Коксжих нүүрсээ 70 ам.доллараар үнэлсэн учраа тайлбарлаач

Санаа зовох, шийдэх асуудал өдөр тутамд өрх бүрт байдаг ч заримыг нь түр ч атугай зориуд мартаж, амьдралдаа амсхийх хугацаа өгдөг, зун цагаар…

Монголчууд нүүрс түлээ, утаа угаарыг “зориуд” мартчихаад байсан долдугаар сард “Эрдэнэс МGL” компани БНХАУ-ын “Чайналько” компанитай Тавантолгойн нүүрсийг борлуулах гэрээ хийсэн юм. “Чайналько” компани гурван жилийн хугацаанд Тавантолгойн коксжик нүүрсийг худалдан авна, үүний урьдчилгаанд 250 сая ам.долларыг Монголын талд өгөх боллоо гэсэн баярт мэдээг улстөрчид алга ташилттайгаар дамжуулсан. Харин нүүрсний тонн тутмын үнийг хэдээр тооцож гэрээ хийж буйг, хил даваад хэдий хэр үнэтэй байгааг олон нийт төдий л сонирхоогүй байх.

Харин энэ гэрээний хүрээнд 15 сая тонн нүүрс нийлүүлэхээр яригдсан байна. Хэдхэн хоногийн өмнө нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар борлуулахаар гэрээнд тусгасныг “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал нотлоод энэ үнийг тодорхой хугацаанд л мөрдөнө гэж хэллээ. Тодруулбал, хэдхэн сар мөрдөх үнэ гэв. Чухам хэдэн сар?

Хүрэн нүүрс долоо хоногийн өмнө Өвөрмонголын зах зээлд л гэхэд тонн нь 108 ам.доллар, Монголоос экспортод гаргаж буй нүүрсний үнэ 118 ам.доллар байв. Зөрүү нь 40 хүртэл ам.доллар. Тавантолгойн нүүрсийг эцсийн хэрэглэгч буюу Япон, Солонгосын хэрэглэгчдэд “Чайналько” хүргэж өгч байгаад таатай байна гэж ТӨХ-ны дарга Д.Сугар гэрээ байгуулах үеэр хэвлэлийнхэнд мэдээлж байж. Энэ үнэн бол Япон, Солонгосын зах зээлд коксжих нүүрсний үнэ тонн 300-400 ам.доллар байна. Зөрүү нь хэд вэ?

Үнэхээр дээрх гэрээг байгуулсан эрх мэдэлтнүүд /энэ нь лав Л.Энэбиш биш/ Тавантолгойн нүүрсийг зах зээлийн үнээс хямдаар тогтоож, үнийн зөрүүг завшиж байна уу гэдэг маш ноцтой асуудал. Энэ асуудлын үнэн худлыг тогтоох нь Засгийн газар цаашид орших, үгүйг хэлэлцэхэд хүргэх маш том шалтгаан юм. Тэр тусмаа Засгийн газрын нэгэн гишүүн нь дээрх мэдэгдлийг хийнэ гэдэг хариуцлагатай алхам, үүний мөрөөр асуудлыг юутай ч хэлэлцэх ёстой байх. Мэдэгдэл худлаа бол хариуцлагыг тухайн гишүүн, үнэн бол өөр хэн нэг этгээд хариуцлага хүлээх учиртай. Эндээс л өнөөгийн эрхбаригчид, улстөрчдийн ёс суртахуун мэдрэгдэнэ гэж нэг долоо хоног, хоёр долоо харав. Холбогдох этгээдүүд энэ асуудлыг хөндсөнгүй, өдөр тутмын улс төрийн хэрүүл мэтээр хэнэггүй, хайнгадуухан хүлээж авав.

Гэрээний болон зах зээлийн үнийн зөрүү хэн нэгний халаас руу ордоггүй юм гэхэд хий алдагдал болдог бол бас л хайран. Энэ утгаар нь ч авч үзсэн хэлэлцэх ёстой, олон нийтэд тайлбар өгөх учиртай асуудал байх. Уг нь Тавантолгойн нэг адил стратегийн ордуудаас олох баялгийн зарцуулалт, хуваарилалтыг төрийн нэр дор хэдхэн хүн шийддэг биш ард түмнээрээ хянах нь зүйтэй гэж үзсэн учраас иргэн бүрт хувьцаа олгох асуудал хуульчлагдсан.

Гэтэл Тавантолгойн баялгийг хянах, шийдвэрт нөлөөлөх боломж өнөө хэр иргэдийн гарт ирээгүй байна. Тийм эрх мэдэл цаашид ч иргэдэд олдох найдвар муу биз. Тэр тусмаа энэ байдлыг далимдуулан эрх мэдэлд ойр байгаа хэсэг нь баялгаас хууль бусаар хувь хүртэж байна уу гэх хардлага цаашид ч үргэлжилнэ. Ийм учраас Тавантолгойн нүүрсний гэрээний үнэ энэ удаад хамгийн чухал асуудал юм.

Өнөөдөр Налайхын нүүрс газар дээрээ 80 мянган төгрөг, нийслэлд оруулж ирээд зарахад 15-160 мянган төгрөгийн ханштай байна. Энэ нүүрс нийслэлчүүдийн дийлэнхийнх нь дулааны гол эх үүсвэр. Харин коксжих нүүрс нь гангийн үйлдвэрийн гол түүхий эд. Ганг хайлуулах өндөр температурыг коксжих нүүрсээс өөр түлшнээс гаргаж чадахгүй. Тэгэхээр Тавантолгойн коксжих нүүрсний хэрэглэгч, үйлдвэрлэгчид түүхий эдээ өнөөдөр хүрэн нүүрс түлж дулаацдаг Улаанбаатарын гэр хорооллынхонтой яг ижил үнээр авч байна гэсэн үг.

Үнэхээр ийм байдлаар гэрээ хийсэн бол Монголын эрх ашгийг төлөөлөгчид гэнэн, хариуцлагагүй хүмүүс болж таарна. Хэрэв тэндээс зөрүү ашиг унагааж байгаа бол хууль бус, гэмт хэрэгтнүүд байж таарна. Юутай ч 70 ам.долларын гэрээ хэдхэн сар л мөрдөгдөнө гэсэн тайлбарыг бусдын амаар хэвлэлийнхнээр дайлгаад хэл үг үүсгэхгүй дараад өнгөрөх гэж байгаа бол хэтэрхий хариуцлагагүй явдал. Ядаад 70 ам.долларын үнийг ямар үндэслэлээр тогтоосон, хэдий хугацаанд мөрдөх вэ гэдгээ Засгийн газар албан ёсоор тайлбарлах хэрэгтэй.

Хамтарсан Засгийн газарт МАН, АН нэгдсэнээр Оюутолгой, Тавантолгойг ашиглалтад оруулах асуудлыг урагшлуулсан нь үнэн. Гэхдээ нийтийн гэхээс илүү нэг хэсгийн явцуу эрх ашгийн сонирхол үүний цаана агуулагдах байдлаар ажил нь урагшилж байгаа бол харамсалтай. Энэ хардлагад хариу өгөхгүйгээр цааш явбал нийгэмд хагарал үүсэх аюул ч ойрхон байгаа…

Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам орсноороо адаглаад “хүний хөнжилд хэвтсэн” нэр хоч зүүж, өөртөө эрсдэл хүлээсэн нь үнэн. Энэ эрсдлийн үнэ цэн нь нийгэмд бүрэлдэж эхэлсэн тогтвортой байдал учраас Ардчилсан намд талархах ч ёстой биз. Тавантолгойн нүүрсний гэрээтэй холбоотой мэдэгдлийг хийсэн Х.Баттулгыг буруутгасан байр суурийг намын дарга нь илэрхийлсэн. Түүний хувьд тэрхүү мэдээллийг цацах өөр бусад сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ хүн бүрт өөрийн эрх ашиг, өөрийн мөрөөдөл, төлөвлөгөө байдаг. Монгол хүн бүрийн тэрхүү мөрөөдөл биелэх, эрх ашиг хангагдах тайван ирээдүй, улс орны тогтвортой байдал хамгаас чухал гэдэг нь үнэн. Гэвч тогтвортой байдлыг яаж хангах вэ гэдэгт асуудлын учир бий. Нийгмийн баялгийн хуваарилалт хамгийн эмзэг сэдэв болж, улс үндэстний тайван, тогтвортой байдлын эх үндэс нь болж байна. Баялгийн хуваарилалтаас үүдэлтэй зөрчил, хувьсгал дэлхийн нөгөө бөөрөнд өрнөж байна. Дэлхийд нөгөө тал гэдэг ойлголт байхгүй болтлоо хавтгайрсан гээ биз дээ.  Асуудал эмзэг байх тусам түүнд хариуцлагатай хандах учиртайг л эрх мэдэлтнүүдэд сануулах гэсэн юм.

З.Боргилмаа
Эх сурвалж: “Ардын эрх” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих