Ц.Нямдорж twitter-чин дэд сайдтай хамтран ажиллах уу?

69c89b49abd036ab2e78a562bbd67c14Цэндийн Нямдорж Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаар томилогдоод удаагүй байна. Гэсэн ч энэ богинохон хугацаанд ЦЕГ-ын даргыг өөрчилж, ТЕГ-ын даргыг солиулна гэдгээ амлаж, бүлэглэлтэй тэмцэнэ гэдгээ зарлаад буй. Үүнтэй зэрэгцэн МАН-ын лидерүүдийн дунд Ц.Нямдорж хэнийг дэд сайдаараа урьж, хамтран ажиллах бол? гэсэн асуулт тавигдаад байгаа аж. Учир нь Ц.Нямдорж Хууль Зүй, Дотоод Хэргийн Дэд сайд Б.Энхбаярт ихэд шүүмжлэлтэй ханддаг юм.

2016 оны 12 сарын 08-нд УИХ- аар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр энэ нь тод илэрсэн билээ. Уг хуулийн ажлын хэсэгт Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаяр багтаж, голлох ажлыг нь хийсэн.

Гэтэл энэ үеэр Ц.Нямдорж  үг хэлэхдээ :

” Б.Энхбаяр аа, чи ийм муу хууль барьчихаад, юундаа биеэ өмөөрдөг юм. Хуулиа аваад яв…

…Б.Энхбаяр хууль бичихийн зовлонгоор дайраагүй хүн. Хуучин хүмүүсээ буцааж ажлыг нь хийлгэ. Та нар залхуураад байна. Одоо танай яаманд дандаа шинэ хүмүүс очсон байна лээ. Шинэ хүмүүс чинь 2-3 жил нухлагдаж байж, жаахан дөртэй болно…

…Хуульзүйн байнгын хорооны хурлаар оффшор бүс гэдгээ тодорхойлох, энэ асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтай хамаагүй, гэр бүлийн гишүүд оффшорт мөнгө хадгалсан бол мэдүүлэг гаргуулах гэсэн ерөнхий рамыг нь гаргасан. Одоо оффшорт мөнгө нуухыг хамгаалдаг хүмүүсээс болоод Хуульзүйн яам ялагдчихлаа гээд хэрүүл үүсгээд байх юм.

Дэд сайд нар твиттерээр элдэв зүйл жиргэхийн оронд хуулийн ганц хоёр зүйл сурвал яасан юм бэ. Нэг хуудас хуулийн төслийг дөрвөн хуудас болгож УИХ батална гэж юу байх вэ? Асуудалд ингэж хандаж болохгүй. УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлсэний төлөө дутуу ажилласан Засгийн хүмүүс ялын дүгнэлт бичиж болохгүй. Хуулийг тархиндаа бясалгал хийж байж бичдэг юм. Санал гаргасных нь төлөө шүүмжлээд байх хэрэггүй.

Үндсэн хуулийн гэм буруу гэдэг чинь эрүүгийн хэрэг гэсэн үг. Энд гэм буруу, эрүүгийн хэргийн асуудал яриагүй. Амьдрал дээр өөрийнхөө нэр дээр биш үр хүүхдийнхээ нэр дээр бүртгүүлсэн зүйл яваад л байна. Дутуу зүйлийг Их хурлаа гарга гэж шахахын оронд би яагаад дутуу зүйл хийчих вэ гэж бодох хэрэгтэй…” гэж байлаа. Ийнхүү Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хэдхэн сарын өмнө мэргэжлийн ур чадварыг нь шүүмжилж байсан  “twitter-чин дэд сайдтайгаа” хамтран ажиллах эсэх нь тус яамны хамт олонд ч сонирхолтой байх биз ээ.

 

П.Энхмандах

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих