УУЛ УУРХАЙГААС Л ХОЛ ЯВ, САЙД НАР АА

olloo_mn_1509414993_hurelbatarҮүнийг У.Хүрэлсүхийн танхимын сайд нарт өгөх зөвлөгөө гэж ойлгож болно. Учир нь түүний Засгийн газрын анхны хуралдаан энэ асуудлаас болж хэрэлдэж талцаад эхэлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АМГТГ-ыг Сангийн яамны мэдэлд авах санал оруулсан нь хэрүүл тэмцэлд хүргэсэн юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар аварга энэ саналыг хамгийн ихээр эсэргүүцсэн. Улмаар тэдний хэрүүл Төрийн ордны хонгилд үргэлжилж золтой л барилцаж авалгүй салсан дуулдсан. Тухайн үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Энэ яамаа зүгээр л Геодези, зураг зүйн яам гээд нэрлэчих” гэж адарсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр бичигдэж байна.

Уг нь АМГТГ нь УУХҮЯ-ны мэдэлд байдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг билээ. Мэдээж энэ газар ихээхэн хэл ам таталдаг. Тиймээс ч Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд шахам АМГТГ-т ажилласан байдаг. Тэрбээр энэ үеэрээ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоохыг үүрэг болгосон байдаг. Ер нь АМГТГ-аас зохион байгуулдаг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаар олгох ажиллагаа нь байнга бүтэлгүйтдэг болоод байгаа. Ганцхан жишээ дурьдахад. АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарыг өнгөрсөн наймдугаар сарын 11-ний баасан гарагийн 9:00 цагт цахимаар олгох тушаалыг гаргасан байдаг. Үүнд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг 2017 оны наймдугаар сарын 14-нөөс бүртгүүлсэн дугаарын дагуу хүлээж авна гэж заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжүүд наймдугаар сарын 11-ний өглөөний 9:00 цаг гэхэд цахим бүртгэлд нэгэн зэрэг хандаж, аль түрүүлсэн нь хүссэн тусгай зөвшөөрлийнхөө өргөдлийг давуу эрхтэйгээр өгөх бололцоотой болох байсан юм.

Б.Баатарцогт даргын энэ тушаалын дагуу 11-ний өглөө өргөдлийн дугаар олгох цахим бүртгэл болж. Энэ бүртгэлд 5000 шахам аж ахуйн нэгж оролцсон байгаа юм. Гэвч АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 11-нд дахин тушаал гаргаж, өмнөх тушаалаа хүчингүй болгосон байдаг. Ингэхдээ “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг техникийн саатлын улмаас хүчингүй болгосонтой холбогдуулан 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож байна” гэсэн байдаг. Ийм маягаар дугаар олгох үйл ажиллагаа яаж ийгээд л тасалддаг болчихсон. Энэ бүхний эцэст бүртгэлд оролцсон аж ахуйн нэгжүүд эсэргүүцсэн боловч үр дүнд хүрэлгүй өнгөрсөн талаар хэвлэлүүд олонтаа онцолж байсан ч үүнийг нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд ойшоож үзээгүй. Ийнхүү АМГТГ-ыг Сангийн яаманд нэгтгэхээр лобби хийж байгаа нь цаанаа асар их мөнгөн дүнтэй томоохон луйвар явагдаж байгаагийн илрэл гэдгийг ард иргэд, аж ахуйн нэгжүүд сайтар ойлгож байгаа нь тодорхой.

Өөрөөр хэлбэл, тус газрыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яамныхаа харьяанд авахаар зүтгүүлж эхэлсэн нь Сангийн яамны санхүүг АМГТГ-ын орлогоор нэмэдүүлэх гэсэн далд санаа, ил цагаандаа гарсасн үйлдэл гэж ч ойлгож болох юм. Тэд АМГТГ-ыг гартаа оруулахын тулд элдэв татвар хураамж авдаг гэсэн үндэслэл ярьж байгаа нь хэт өрөөсгөл ойлголт мөн. Юутай ч Сангийн яаманд АМГТГ маш их хэрэгтэй болсныг сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газартаа яриад, ятгаад сууж байгаа нь анхаарал татаж байна.

Тэгвэл өчигдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр бас л уул уурхайтай холбоотой асуудал яригджээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ЗГХЭГ дээр уул уурхайн асуудал төвлөрдөг байдлыг хатуу шүүмжилжээ. Тухайлбал “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “толгой”-г ЗГХЭГ мэддэг нь буруу гэж. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад чиглэж ажилладаг.
Өнөөдрийн байдлаар энэ компани “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байгаа юм. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Ер нь бол уул уурхайн асуудлаа хариуцсан салбарын яам нь мэдэж, хариуцах ёстой гэдэг дээр энэ УИХ-ын гишүүд байр сууриа нэгтгэхээр болж байна. Тэгэхгүй бол зарим нь сайд болонгуутаа энэ салбар руу гар хуруугаа дүрж эхэлсэн нь гишүүдэд анзаарагдсан бололтой юм. Нөгөөтэйгүүр ЗГХЭГ хэмээх 100 гаруй хүнтэй бүтцийн голлож ажилладаг салбар нь уул уурхай болчихсон. Тэднийг энэ салбараас хол байлгахгүй бол уул уурхайн компаниудын ажилд хэт оролцож, улмаар засгаа татаж унагадаг байдал давтагдахыг үгүйсгэх аргагүй юм. Шуудхан хэлэхэд ийм байдлаар нүүрсний гэрээнд хүртэл оролцоод хууль хяналтын байгууллагын хараанд өртсөн асуудал “халуун”-аараа байгааг бодох хэрэгтэй. Тиймээс дахин хэлье. Уул уурхайгаас л хол яв, сайд нар аа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч уул уурхайтай зууралдаж нэмэгдэл ашиг харж эхлээд байгаа сайд нараа анхааралдаа авахад илүүдэхгүй л болов уу.

Өглөөний сонин
Р.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.