хүүхдийнхээ сургуулийн нэрийг буруу бичсэн тохиолдол их байна. Оройн ангийн оюутнууд иймэрхүү зүйл дээр нэлээд будилж байгаа. Тиймээс анхаарах хэрэгтэй.

Д.Сүхбаатар


URL:

Сэтгэгдэл бичих