Ирэх оны улсын төсвийн 101.5 тэрбум төгрөг МАН-ын сонгуулийн амлалтад зарцуулагдана

2016 оны УИХ-ын сонгуульд олонх болж, 65 суудал авсан МАН-ын амлалт ажил хэрэг болж хөрсөн дээр буухыг ард түмэн хүлээж сууна. Тэд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсноосоо хойш өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийж, хэлсэн амалсанаа хэрэгжүүлсэнгүй. Үүнийг өөрсдөө ч хэдэнтэй хэлж, 2020 оны сонгуульд намаараа лааз өшиглөхгүйн тулд дангаараа бүрдүүлсэн Мэргэжлийн Засгийн газраа хүртэл огцруулаад авсан.
12538

Тэгвэл МАН-ынхан ирэх оны нэгнээс амлалтаа биелүүлж, ажил хэрэг болгохоор хичээж эхэлсэн бололтой. Ирэх оны төсөв хэлэлцэгдэж буй энэ үед МАН сонгуулийн амлалтад тусгасан хэд хэдэн хөтөлбөрийг хөрсөн дээр буулгахаар болжээ. Тухайлбал “Цалинтай ээж” хөтөлбөрт 81 тэрбум төгрөг, “Насны хишиг” олгоход 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт суулгасан байна. УИХ-д 65 суудалтай МАН-ынхан энэ хэмжээний төсвийг батлуулж дөнгөх нь тодорхой. Харин ОУВС-гийнхан хавтгайрсан халамж, тэмтгэмжээ танах шаардлага тавиад байгаа нь тэдэнд тээг болохыг үгүйсгэхгүй. Ямартай ч ирэх оны эхнээс ээж нар цалинтай болж, ахмадууд насны хишгээ хүртэх магадлал өндөр байна.

“Цалинтай ээж” хөтөлбөр ирэх сарын нэгнээс хэрэгжинэ

“Цалинтай ээж” хөтөлбөр 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм. Улсын хэмжээнд 135 мянган эх энэхүү хөтөлбөрт хамрагдаж сар бүр тэтгэмж авах тооцоо гарчээ. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 81 тэрбум төгрөгийн зардлыг 2018 оны Улсын төсөвт суулгасан байна.

Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгоход зориулж 15.8 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаад байна. Монгол улсын хэмжээнд гурав болон түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянган иргэн байдаг. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд улирал бүр 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах юм байна. 0-3 настай эх болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгоход зориулж нийт 96.8 тэрбум төгрөгийг 2018 оны Улсын төсөвт суулгаж өгчээ.

“Насны хишиг” олгоход 20.5 тэрбум төгрөг зарцуулна

“Насны хишиг” тэтгэмжийг ирэх онд үргэлжлүүлэн олгоход зориулж 20.5 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгахаар төсөвлөсөн байна. Насны хишгийг 65 болон түүнээс дээш насны ахмадууд жилд 2 удаа олгодог. Тодруулбал Цагаан сар болон Улсын их баяр наадмын өмнө ахмадууд насны хишиг тэтгэмжийг олгох ажлыг зохион байгуулдаг.


2018 оны тухайд:

  • 65-69 насны – 43.1 мянган ахмад настан 50 мянган төгрөг
  • 70-79 насны – 57.6 мянган ахмад настан 80 мянган төгрөг
  • 80-89 насны – 18.7 мянган ахмад настан 150 мянган төгрөг
  • 90 болон түүнээс дээш насны-2.5 мянган ахмад настан 250 мянган төгрөгийн тэтгэмжийг авах юм.

 Эх сурвалж:  24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.