Ж.Энхбаяр: Намын рейтинг тасралтгүй унаж байгаа нь мэдрэгдэж байна

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр, суурийг сонслоо.

 12560

–Тагнуулын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж, Элчингээр явуулахаар боллоо. Энэ томилгоо дипломат албанд нөлөөлнө гэх хүмүүс ч байна?

-Харш зүйлгүй. Тагнуулын байгууллага удирдаж байсан хүн Элчин сайд болж болохгүй гэсэн зүйл байхгүй. Миний хувьд энэ томилгоог зохистой гэж харж байгаа. Гадаадад ажиллаж байсан хүн эх орондоо гүйцэтгэх ажил удирдахад муу зүйлгүй. Монгол Улсад боловсон хүчний энэ бодлого хэрэгжиж ирсэн. Тагнуулын ерөнхий газрын Р.Болд, Д.Гэрэл, Б.Хурц гээд ихэнх дарга нар гадаадад үүрэг гүйцэтгэж, Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байсан.Ажлаа гүйцэтгэчихээд дараагийн томилолтоо аваад явдаг нь хууль зөрчсөн, дипломат албанд нөлөөлнө гэх ойлголт байхгүй. Энэ бол зүй ёсны л шийдвэр.

–Б.Хурц эрх бүхий хүмүүсийн хууль бус үйлдлийг мэддэг учраас шантаажилж албан тушаалд томилогдлоо гэдэг. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Хүмүүсийн өөрсдийнх нь бодол, албан бус яриа. Тагнуулын ерөнхий газрын дарга гэдэг улс орны аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий байгууллагыг толгойлдог. Мэдээж их мэдээлэлтэй байгаа. Төрийн өндөрлөгүүд, УИХ-ыг нарийн мэдээллээр хангах дүн шинжилгээ хийдэг байгууллага. Мэдээлэлтэй байхаас аргагүй. Монголд хамгийн их мэдээлэлтэй хүн бол Тагнуулын ерөнхий газрын дарга байдаг. Монгол төр, Засгийн газар томилгоогоо хийсэн байна. Дараагийн удирдлагаар томилогдсон Д.Гэрэл дарга бол Монголын урдаа барьдаг мэргэжлийн төрийн албан хаагч.

–С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх шатандаа явж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ажлын хэсгийг задлах гэж байна гэдгийг ТЕГ-ын дарга мэдэгдсэн. Шинээр томилогдсон Д.Гэрэл даргыг олон нийтэд эргэлзээ төрүүлээд байгаа энэ хэргийн үнэнийг, захиалагчийг зарлах итгэл үнэмшил хэр байна гэж харж байна вэ?

-Хүн болгоны мэддэг, шийдэгдээсэй гэж харж хүлээж байдаг харамсалтай үйл явдал. Монголчууд төдийгүй Олон улсын парламентын байгууллага байнга харж, шаардаж байдаг. С.Зоригийг хөнөөсөн хэргийн явцад нэлээд ахиц гарсан гэж ойлгосон. Дараагийн төвшний асуудал үндсэндээ боогдоод дуусч байгаа юм байна. Ойрын үед захиалагчийг зарлах юм гэж ойлгосон. Хариуцлагатай хүмүүс нь саяхан захиалагчийг зарлахад бэлэн болж байна гэсэн мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгэхээр юм их ойртсон юм байна. Удахгүй олон түмэн мэдээлэлтэй болох юм байна.

–Ирэх оны төсвийг энэ сарын 15-ны дотор батлах ёстой. Гэтэл Сангийн сайдын томилгооноос болоод нэлээд гацлаа. Ажлын найм хоногт амжих уу?

-Төрийн ажил гацаж байгаа нь санаа зовоож байна. Улсын Их Хурал анх удаа ойлгомжгүй, ичгэвтэр байдалд орж байна. Ялангуяа, 65 суудал авсан Ардын намын бүлэг учраа олохоо больсон. Намын удирдлага бүлгээ зангидаж чадахаа больсон нь харагдаж байна. Төсөвт янз бүрийн төсөл хөтөлбөр тулгахыг оролддог, энэ хүсэл нь биелэхгүй болохоор Их Хурлын ирцээр боож асуудлыг хойшлуулдаг. Увайгүй, гишүүний ёсзүй, өргөсөн тангаргаасаа буцсан зүйл болж байгааг Монголын ард түмэн харж байна. Энэ бол эрх ашгийн төлөө хэсэг бүлэг гишүүдийн үйлдэл. Дахин хэлье. Эрх барьж байгаа 65 суудалтай Монгол Ардын нам ийм зүйл хийж байгаа. Намын болон бүлгийн дарга нар энэ асуудлаа шийдэх ёстой. Угаасаа хариуцах гэж дарга болсон хүмүүс. Төсвийн дөрвөн хэлэлцүүлгийг хийхэд ажлын долоо хоног үлдлээ. Энэ хугацаанд төсвийн дөрвөн хэлэлцүүлгийг дамжуулж хийгээд ард нь гарна гэдэг амаргүй. Нөгөө талаас хэлэлцүүлэг өргөн болж чадахгүй. Ард түмэнд мэдээлэл дутмаг хүрнэ. Маш богинохон хугацаанд шийдвэрлэхээс аргагүй байдал үүслээ. Ингэж хийсэн төсөв эргээд задардаг. Дахиад төсвийн тодотгол хийх нэрээр шинээр задалдаг үйл явц болох нь гэж харж байна.

–Танай намын рейтингийн судалгаа 20 гаруй хувиар буурсан гэх судалгааны дүнтэй санал нийлэх үү. Шалтгааныг нь юу гэж дүгнэж байна вэ?

-Санал нийлж байна. Намын рейтинг тасралтгүй унаж байгаа нь мэдрэгдэж байна. Ард түмний өнгөрсөн жилийн сонгуулиар бидэнд өгсөн тэр их итгэл, хүлээлт бага багаар алдагдаж байгааг хүн болгон мэдэрч байгаа. Үүний учир шалтгаан бол сонгуулийн амлалт. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Өнгөрсөн хугацаанд улс орныг өр зээлд оруулсан Хөгжлийн банк, бонд, улсын төсөв тойрсон асуудал, гадаад дотоодод өр зээл тавьсан хүмүүсийг шалгаж хариуцлага тооцох нь ард түмний хүлээлт байсан. Жил гаруй өнгөрсөн ч ямар нэг хариуцлага ярьсангүй. Засгийн газар огцорсон шалтгаан үүнтэй холбоотой. Шинээр томилогдсон сайд энэ чиглэлээр дорвитой ажиллаж, урагшлах ёстой. Ард түмэн ч хүлээлттэй байна. Эдийн засгийг сэргээж, ажилгүйдлыг багасгаж нийгмийн амьдралд орлого нэмэгдүүлж ахиц авчрах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь нэг жилд ядуурлын төвшин нэмэгдлээ. Хүн амын гуравны нэг нь ядуурлын доод төвшинд байна. Гадны хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд нэмэгдсэнгүй. Гадаад орчин Монголд итгэх итгэл тэг хувьтай тэнцүү хэвээрээ. Дотоодын улс төрийн зөрчил маргаан үргэлжилж байна. Тийм болохоор олон түмний итгэл хүлээлт алдраад байгаа юм.

С.УЯНГА 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 3 November 2017

Ж,ЭНХБАЯР минь чи ч новшийн гардаа чи сайд,шадар сайд болох тохироо хийж урьдах засаг унагах хорыг голлон найруулаа биздээ ард түмэн та нарын хэн нь хэн вэ гэдгийг сайн мэддэг болсон шүүдээ,чиний гаргаж ирсэн ерөнхий сайдаа хар ард түмнийг үл тоож хэрэлдэж байгаагийн нь шившиг биеэ барих чадваргүй хүн төр барих уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.