Халамжаар цалгисан төсөв

bcbd2d92f23e88dabig-550x300Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан. 2018 оны нэгдсэн төсвийн орлого 7.2 тэрбум, зарлага 9.6 тэрбум алдагдал 2.4 тэрбум төгрөг байхаар тооцжээ.Төсвийн хуульд зааснаар  нийт 360 орчим тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар тусгасан нь Ерөнхийлөгчийн хоригт өртөөд байна.

Өөрөөр хэлбэл, баялаг бүтээж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг дэмжсэнээр  төсвийн алдагдлыг бууруулах бодлого чухал байтал халамжаар цалгисан төсөв боллоо. Мөн төсвийн алдагдал өмнөх оныхтой дүйцлээ хэмээн эдийн засагчид болоод  олон нийт шүүмжилж байна. Тухайлбал, МАН 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ цалинтай ээж, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр урамшуулал олгоно. Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна гэжээ.

Түүнчлэн 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 20 мянган төгрөг өгөхөөр 164.2 тэрбум төгрөг төсөвт тусгажээ. Цаашид хүүхдийн мөнгө авах хүүхдийн тоог 80 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжийг судалж байж шийдвэрээ гаргахаар болсон. Мөн хүүхдийн мөнгө авах тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгох аргачлалыг өөрчилж, шинэчлэхээр болжээ. Цаашлаад Засгийн газар төрийн албан хаагчдыг халамжлахад зориулж 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөг суулгасан. Нийт 192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөг тараах юм.  Дээр нь Засгийн газар ирэх онд 55.5 тэрбум төгрөгийг орлого багатай, эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд зориулж зарцуулахаар төсөвлөжээ. Тэгвэл зөвхөн төрийн албан хаагчдад олгох 55.4 тэрбум төгрөгөөр 55 цэцэрлэг барихаар мөнгө гэдгийг хэлж Ерөнхийлөгч хориг тавьсан. Ийнхүү  хугацаанд шахагдаж хууль батлагчид нь ч танилцаж амжихгүй, халамжаар цалгисан төсөв батлагдах нь гарцаагүй боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.БАЯР

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.