МАН-д төвөөс зугтах хүч үйлчлээд байна

12513

МАН-ын ахмад ажилтан Ц.ЯДАМСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Би тантай МАН-ын анхан шатны байгууллагын ажлын талаар ярилцах гэсэн юм. Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулна уу?

-Би сум, дүүргийн засаг захиргааны нэгжид 48 жил, МАН- ын НАШБ-д 26 жил идэвхтэн сонгуультан, намын үүрийн даргын сонгуульт ажил хийсэн. Одоо хамт олныхоо итгэлээр нийслэлийн нэгэн хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байна. Сэтгүүлч, хуульч мэргэжилтэй. Нийгмийн тал бүрийн асуудалд идэвхтэй оролцож залуу үеэ нийгмийн зөв хандлагатай хөдөлгөгч хүч болоход нь туслах, нөгөө талаар тэдэнд эх орны түүхэн хүмүүсийн бахархалт үнэнийг мэдрүүлж ойлгуулах чиглэлээр ажиллаж байна. Үүний хүрээнд “Баруун Монголын эх орончдын түүхийг мэдэхүй” сэдвээр Чингүнжав, Галданбошигт, Амарсанаа, Ойрадын төгс буянт Далай хаан Түмэндэлгэржав, Ю.Цэдэнбал судлалд анхаарч ажиллаж байна.

-Та сонирхолтой судалгааны бүтээл дээр ажиллаж байгаа юм байна. Бидний эргэн тойрон дахь улс төрийн амьдралын талаарх таны бодлыг асууж ярилцлагаа үргэлжлүүлье?

-Улс төрийн “замбараагүй” үйлчлэл түгэн дэлгэрлээ гэж харамсч байна. Миний энэ үгэнд үгүйсгэл буюу хэтрүүлэг огтхон ч байхгүй. Ахмад үеэ залуус нь ад үзэж, хэлсэн үг, хийсэн үйлсийг нь үл тоомсорлон хуучны үлдэгдэл гэх болсон нь сэтгэл зүйн зөрчил гэлтэй. Энэ бол өнөө цагийн улс төрийн сүүдэрт туссан том гамшиг юм. Монголын нийгэм ийм зах замбараагүй, хэтэрхий өөрчлөлт шинэчлэлд яарч, тэр их сандрал, тэвдэлтээ ардчилал гэх үгэнд шингээн шигтгэж, бухимдлын мананд сааралтаж байна бус уу. Үүнийгээ бидний залуу үе хэт зөвтгөх шинжтэй нь бүр ч том эмгэнэл. Улс төрийг түүхэн үүднээс үзвэл 1917 оны Орос оронд өрнөсөн Октябрийн, 1930-аад оны сүүлчээр болсон Гитлерийн гэнэтийн довтолгооны хор уршгаас ч долоон дор гээд хэлчихэд буруудахгүй. 1921 оны Ардын хувьсгалыг бидний ахмад үеийнхэн өрнүүлэхдээ ч ийм бурангуй гай авчраагүй шүү. Албан тушаалд хэт дулдуйдсан хуульгүй шахам олон намыг үүсгэн бүртгэж, олон ургальч үзэл гэгчээр дэвэргэсэн бурангуй гэмээр турхиралтаар үүссэн үзэл бодлын зөрчил талцлын илрэл гэж би хувьдаа үздэг. Ийм хачин гэмээр улс төр Монголд нэвчиж, улсын нийгэм эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд бүхий л салбарт хүчтэй нөлөөлж байна. Миний үг хэтэрхий хатуу ч үнэнийг хэллээ. Энэ учир утгаа алдсан унхиа дорой улс төрийг цэгцлэн цэвэр бодлоготой, зөв шийдэлтэй нийгэм болгох аргын дээд нь монгол төрийн өнөөгийн тогтолцоог зөв голдиролд оруулахад хууль эрх зүйн зөв хандлага тогтоох явдал юм.

-Улс төрийн зөв цаг үеийг авч ирэх ардын нарийн арга гэдгээ та хэлж өгнө үү?

-Монгол минь дээр доргүй мунгинаж суугаад, хажуугаар нь цахим техникийн үсрэнгүй хөгжил залуу үеийг хордуулж хүмүүсийн оюун орчин хоёр дасан зохицох шинжтэй болсонд хамаг учир байна. Улс төрийн маш зөв, зөөлөн монгол хүний сэтгэл зүй, амьдрал гэр бүл, нийгмийн амьдралын цаг уурт тохирсон тийм улс төрөөр удирдуулахын урьдач нөхцөлийг бүрдүүлэх, бүрдүүлэх гэсэнд нь халгаатай хатуу хандаад байгаад л хамаг учир оршоод болж өгөхгүй байна гэсэн дүгнэлт хэлмээр байна. Юуны урд улс төрийг улс орноо авч явах хамгийн зөв зэвсэг гэж үзэх үзлийг эхлээд нийгэмд төлөвшүүлэх нь сайн улс төрийн бодлогын дээд нөхцөл. Тиймээс эхлээд Монгол Улс, монгол хүн нэг амьсгалтай болмоор байна. Нэг амьсгал гэдэг нь эв нэгдлийн зарчим юм. Эв нэгдлийн зарчмаа тунхаглаад төрийн одоогийн нүсэр, “өөрийгөө иддэг” тогтолцоог маш хурдан солих шаардлага зүй ёсных юм. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэрээр дэлхийн том гүрнүүдийн баруунжсан загвар хуулиар явж өнгөрсөн 27 жилийг бидний цөөн монголчуудад сэтгэл зүй, ёс горим, өв уламжлал, гал голомт, өрх гэр бүл, зан заншилд тохирохгүй гэдгийг бидэнд харуулсан. Тэгвэл эв нэгдэл, зөвшилцлөө урьтал болгоод хүчтэй засаглалтай, цөөн чанартай бүрэлдэхүүнтэй парламентын эрх зүйт төрийг бий болгож иргэн төр газар нутгийн харилцааны эрх үүргийн нэгдлийн тэнцвэрт байдлыг гүнээ хүндэтгэсэн хуультай орон болбоос бид хөгжинө, бэхэжнэ, мандана.

-Сонгуульд ялагдахад намын анхан шатны байгууллагын ажлын алдаа их нөлөөлсөн гэсэн. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу?

-Би МАН-ын НАШБ-ын үүрийн даргаар 20 жил ажилласан. 1992- 2016 оны хооронд 24 жил болсон нөхөн, дахин сонгуулиудад миний ажилласан сонгуульт намын үүр, хороо огт ялагдаагүй. Үүнийг хэлэхдээ би гайхалтай мундаг сайн гэдгээ хэлэх гээгүй. Аливаа намын НАШБ-ын бүрдсэн тогтсон баг, бас бүтээж хийсэн ажил нь, мөн олон түмний төлөө хийсэн бүтээсэн бодит зүйл гэж гурван хүчин зүйл хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, сэтгэлд хүрсэн байх ёстой. Тиймээс миний сонгогдон ажиллаж байсан Баянзүрх дүүргийн II хороо Дарь-Эх МАН-ын XXI үүр, Сүхбаатар дүүргийн Бэлхийн XVIII хорооны МАН-ын 131 дүгээр үүрийг би зориуд тэмдэглэн дурдъя. Энд ялагдал огт байгаагүй нь миний дээр хэлсэн гурван хүчин зүйлийг багаараа бүрдүүлж чадсанд оршино. Тэгвэл өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн үүр хорооны ажил нь жигд байж чадсангүй. Ухуулагч, шадар туслахаа зөв хүнээр, зөв бэлтгэж зохион байгуулалтад оруулан ажиллаагүй. Бүр ноцтой нь одоогийн үүрийн дарга нар орчин цагийн ямар ч мэдээг мэдээлэл тооцоо судалгаагүй хүнээ, гудамж байршлаа бараг мэдэхгүй ажилласан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Бүрдүүлсэн баг нь мөнгөний төлөө явлаа. Хүнд тайлбарлан таниулж, ятган үнэмшүүлэх урлаг эзэмшээгүй, мөн л танилаараа багаа бүрдүүлж, өөрөө олонд танигдаагүй хүн тэднийг бараг танихгүй, газар нутгийн онцлогийг мэдэхгүй, тийм багаар ажилласан нэртэй оромдсоны гор гарч ялагдсан гэж шууд хэлье. Тийм болохоор ялагдлын шалтгааны тал хувь нь туршлага дулимаг, албан тушаал нүдэнд нь харагдсан, дүр эсгэсэн бидний хойч үе. НАШБ-ын залуу удирдагчдын буруутай үйл ажиллагаа гэж хэлэх хэрэгтэй юм.

-Тэгвэл үүнийг хэрхэн зохицуулах, өөрчлөх ёстой вэ?

-Мөн л шүүмжлэлтэй хандаж хэлэх байна. МАН-д сэтгэхүйн хурд их дутагдалтай байна. Ийм том итгэл хүлээлгээд, өөрийн сайн тал, туршлага дээрээ түшиглэн хүний нөөцийн сонголтод маш их алддаг. Энэ нь улс төрийн утга учиргүй тулгалтад орж, мэдлэг туршлага хангалтгүй, танил талын хүрээлэлд улс төрийн ажлаа хийдэг нь том алдаа. МАН-д шуудхан хэлэхэд бие эрүүл, ухаан туршлага дүүрэн ахимаг нөхдөөсөө хар аяндаа төвөөс зугтах хүч үйлчилж байгаа нь намын хүний нөөцийн урьдач хүчний доод ундарга болсон хүнээсээ салж зай барих нь ихэссэний уршиг ялагдлын нэг нөхцөл болж байна. Ганц ялагдал ч гэлтгүй, төрийн болон засаг, нам улс төрийн бүхий л шатны ажилд саад тотгор болоод байна гэж боддог. Юм л бол огцролт, устгалын бодлогыг эхэнд тавиад байна. Тогтвортой намын үүр, хороо чадвартай удирдагч хурдтай эвсэг, зарчимч бодлого дутмаг байна. МАН дуртай ч, дургүй ч Их, Бага хурлаа хийнэ. Их хурлаас урьтаж нийслэлийн МАН-ын хэмжээнд дүүргүүдийн намын хороог хороодын МАН-ын үүрүүдийн бүтэц зохион байгуулалтыг авч үзэж цэгцлэн, зохион байгуулж өөрчлөхгүйгээр шинэ байгуулагдах намын бага хурал, МАН-ын ээлжит Их хурлаас шинэчлэлийн салхи сэвэлзэхгүй яг хуучин бахь байдгаараа тулгаа тойроод өнгөрнө шүү гэж хэлье. Хүний үгийг сонсч дүгнэлт хийдэг удирдагч бас хэрэгтэй. Энэ нь МАН-д сайн зүйлийг авчирна.

Э.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих