ТҮК-ийн ажилчид “уйлж”, дүүргийн дарга нар инээж байна

527-1509932023AT-1-1-550x300“Улаанбаатар шинэчлэл” хэмээх даруухан нэртэй байгууллагыг өмнө нь та сонсож байсан  байх.  Японд хог хаягдлын салбарт  олон жил  хараар ажиллаж, нүцгэн гараараа хог тээвэрлэж, ялгаж салгаж, ангилж байгаад ирсэн монгол залуу эх орондоо ирээд, ийм нэгэн компанийг өөрийнхөө хөлс хүчээр “босгосон” байдаг. Тиймээс өвөл, зуны алинд ч  Улаанбаатар хотын хөгжлийн төлөө гараа цуцтал, нуруугаа бөгтийтөл ажиллах 50 гаруй ТҮК-ийн ажилтантай “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн ажил, амьдралтай танилцахаар “Амьдралын тойрог”-тоо зочноор урьсан юм.

НИЙСЛЭЛД ҮНЭЛЭГДСЭН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТ-2017
Улаанбаатар хотын нэг жилийн хог хаягдлын хэмжээ 1.1 сая тонн-д хүрдэг  гэдэг. Тэгвэл “Улаанбаатар шинэчлэл” компани энэ салбарт 10 гаруй жил ажиллахдаа нийслэлийн хур хогноос 20 сая тонн хогийг “дундалсан буянтай газар. “Улаанбаатар шинэчлэл” компанийн захирал М.Түвдэндорж дарга, цэрэг гэж зааглах зангүй,  хэнтэй ч мэнд ус мэддэг, ажилсаг нэгэн байдаг гэж өмнө нь сонсож байв. Харин биднийг очиход тэрээр “Нарангийн энгэр”-т байдаг засварын цехтээ ажлын хувцастайгаа угтсан юм. Сонин хэвлэлийнхэн ирнэ гээд цэмцгэр дээрээ тавьсангүй, энгийн хүлээж авсан нь бидэнд ч бас элдэв хиймэл хэв маяггүй, харилцахад амар байв. Ингээд бидний яриа “Нийслэлийн өдөр”-өөр эхэлсэн юм. “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийнхан дуулгах сонин ихтэй байгаа бололтой.
2013 оноос хойш нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцдэг өдөр болгон тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн  байдаг. Тэгвэл энэ жил нийслэлийн өдрөөр “Улаанбаатар шинэчлэл” ХХК эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, үүрэг даалгавраа амжилттай биелүүлсэн гэсэн шалгуураар шилдэг байгууллагын нэгээр шалгарчээ. Нийт 30 гаруй байгууллагын дунд зарласан энэ уралдаанд хог хаягдлын салбартаа тэргүүлэгч, шилдэг гурван байгууллагын  нэгээр шалгарч, нэг сая төгрөгөөр шагнуулсандаа баяртай байна хэмээн байгууллага, хамт олноороо сэтгэл өндөр байгаагаа хэлэв. Мөн хэд хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан  уралдаанд бас түрүүлсэн. Бид хог хаягдлын салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд зогсч чадаж байна…хэмээн ярих нь “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн ажлын үзүүлэлтийг илтгэх ажээ.
ОЛОН ЯСТНЫ ӨЛГИЙГӨӨС ТӨРСӨН УРИАНХАЙ ХӨВҮҮН
М.Түвдэндорж захирал Ховд аймгийн Булган сумын уугуул аж. Алтайн сүрлэг уулсаар хүрээлэгдсэн Булган голын хөвөөнд мэндэлсэн, үндэсний цөөнх болсон урианхай хүн гэдгээ яриандаа тодотгов. Монгол Улсын баруун аймаг, Ховдын цэнхэр хязгаар бол олон ястны өлгий нутаг.  Булган сум ойролцоогоор 10 мянга гаруй хүн амтай, тэдний 80 гаруй хувь нь торгууд ястан бөгөөд халх, захчин, казах, өөлд, мянгад, дөрвөд, урианхай зэрэг олон ястнууд амьдардаг. ХаринБулган голын эхэнд Баян-Өлгийн Булган, “адагт” нь Ховдын Булган сум оршдог. Тэрээр Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг, Монгол орны хамгийн алслагдмал бөглүү сууринд,хөдөөгийн амьдралд төржээ.
М. Түвдэндорж ам бүл олуулаа, есөн хүүхэдтэй айлын дундах хүү гэнэ.  Ижий аав хоёр маань мал дагасан, мөн л энэ нутгийн хүмүүс гэж байв. Гэхдээ “Хот суурин газар бараадаж, манайх хөдөөнөөс хот руу эрт орж ирсэн. Намайг хоёр сартай байхад нүүж ирсэн гэдэг. Ховдоос ирээд бид Төв аймгийн Баяндэлгэр суманд сууршсан. Аав минь Төв аймгийн Баяндэлгэр сумын анхны гавьяат малчин Х.Магсар гэж хүн байлаа. Мал дагасны буянд аав минь 2006 гавьяат малчин цолонд тодорхойлогдож, Д.Даваахүү гуай анхны гавьяат малчин болж байсан. 2007 онд манай аав “Монгол Улсын гавьяат малчин” гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэж байлаа.Миний аав үр хүүхдүүдээ сайхан шударга хүмүүжүүлсэн, хөдөлмөрлөхийн үнэ цэнийг мэдрүүлсэн хүн байдаг байв.  Урианхай хүн учраас хөдөөнөөс ирсэн даруйд хэл, ус нь аялгатай болохоор нутгийнхан маань эхэндээ их гайхдаг, ойлголцох гэж будилдаг, хөглөдөг зүйл бишгүйдээ л байсан гэж ярьдаг. Харамсалтай нь, үр хүүхдүүд нь яг л ид хийж бүтээх, өсч өндийх үед биднийгээ орхиод явсанд харамсч суудаг. Миний аав бурханы оронд морилоод, хоёр жил болж байна. Ээж минь яриа хөөрөөтэй, олонтой эвсэг, гавьяат малчин О.Нямжав гэдэг хүн байдаг.  Сайн аав, ээжийн буянд ах дүү нар маань бүгд сайн яваа. Одоо Америкт хоёр нь ажиллаж, амьдарч байна.Мөн хотод банк санхүү, цэрэг цагдаагийн байгууллагад хоёр нь ажиллаж байна. Хоёр ах маань хөдөө тус бүртээ 2000-3000 гаруй малтай малчид байна. Нэг дүү маань Солонгос улсад Монголыг төлөөлсөн мэргэжилтэнгээр ажиллаж байна. Манайхан дор бүрнээ л хичээж байна.
ХОГ “ТҮҮЖ” АМЬДАРСАН ТҮҮХ ИНГЭЖ ЭХЛЭВ
М.Түвдэндорж, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Мөн  автын инженер чиглэлээр мэргэшсэн хүн юм.  Тээврийн салбарт ажиллаж байгаа болохоор автын инженер чиглэлээрээ дагнаад явж байгаа гэж ойлгож болох аж. Тэрээр 2007 онд хувийн компаниа байгуулж, хог хаягдлын салбарт өөрийгөө сорьсон гэдэг.Харин энэ салбартай холбогдсон түүх нь 10 гаруй жилийн өмнөөс эхтэй.Энэ тухай ярихдаа тэрээр хилийн дээс алхаж, Япон, Солонгос руу ажил хийх гэж хошуурдаг олон зуун залуучуудын зовлонг ярьж байв.
-Би 2000 онд Япон руу хараар ажил хийх гэж гарсан. Японд 7-8 жил хүний зарц хийж байгаад ирсэн. Монгол руу ярихдаа ядарч, зүдэрч байна гэж ярихгүй, хуруугаа хөдөлгөөд доллар олж байгаа мэтээр худлаа ярьдаг байлаа.  Яг үнэндээ хамаг л муу муухай зүйлийг хийж, олон жил хараар ажиллаж байгаад ирсэн. Монголд ирээд 2007 онд хог хаягдлын салбарт хүч үзсэн. Японд энэ салбарт ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан, бага гэлтгүй энэ салбарын талаар ойлголттой болсон байсан.  Тэгээд Японоос Монголд анх удаа хог ачдаг,  зориулалтын шахдаг машин гурвыг оруулж ирээд, хувийн байгууллагуудаас мөн л анх удаа энэ салбарт орж ажиллаж байлаа. Намайг Японоос хог ачдаг зориулалтын машин оруулж ирэхэд, төрийн байгууллагынхан их гайхдаг байсан. Ийм машин байдгийм байна гээд л. Тэгээд Сүхбаатар дүүрэг дээр ганц нэг  компаниудтай гэрээ байгуулаад, хогийг нь зөөгөөд явдаг байлаа. Гэтэл нэг өдөр Сүхбаатар дүүргийн “Сүхбаатар тохжилт” ХХК-ийн захирал Ц.Батүвшин гэж нөхөр 5-6 хүнтэй ирээд миний хогны машиныг манай дүүргийн нутаг дэвсгэрт  явж болохгүй шүү гэж дарамталж, айлгаж сүрдүүлэх гэж оролдож байлаа. Би ийм л эрсдлийг туулж, энэ салбарт орж ажилласан гэв.
Мөн  “Би сайн эцэг, эхийн буянд хүмүүжил сайтай өссөн. Хүн гүтгэх, доромжлох, хэн нэгнийг чадчихъя, амьдралаар нь тоглочихъё гэсэн зан байхгүй. Малын захад өссөн, малчин айлын хүүхэд яаж өсдөг билээ, тэгж л өссөн. Хүүхэд байхдаа сургууль гэр хоёрын дунд явдаг байлаа. Сумын наадам үзэхийн тулд, эсвэл ганц шинэ бакал авахуулахын тулд өвөл, зунгүй хонь сайн хариулдаг, аргал сайн түүдэг байлаа. Шагналд нь наадам үздэг, эсвэл шинэ гутал авахуулдаг байсан. Бас ажлыг яс хийдэг, сайн аав, ээжийн хүмүүжил дор шударгаар өсч өндийсөн. Манайхан бүгдээрээ шударгаар хөдөлмөрлөхийн үнэ цэнийг мэднэ. Энэ бол аавын минь амьдралдаа бүтээсэн гавъяа байв. Гэтэл одоогийн нийгэмд шударга үнэн зүйл гэж алга. Ялангуяа миний ажиллаж байгаад, бидний шударга үнэнчээр хөдөлмөрлөөд байгаа салбарт дарга нарын хор хутгадаг, хов найруулдаг ажил улам л газар авсаар байна. Би нам улс төр, хөөдөггүй. Хэн нэгэнд тал засч зусардаж явсангүй. Хариуцсан ажлаа хариуцлагатай хийхийг хичээдэг.  Өнгөрсөн хугацаанд аль ч нам, эвслийн хэн ч гарсан ажлаа чанартай хийгээд, асуудалгүй хамтраад явж ирсэн. Энэ амьдралдаа аль нэг нам эвсэлд нь  гишүүнээр элсэж, орж гарч байсангүй. Сайн зүйлийг нь дэмжиж, хамтарч ажиллаад л ирсэн. Япон улсын нийгмийн хөгжил өрөө их шударга зарчимтай. Энэ надад нөлөөлсөн. Энэ улс оронд 7-8 жил ажиллахдаа эцгийнхээ хүмүүжил дээр нэмэрлээд, Япон улсын хэл, соёлын  хөгжлөөс суралцаж ирсэн. Тийм болохоор аль ч намын хүн гарсан, сайныг нь дэмжиж ажиллаад, айл гэр, албан байгууллагынхаа хувьд  хүн шиг амьдрахыг хичээсэн. Ажилтай, амьдралтай явахын хажуугаар хэдэн хүнийг ажлын байртай болгочих юмсан гэж бодож, хичээж ажилладаг. Гэтэл болохгүй зүйлс их байна” хэмээн яриагаа чангатгав.
ДАРГА НАРТ ДАРАМТЛУУЛДАГ ДАРУУХАН ХҮН
Улс төр ганцхан саарал ордонд өрнөдөггүй бололтой. Хог хаягдлын салбарт хүртэл улс төр хийж, танил талаа дэмжсэн, татсан, хов ярьсан, хор найруулсан ажил тасралтгүй үргэлжилж байдаг гэдгийг тэрээр хэлээд толгой сэгсэрч байв. “Монголд хог түүгээд ч амьдарч болохгүй, хэцүү үе ирээд байна” гэж халаглах нь  сэтгүүлч миний “хорхойг хүргэх”.  Тиймээс бидний яриа үе үе улс төржсөн гэмээр энэ сэдэв рүү орохоос өөр аргагүй байв. Нийтлэлийн минь бодлого ч хувь хүний амьдрал гэхээс илүүтэй хог түүж амьдардаг, хотын соёлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч даарч зовохоо мэдэхгүй “өөрийгөө мартаж” ажилладаг ТҮК-ийн ажилчдын ажил амьдрал, жаргал, зовлонг хуваалцах гэж ирсэн учраас энэ сэдвийг эрхгүй сөхөв. Мөн жилийн дөрвөн улирлын алинд ч бид хогондоо даруулчихсан суудаг. Хотоо хогноос салгах тухай ярьдаг. Ганц шөнийн дотор цас ороод хоноход хотын гудамж халтиргаа гулгаа, осол аваараар “дүүрч”, захын хүн цас, зуд, гар хөлөө хугаллаа гэж халгадаг. Гэтэл өвлийн хүйтний босгон дээр өвөлжилтийн бэлтгэл ажил гэж ярихын оронд ажилдаа гаршсан нэг байгууллагыг тарааж, гудамжны цас мөс цэвэрлээд, элс давсаа тараагаад явж байгаа 50 гаруй ажилчдыг ажилгүй болгож, гудамжинд гаргах тухай ярьж суугаа нь бүхэл бүтэн дүүрэг удирдсан дарга нарын ёс зүйд хэр нийцэх юм бол гэсэн бодол төрөх.
Хог хаягдлын салбарт 11 жил ажилласан энэ байгууллагад  жаргал, зовлон гэж ярих зүйл их байж таарна. Тэр ч утгаараа 2012 оноос хойш “наймаа” хийх гэж намд элссэн хүмүүс олширч, үзэл бодолдоо үнэнч үлдсэн улс нь бурууддаг, шударга ёсны төлөө дуугарсныхаа төлөө хийх ажилгүй гар хоосон үлддэг болчихсонд М.Түвдэндорж захирал дотроо шүүмжлэлтэй хандаж явдагаа хэлэв.   “Авлига хээл хахууль, луйвар хуйвалдаан газар авлаа” гэж ярьдаг энэ цаг үед бор зүрхээрээ бүхнийг болгох гэж зорьж ирсэн энэ эрхэм шударга үнэний төлөө тэмцсэнийхээ төлөө сайн, муу нэр зүүх нь ч энүүхэнд. Тухайлбал,  2012 оны үед аль ч дүүрэгт ажлыг хийдэг, 7-8 хороо хариуцаж ажилладаг байж. Гэтэл нэг л өглөө босоод ирэхэд ажлын байргүй болчихсон, бүх ажилчид нь гудамжинд гарахад бэлэн болсон байв. Тэдний дөрвөн хорооны ажлыг үгүй хийж, хоёр хороотой үлдээжээ. Арга ядахдаа тэрээр шөнийн гурван цагт бүх машинаа авчирч, Сүхбаатар дүүргийг тойрч гороолоод өлсөнө, цангана гэж хүүхдийн ухаанаар айлгаж, аашилж байж, ажлынхаа байрыг хагас дутуу авч үлдсэн хэмээн ярьж байв.  Энэ бүхнийг зарим нь хөндлөнгөөс үнэлэхдээ түүнийг “улс төр” хийж байна гэж хардаг. Үнэндээ тэр сонгууль бүрийн  дараа дарга нарын автор солигдох бүрт дандаа  ингэж дарамтанд өртөж, “хэлмэгдэж” явдаг нам бус нэгэн юм. Төсөв гэхээр л  тавагтай бялуу бодож амьдардаг орон тооны “бөглөөс” болсон “шинэ баг”-ийн  тоглоом болж, шударга үнэний төлөө хэл ам хийсныхээ хүчинд хагас дутуу ажилтайгаа үлддэг гэдгийг 50 гаруй ажилчид нь хэлж байна. Түүний энэ шударга занд ТҮК-ийн ажилчид нь найдлага тавьж, “Арай ч хоолноосоо салчихгүй, гудамжинд гарчихгүй байх” гэсэн горьдлого тээж суудагаа хэлж байсан. Нөгөө “Ганц дайчин ганцаардахгүй” гэдэг шиг түүний энэ шулуухан занд ажилчид нь, тэдний ард суугаа гэр бүлийнхэн нь найдлага тавьж суудаг гэдгийг “Нарангийн энгэр”-т цугласан түүний “арын фронт”-ынхон хэлж байв. Өнөөдөр ч энэ байдал өөрчлөгдсөн юмгүй, бахь байдгаараа үргэлжилж байна. Тэрээр мөн л ажилчдынхаа төлөө тэмцсээр яваа аж. Тэдний ажиллах нөхцөл боломж өмнөх жилүүдийнхээсээ ч илүү дарамт шахалттай, авдаг, ажилладаг хороо нь жил ирэх тусам цөөрч, одоо бүр өвөл цагийн босгон дээр ажилгүй болох гээд сууж байна гээд хүн бүр дор бүрнээ “айдастай” сууна.
2016 оны сонгууль хүртэл “Улаанбаатар шинэчлэл” компани хоёр хороо хариуцаад ажиллаж байж. Ажилласан жилийн туршлага, байгууллагын нөөц боломж, ажлын түүхийг нь харвал тэдэнд хоёр байтугай, 5-6 хорооны хогийг цэвэрлэж, тээвэрлэх хүчин чадал бий. Хог ачдаг 20 гаруй зориулалтын машинтай, 30 гаруй хүнтэй, хүн хүч тэрэг техник сайтай байгууллага.  Өмнө нь зургаан хороо хариуцаад ажилладаг байхад бүгдийг хөдөлгөдөг байв.  Харин хоёр хороо хариуцаад ажилладаг байхдаа 10 гаруй машинаа амьгүй мэт зогсоочихоод,  багахан хүчээр энэ ажлыг урагшлуулдаг байснаа ярив. 2012 онд “Улаанбаатар шинэчлэл”-ийнхэн дөрвөн хорооныхоо ажлыг бусдад “алдаж” үүнийгээ мөн л эсэргүүцэж байсныг нийслэлийн иргэд санаж байгаа байх.  М.Түвдэндорж “Тэр үед сонин, телевизийнхэн энэ байдлыг маань сурвалжлах гээд ирчихсэн. Намайг цагдаа нар баривчилж авч явах гээд ирчихсэн, дарга нар намайг “Асуудал бага тариарай, аятайхан байгаарай” гэж дарамтлаад, арай гэж  хоёр хорооны ажилтай үлдэж байсан”  хэмээн ярьж байв.
“ТЕНДЕР ГЭХ НЭРИЙН ЦААНА МӨНГӨ ИДДЭГ СҮЛЖЭЭ ҮҮСЧИХ ВИЙ”
“Улаанбаатар шинэчлэл”-ээр овоглосон М.Түвдэндорж хувь хүнийхээ хувьд өөрийнхөө ажил, амьдралыг болгоод явна гэвэл болох байх. Тэр ямар ч ажлын учрыг олоод, чадахгүй мэдэхгүйдээ суралцаж дөнгөх  амьдралын ухаантай нэгэн. Гэвч түүний ард гудамжинд гаргаад явуулчихаж болохгүй 50 гаруй ажилтан байна. Тэр тэдний төлөө, тэдний ард түлш хоол хүлээн суугаа ар гэрийнхэн,  үр хүүхдийнх нь төлөө хөлийнхөө улыг эргэтэл байгууллагаас байгуулагын хооронд гүйж явна.
-Би энэ хог хаягдлын салбарт 11 жил ажиллахдаа багагүй зовсон. Гэсэн ч ардаа хүнээ бодож ажилладаг. Ажилчдынхаа ар гэрийн амьдралыг бодож хөдөлмөрлөсөн.  2016 оны сонгуулиар бидний ажил урагшлах байх гэж найдаж байсан. Өнгөрсөн дөрвөн жил дарамтлуулаад амьдарсан юм чинь одоо энэ байдал өөрчлөгдөх байх гэж бодож байсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргаар эмэгтэй хүн сонгогдож гарсан юм чинь миний хэдэн ажилчдыг арай гудамжинд гаргаад хаячихгүй байх гэж бодож суулаа. Сүхбаатар дүүргийн одоогийн Засаг дарга Х.Болормаа энэ дүүрэгт гэнэтхэн гараад ирчихсэн танихгүй нөхөр биш.  2012-2016 онд тус дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч байсан.  Засаг даргаар сонгогдоод, энэ дүүрэгт тав дахь жилдээ ажиллаж байгаа. Бидний амьдралыг мэддэг хүн. Гэтэл одоо хөхөө өвлийн хүйтэнд энэ хэдэн ТҮК-ийн ажилчдыг гудамжинд гаргахааас буцахгүй байна.
Өмнө нь гарч байсан дарга нартай хэл ам, учир зүйгээ олоод ажиллаж болоод ирсэн. Өр шир өгөх, авах зүйлээ учирлаж хэлээд, тайлбарлаж таниулаад  ажиллаад ирсэн. Гэтэл Х.Болормаа Засаг дарга намайг тендерээр унагаахын хажуугаар авах ёстой ажлын хөлсийг минь хүртэл өгөхгүй, өнгөрсөн тавдугаар сараас хойш биднийг гар хоосон ажиллуулж байна. Би одоо Сүхбаатар дүүргээс 200 гаруй сая төгрөгийн өр авлагатай, ур хормойгоо авч, хойд хормойгоо нөхнө гэгчээр аль байгаагаа болгох гээд ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл дүүргээс авах өр авлагаа авч чадахгүй хохироод, ажлаа баллачихгүйн тулд болгож л явна. Ер нь ингэж хүнийг хохироож болдог юм уу. Би Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл бичиж өгнө. Энэ бүхнээ хэлнэ” гэв.
Өнгөрсөн есдүгээр сард “Цүзүки Юмэ”, “Эко орчин” зэрэг компаниуд Сүхбаатар дүүргийн тендер удаа дараа будлиантай болоод байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлаж, Тендерийн тусгайлсан олон заалтуудыг огт хангадаггүй “Төгөлдөр хутагт констракшн” ХХК-ийг шалгаруулж, хууль бус сонгон шалгаруулалтыг хийгээд байна  хэмээн мэдэгдэж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдан авах авах ажиллагааны алба нь зарлагдсан тендерүүдэд, удаа дараа хууль зөрчсөн шийдвэр гаргаж тухайн тендерүүдэд гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан “Төгөлдөр хутагт констракшн ХХК,  “Сүхбаатар тохижилт” ХХК-уудтай  нэгдмэл ашиг сонирхолын зөрчилтэй байгааг хэлж байсан.  Энэ удаа ч бас “Улаанбаатар шинэчлэл” компанийн захирал М.Түвдэндорж энэ бүх  зүйлийг баримт нотолгоотой нь дэлгэн ярьж байна. Мөн 2017 оны аравдугаар сарын 26-нд хоёр багц тендерийн сонгон шалгаруулалтад “Төгөлдөр хутагт констракш”-г шалгаруулж, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттүвшингийн улсад олон сая төгрөгийн өртэй компанийн өрсөлдсөн тендерийн хариуг өнөөдөр хүртэл 10 гаруй хоног хав дараад хэлээгүй байна. Үүний цаана ямар хор найруулж байгаа нь анхаарал татаж байна” гэв.
ҮЙЛ АЖИЛЛАГАА ОГТ ЯВУУЛДАГГҮЙ КОМПАНИ ТЕНДЕРТ ЯЛААД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
“2017 оны тавдугаар сарын 30-нд  Сүхбаатар дүүрэг тендерийн сонгон шалгаруулалт зарласан байдаг. Бид материалаа бэлтгээд оролцсон, эхний тендерт унасан. Үнэндээ манайх бол хөлөө олсон, тогтворжсон байгууллага. Тиймдээ ч бид ганцхан багц дээр хүч үзээгүй. Бидэнд хамгийн сүүлийн үеийн 20 гаруй зориулалтын машин, хүн хүч тэрэг техник бүгд байна. Хог хаягдлын салбарт тээвэрлэлт хийсэн, үйлчилгээ үзүүлсэн жилийн борлуулалт нь байна.  Бид тухайн компанитай харьцуулашгүй орлого, үйл ажиллагаатай тендерийн сонгон шалгаруулалтад шаардсаны дагуу 2015-2016 оны хоёр жилийн нийлбэр дүнгээр ойролцоогоор тэрбум гаруй төгрөгийн ажил хийдэг. Өнөөдөр 50 гаруй ажилчнаа хөхөө өвлийн хүйтэнд гудамжинд гаргахгүйн тулд бид зургаа дахь тендертээ оролцох гээд явж байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш дүүргээс зарласан таван удаагийн тендер шалгаруулалт  гацаа үүссэн байдалтай явж байна. Тендер бүрт “Төгөлдөр хутагт констракшн”  гэсэн барилгын чиглэлээр байгуулагдсан  компанийг шалгаруулаад байдаг. Манайхыг “Хогны машин чинь төв замын зөвшөөрөл байхгүй байна”, “Санхүүгийн эх үүсвэр байхгүй” гэх мэт жижиг сажиг шалтгаан хэлээд  л унагаачихдаг.  Гэтэл Сангийн яамнаас “Улаанбаатар шинэчлэл” ХХК нь 50-100 сая төгрөгөөр үнэлэгдэх түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээтэй байгууллага байна гэсэн албан тодорхойлолтыг хүртэл хийж өгөөд байхад хүртэл биднийг унагаачихдаг. Манай байгууллага “Нарангийн энгэр”-т 3000 метр кв талбай бүхий баазтай, гарааштай. Хогныхоо мөнгөөр босгосон оффистой. Хүн хүч нь мэргэшсэн ажлын туршлагатай, зориулалтын тэрэг техниктэй, нийслэлд ажлаа үнэлүүлсэн шилдэг байгууллагын нэг. Гэтэл биднийг ингэж зориудаар дарж, дарамтлаад байгаа нь цаанаа хардах, тэмцэх шалтгааныг эрхгүй төрүүлж байна. Би тендер бүрт шалгаруулаад байгаа “Төгөлдөр хутагт констракшн” компанийн талаарх мэдээллийг бусдаас бас асууж, сурагласан. Сонсож дуулсан зүйлс цөөнгүй байдаг. Энэ компани одоогоор ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Захирал, менежер хоёрын аль нь мэдэгдэхгүй, нэг ажилтантай, компани байдаг. Мөн 2017 оны дөрөвдүгээр сараас тендерт орохын тулд зохиомлоор 10 гаруй ажилтанд нийгмийн даатгал төлж байгаа мөртлөө одоогоор ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн мэдээлэл байдаг. Борлуулалтын ямар ч орлого байхгүй, нийгмийн даатгал төлдөггүй, 2015-2016 онд татварын байгууллагад өртэй компанийг тус дүүргийн худалдан авах ажиллагааны газрын нөхдүүд  4-5 удаа тендерт шалгаруулаад байгаад гайхаад байна. Энэ бүхнийг хуулийн байгууллага нь шалгаж, нягталж үзээсэй. Энэ бүхнээс үнэхээр толгой сэгсэрмээр олон хууль бус үйлдэл гарч ирэх юм байна лээ. Жирийн иргэн би энэ бүхнийг асууж сураглахад ийм их бусармаг хуурмаг мэдээлэл цуглаад байхад Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг хууль хяналтын байгууллагууд  энэ бүх булхай луйврын учрыг амархан олох байх. Цаг нь ирэхээр би ч бас өөрт байгаа бүх баримт нотолгоотой зүйлсийг хуулийн байгууллагад хүргэж өгнө. “Төгөлдөр хутагт констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн нөхрийнх нь сайн найзынх нь компани гэсэн яриа байдаг. Дээрээс нь Нийслэлийн ИТХ-ын дарга байсан Д.Баттулга, Х.Болормаагийн нөхрийнх нь төрсөн ах. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд Х.Болормаагийн садан төрөл гэж ярьдаг. Энэ мэт танил талын сүлжээн дунд энэ дүүргийн ажил төрийн бус төрлийн ажил болж хувираад байна.
Манайх боломжтой, чадамжтай байгууллага. Тендер бүрт өөр багц дээр бас хүч үздэг. Гэтэл Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттүвшингийн “Сүхбаатар тохижилт” ХХК бас шалгарчихдаг. Улсад 100 гаруй сая төгрөгийн өртэй энэ компани яагаад тендерт шалгараад байгаагийн учрыг бас олохгүй л явна. Гудамжинд хог шүүрдээд зогсч байгаа ажилчнаас нь асуухаар “Бид нийгмийн даатгалаа бөглүүлж чадаагүй байгаа, бие өвдсөн ч эмнэлэгт үзүүлж чадахгүй, ажлаа хийгээд зогсч байна” гэх жишээтэй.  Үнэн, худлыг нь нягтлах гээд бид Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан чинь тэдний хийж өгсөн бичиг нь хуурамч байсан. Даргынх нь гарын үсэгтэй бичгийг хуурамчаар үйлдсэн байсан. Үүнээс нь хөөгөөд НДЕГ-т хандаж үзсэн. “Энэ бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон болно” гээд бичээд өгчихсөн, одоо надад явж байна.  Тэгэхээр нь Сангийн яаманд хандаж үзсэн.  Улсад олон зуун сая төгрөгийн өртэй, хуурамч компани тендерт шалгаруулсан байна гээд хандахад, Сангийн яамнаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлчихсэн, яг энэ мөчид шалгаж байна.  Хохирогч гэдэг утгаараа би очоод тайлбар хийх гэхээр “Энэ хуурамч бичиг биш. Тамга нь үнэн, албан баланк нь үнэн, гарын үсэг нь үнэн байгаа биз дээ” гэж Сүхбаатар дүүргийн цагдаа намайг дарамталж байх жишээтэй.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттүвшин надруу утасдаад, “Гомдолгүй гээд хэлчих” гэсэн бичлэг нь хадгалаастай байна.  “ТВ-8”,“ТВ-9” телевизийнхэн энэ хэргийн үнэн мөнийг олох гээд сурвалжлаад явж байтал Ц.Баттүвшин дарга ярьж байна. “Юу болж байна, Түвдэндорж оо. Сонин, тв-ийн сэтгүүлчид гүйгээд байна гэж байна. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ ахын чинь даралт нь ихэсчихсэн сууж байна. Чи наад асуудлаа түргэн зогсоо. Ах нь СБД-ийн тендер зарладаг хүн , Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Одончимэг, Тамгын газрын дарга Н.Энхболдтой сая ярьчихлаа. Чи аравдугаар сарын 3-нд зарлагдах тендерт орж болохгүй шүү. Хоёулангаас нь татгалзчих. Би өөрийнхөө нэг хороог өгье. “Төгөлдөр хутагт констракшн”-ний нэг хороог авч өгье гэсэн санал тавьсан нь баримт нотолгоотойгоо байгаа” гэв.
“Би бүтээхийн төлөө явдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн дарга нар сүйтгэхийн төлөө явж байна. Тендерт ороход өртэй байсан ч зохицуулаад, зээлээд ч болов өрөө дараад өрсөлддөг. Хог гэдэг зүйл ашиг олоод сүйд болдоггүй ч, зөв зохион байгуулж чадвал миний ажилчид цалинтай, хоолтой, ардаа ажилтай  явна. Бид өнөөдөр нийгмийн даатгал, татварын байгууллагад өргүй. Бид хог хаягдлын салбарт тэргүүлэгчдийн эгнээнд зогсч чадаж байна” хэмээн ярих нь сайхан сонсогдов.  “Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, СХД-ийн ЗДТГ бидний ажлыг үнэлээд, дүгнээд шилдэгээр шалгаруулаад байдаг. Гэтэл хамтарч ажилладаг Сүхбаатар дүүрэг нь дарна, доромжилно. Ажилгүй болгоно гэж айлгаж сүрдүүлж байна. Ийм  аргаар ажиллаад, одоо тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Алтан дорнын хүч” ХХК,  Азийн хөгжлийн сангаас төсөл хэрэгжүүлсэн “Цүзүки Юмэ”, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК-ийг ажилгүй болголоо. Нийт таван тээвэрлэгч компанийн гурвыг нь ажилгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 100 гаруй  хүнийг гудамжинд гаргаж байна” гэв. Бид ч  бас ажилгүй болсон “Алтан дорнын хүч” компанийн эл хульхан эзэнгүй хашаагаар ирэх замдаа дайрав.
Л.Түвдэндорж: Энэ өвөл хатуу хахир болно. Цас ороод хоноход л бид санаа зовж эхэлдэг. Хаана халтиргаа гулгаа үүсээд, хүн амьтан бэртчих бол. Хогоо цэвэрлээд зогсож байгаа нэгнийг нь согтуу жолооч шүргээд явчих вий гээд нойргүй шахам хонодог. Монгол хүний амь нас, эрүүл мэнд ажилгүйдлийн ард үргэлж асуудал дагуулж явдгийг дарга нарын энэ “хуйвалдаан” огтхон ч бодолцохгүй байна.
ТҮК-ийн ажилчид: “БИД АЖИЛТАЙГАА ҮЛДМЭЭР БАЙНА”
Өнөө цагийн төрийн түшээд сайн нэр зүүх аргаа амархан олцгоосон бололтой юм. Тэр нь ердөө л хэн ая тал зассанд нь нааштай хандаж, ажлын зах атгуулдаг, хувьдаа ашигтай бодлого боловсруулсан нь хождог. Одоо бүр тендер нь өгнө, авна гэж амладаг, үгүй бол “зайгаа тавьж өг” гэж “айлгадаг”  бизнес болчихож. Үүнийгээ ч Х.Болормаа дарга М.Түвдэндорж захирлыг анх хүлээн авч уулзахдаа хэлсэн байна.
Х.Болормаа дарга ажлаа хүлээж авсны дараахан М.Түвдэндорж захиралтай уулзахдаа “Хог хаягдлын салбарт 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа гэл үү. Одоо болох юм биш үү. Хүн хүч, тэрэг техник нь цөөхөн ч намайг дэмждэг, биднийг дэмждэг байгууллага байгаа шүү. Дараа  нь таарахгүй нүүр байгаа биш, тэднийгээ дэмжинэ” гэжээ. М.Түвдэндорж дарга ч хэлж. “ Надад ажил цалгардуулаад, энэ ажилд хүч дутааж байсан удаа байхгүй. Би чадах зүйл дээрээ өрсөлдөнө” гэж хэлж. Түүнээс хойш энэ дүүргийн удирдлагуудтай, хэнтэй нь ч уулзаад хэрэггүй юм байна гэж боддог болсон. Тэгээд шударга үнэнийг тогтоох гээд тэмцэж явна даа…хэмээн ярьсан.
Энэ бүхнээс үзэхэд Сүхбаатар дүүрэгт явагддаг хэдэн сая төгрөгийн тендер шалгаруулалт хэзээ ч үнэн ч шударгаар явагддаггүй гэдэг нь хэвлэлийн бага хурал зарлаж, нийтэд мэдээлэл дэлгэсэн байгууллагуудын дүр зурагаас харагдаж байна. Хардахаас ч  өөр яах билээ.
“Шударга үнэнээр яваа надад сайн санаж, ганц нэг мэдээлэл дуулгасан хүний хүн чанар, нэр төрийг бодож байна. Сайн санахдаа надтай өнгөрсөн хавар хэдэн залуус уулзаж байсан. Олон компани жагсаж байна. Таны сонирхоод байгаа тендерийн багцийг аваад өгье. Дөрвөн жилийн ажлаа авч байгаа юм чинь 300 сая төгрөгийг нь  өгчих гэсэн санал тавьсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас тоолгүй орхисон. Гэтэл тавдугаар сарын 31-нд тендер зарлагдчихсан. 20 хороогоо тэд гурван багц болгож хуваасан. Би энэ гурван багцад яагаад ч орох боломжгүй байсан. Өөрийнх нь орон нутгийн өмчид, үйлдвэрийн газар гэдэг утгаараа “Сүхбаатар дэвшил” ӨНӨҮГ авчихна.  Нэгийг нь Ц.Баттүвшингийн гэх  “Сүхбаатар тохжилт” ХХК-тай авч таарна. Энэ компани  20 жил энэ салбарт ажиллаж байна. Тэгээд дээрээс нь дүүргийн ИХТ-ийн төлөөлөгч, МАН-ын бүлгийн ахлагч. Хүссэн, хүсээгүй Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа энэ хүнд тал засахаас өөр аргагүй.  Тийм болохоор гарцаа байхгүй бас ямар нэгэн компани орж ирэх нь гэдгийг мэдэж байсан. Манай компанид ямар ч боломж байхгүй байсан. Тэгээд энэ тендерт “Төгөлдөр хутагт констракшн” ХХК ялсан. Би энэ компанийг судалж үзсэн.  2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс тавдугаар сарын 31-ны хооронд “Төгөлдөр хутагт констракшн” ХХК өөр дээрээ  зургаан ширхэг ачааны машин шилжүүлсэн байдаг. Баримт  нотолгоо нь ч надад бий. Ер нь бол 5-6 хороонд ажиллах бол 10 машин зэрэг ажиллуулж байж хогийг нь ачиж дийлнэ. Гэтэл зүгээр л хиймлээр зургаан машин оруулж ирж тавьсан байдаг. Тэгээд анхны тендер дээр 325.200.000 төгрөгийн үнээр ялсан байдаг. Гэтэл дөнгөж сая 2017 аравдугаар сарын 19-ны тендерт орохдоо тэрний учрыг нь олсон. 325.693.300 сая төгрөг гэдэг бол цаанаасаа тогтоосон төсөвт өртөг нь байж. Тендерийн тухай хуулиараа улс үүнийг нууцална. Гэтэл энэ үнийн дүнг 493.300 төгрөгөөр зөрүүлж, хийсэн байна. Энэ бол эхнээсээ үнэ нь задарчихсан, зохион байгуулалттай зүйл болж хувирсан. Ийм л будлиантай зүйл үүсээд байгаа учраас  би энэ бүхэнтэй тэмцэж  явна.
Сүхбаатар дүүрэг маань 2012 оноос хойш бидэнд өгөх ёстойгоо өгөхгүй гар татаж явсаар, авах ёстой мөнгө нь хуримтлагдаад одоо 200 гаруй сая төгрөгийн өртэй, бид авлагатай явж байна. Нийт таван тээвэрлэгч байгууллага явдаг. Үүний хоёр нь гурван шатны шүүхээр яваад, ялалт нь тэдний талд гарсан. Би “За болох байх. Өгөх байх” гэж явсаар одоо гар хоосон сууж байна. Тэр битгий хэл, тендерт оролцохдоо байршуулдаг мөнгөн дүнг минь авна гээд улайраад сууж байна. Одоо энэ дайралт миний гэр бүл, үр хүүхэд, нандин зүйлс рүү минь халдахад ойрхон байна. Үүнээс л айж байна”. Нөгөөтэйгүүр “Дотроо нэг л зүйлд бардамнаж сууна. “Сүхбаатар дүүрэг аль хэдийн надад ялагдчихсан гэж бодож байна”. Х тайлантай, ямар ч ажилчин байхгүй, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, тэрэг техникгүй, “амьгүй” гэж хэлж болох “Төгөлдөр хутагт констракшн” гэж  компанийг тендерт ялуулах гэж улайрч байна.  Гэтэл надад хүн, техник хоёроо хоёр хуваагаад тендерт өрсөлдсөн ч энэ салбарт хүч үзэх нөөц боломж нь байна. Тийм болохоор “Би ялжээ” гэсэн бардамнах бодол төрж байна. Бид сая аравдугаар сарын 3-нд болсон тендерийн будлиан, баримт нотолгоо зэргийг бүрдүүлээд Хүний эрхийн үндэсний коммис, хууль шүүхийн байгууллага, явах ёстой ямар л байгууллага байна, явна. Монголд өмгөөлөгч нарын үнийг дийлэхээ больсон байна. Тийм болохоор ганцаараа өөрөө өөрийгөө хамгаалаад, баримт нотолгоог нь цуглуулаад гүйж явна” гэв. Энэ бүхнээс үзэхэд, ардаа томоохон компани, бизнес бүхий төрийн түшээдийг байнгын ашиг сонирхлын зөрчил дагаж, явдаг. Тэгвэл таван удаагийн тендер будилуулсан гэх хэл ам Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон түүний удирдлагын багийг бас тойрохгүй бололтой. Энэ бүхнийг дарга, “цэрэг”-тэйгээ илэн далангүй ярьж суугаа ТҮК-ийн ажилчид  “Бидэнд өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж зогсох зав байхгүй нь тиймхэн юм даа. Түүнээс биш  хамаг хатуу хөтүү нөхцөлд ажиллаж байгаа бидний идэх хоолыг булаах гэж улайрч байгаа дарга нарыг эсэргүүцээд жагсмаар байна. Бид ажилтайгаа үлдмээр байна. Өвөл болох гэж байхад цас, зуд, өвөлжилтийн бэлтгэлээ мартчихаад мөнгө ярьж, хуйвалдаж суугаа дарга нарыг бодохоор уур хүрээд сууж болохгүй юм” хэмээн ярьсан.
М.Түвдэндорж: МАНАЙ САЛБАРТ ”ШОНХОРУУД” Л АЖИЛЛАДАГ
Өнөөдөр Монголын нийгэмд ажил олдохгүй байна гэж ярьдаг, хижээлдүү насныхан энд ажилладаг аж. Залуучууд нь цөөхөн юм. “Хэдэн төгрөгөө аваад, хэн нь архи уугаад явчих бол гэж санаа зовдоггүй. Манайд дандаа ажил, амьдрал нь тогтсон хүмүүс ажилладаг. Тэгээд ч манай салбар хэн дуртай нь гүйж орж ирээд ажилд орчихдог салбар биш. Хүн дайжиж явдаг хэцүү салбар. Зуны халуун гэж халгахгүй, хөхөө өвлийн хүйтэн гэж шантрахгүй, манай салбарт “Шонхорууд” л ажилладаг. Хог хаягдлын салбарт ажиллаж байгаа хүн бүр  хотын  хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө мартаж ажилладаг хүмүүс байдаг. Түүнээс биш хэдхэн дарга нарын мөнгө босгох гэж улайрдаг бизнес биш юм” гэдгийг М.Түвдэндорж дарга хэлж байв. Харин ТҮК-ийн ажилчид “Манай байгууллагаас хүн гарч л байдаг, орж л байдаг. Ажлаасаа гараад явсан зарим нь хоёр, гурван сар болоод буцаад ирдэг. Манай салбарт оффисын ажилтан шиг тухтай орчинд суугаад ажилладаг хүн байхгүй шүү дээ. Бидний ажил өдөр бүр үүрийн таван жингээр хогийн шүүрээ бариад  гарахаас эхэлдэг. Ажил ихтэй, ачаалалтай өдрүүдэд орой 6-7 цагт хогны машин явж л байдаг. Шинэ жилээр он солигдох үед манай ажилчид хогоо шүүрдээд, хотоо цэвэрлээд зогсож л байдаг. Бусадтай адилхан баяр тэмдэглэж чаддаггүй, тийм л завгүй хүмүүс энд ажилладаг” гэж байв. Ийнхүү яриа дэлгэн суух зуур албан байгууллага, нэг баг хамт олон болсон хойно хөгжилтэй зүйлс  ч олон тохиолдоно. Шинэ жилээр шинэ оноо гэр бүлтэйгээ хамт угтаж, чадахгүй ажиллаж таарна. Захирал  нь гэр бүлээс нь уучлалт гуйна Цагаан сараар ар гэрийнх нь ажил нь амжихгүй, ажилтай яваа нэгнийхээ  түлээ түлшийг базаагаад,  дарга, цэрэг гэлтгүй ууцыг нь чанаад гүйж л явдаг. Бидний ажилд хөгтэй, хөөртэй зүйлс энэ мэтчилэн зөндөө л тохиолддог” хэмээн тойрч суугаад сэтгэгдэлээ хуваалцах олны дунд  халуун дулаан уур амьсгал бүрэлдэх нь сайхан.
Зарим нь бие биенийхээ яриаг анхааралтай чагнана. Зарим ажилчид нь байгууллага, хамт олныхоо хөгжилтэй дурсамжийг ам булаалдан ярина. “Бид ч бас хамт олноороо аялна, зугаална. Бурхан Халдун уул руу хийморио сэргээх гээд явна. Бүсгүйчүүд нь бэлд нь сүү цайныхаа дээжийг өргөөд, эрчүүд нь уулын орой руу алхаад гараад ирнэ. Ярих зүйлтэй, дурсах санах зүйлтэй сайхан өдрүүд бидэнд олон бий” хэмээн хуучлах нь энэ байгууллагыг толгойлж яваа М.Түвдэндорж даргын хүнээ бодож ажилладагын илрэл байх.
АСРАХААС “ХАЛАГДСАН” ХҮҮХДҮҮД БУЮУ ХАМГИЙН ШИЛДЭГ АЖИЛЧИД
“Манай компани 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш хог хаягдлын салбарт ажиллахдаа улсаас 10-ын боолт ч авч үзээгүй. Бүгдийг нь өөрийнхөөрөө болгож ирсэн. Манай компани өссөн дэвжсэн, ажилчдаа нэмсэн” хэмээн ярихдаа М.Түвдэндорж захирал нэгэн хөөрхөн түүх дэлгэсэн нь сонирхолтой санагдав.
“Улаанбаатар шинэчлэл” ХХК өнөөдөр ажилчдынхаа нийгмийн асуудлыг чадлынхаа хэрээр шийдвэрлэж өгөхийг хичээдэг аж. Өнөө цагт их, дээд сургуулийн хаалга хааж, мэргэжилтэн гэсэн диплом өвөртөлсөн ч томоохон албан тушаалтан найз нөхөд, ах дүүгүй л бол ажилд орж, байр сууцтай болж амьдрах нь залуусын хувьд биелэшгүй мөрөөдөл мэт болсон зүйл. Тэр тусмаа амьдралаа залгуулъя гэхээр ажилд авахгүй, эцэг эхээсээ хараат бус амьдаръя гэхээр орлогогүй хүмүүст хаана ямар ажил хийх нь бүр ч хэцүү асуудал. Нэг өдөр М.Түвдэндорж захирал  18 нас хүрээд асрах төвөөс “халагдсан” гурван хүүхэдтэй гудамжинд таарчээ. Асрамжийн төвийн хүүхдүүдэд тулгамдсан олон асуудал байдаг ч 18 нас хүрэхэд нь амьдралын ямар ч дадлага, туршлагагүй, асарч хамгаалах хүнгүй хэцүүхэн хувь тавилан тэднийг хүлээж байдаг нь хамгийн том асуудал байдаг. Асрах төвд ихэнхдээ аав, ээжээсээ өнчирч хоцорсон, эсвэл амьд сэрүүн байлаа ч эцэг эх нь асран хамгаалах чадваргүй, хорих ангид ял эдэлдэг, хөдөлмөрийн бэрхшээлтэй, бүр хорвоод хүн болж мэндлээд “гологдсон” хүүхдүүд арсамжийн төвд хүмүүждэг. 18 нас хүрээд, хаачихаа мэдэхгүй гудамжинд гарч ирж байгаа, харах хүнгүй, хайхрах эцэг эхгүй гурван өнчин хүүхдийг “Улаанбаатар шинэчлэл” ХХК ажилд авч, тэднийгээ гэр оронтой болгож өгчээ. Гурвууланд нь тус бүрт нь шинэ гэр авч өгч айл болгосон байна. Одоо энэ байгууллагадаа найм дахь жилээ ажиллаж байна гээд сэтгэл хангалуун ярьж суух нь бахархмаар санагдав.
Захирал  нь ч бас тэднийгээ магтаад амжсан. “ Эд нар миний хамгийн шилдэг, хамгийн шударга ажилчид байдаг. Нэг нь манай байгууллагын бараг л нярав шиг ажилладаг.  Бүх  зүйлийг маань ян тан бүртгээд, цоожлоод, цэгцлээд хянаад сууж байдаг. Тэд их шударга үнэнч ажилладаг. Дэмий тэнэдэггүй, архи уудаггүй. Миний хамгийн сайн ажилчид. Анх гудамжинд хаачихаа мэдэхгүй явж байгаад надтай таарсан байдаг. Тэгээд ажилд авч байсан. Одоо манай байгууллагын хамгийн шилдэг ажилчдын эгнээнд явж байна.  Энэ мэтчилэн манай байгууллагад бусдад гайхуулж бардамнах олон сайхан зүйл бий. Энэ гурван хүүхдийг хүний  зэрэгтэй хүн болгож, айлын дайтай авч яваа гээд намайг Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Нигүүлсэл” алтан медалиар шагнаж байлаа. Би бусдад буян хийж яваадаа баярлаж байсан” гэв.
“ХҮНИЙ ТӨЛӨӨ, НИЙГМИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ”
Бид ийм л нэгэн байгууллагаар зочлов. “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хамт олон нэг гэр бүлийн гишүүд шиг бие биедээ тус дэмтэй явдаг, халуун дулаан уур амьсгал бүрдсэн сайхан хамт олон юм. Харин  энэ байгууллагын захирал М.Түвдэндоржийнх ам бүл долуулаа амьдардаг. Таван хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлийн эзэн ажээ. Түүний эхнэр Б.Эрдэнэсайхан гэж  нүдэнд дулаахан бүсгүй Япон хэлний синхрон орчуулагч мэргэжилтэй. Одоогоор шинэ хүнээ хүлээж аваад гэртээ байгаа гэж байв. Хоёр том охин нь оюутан,  хоёр хүү нь хоёулаа нэгдүгээр ангид сурдаг. Хамгийн бага охиноо, шинэ хүнээ хүлээж аваад хэдхэн хонож байгаа гэв. Мөн “Манай компанийг хүмүүс их л том байгууллага гэж хүлээж аваад байдаг. Үнэндээ эхнэр бид хоёр л Япон улсад “зарц” болж ирснийхээ дараа босгосон компани байдаг. Одоо ч мөн хоёулаа хөдөлгөдөг. Би өнөөдөр танил талтайсан бол дээрх хуурамч компаниудын захирал шиг адилхан инээгээд сууж байх байлаа. Өнөөдөр миний гарт шударга ёсны зэвсэг л байна. Ажилчдаа, гэр бүлээ хамгаалж үлдэх юмсан. Босгосоноо бусдад нураалгуулж, луйвардуулчихгүй юмсан гэж л тэмцэж явна. Шударга ёс ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээн биднийг үдсэн юм.  Тэрээр бидэнтэй ярилцах зуураа нэгэн зүйлийг онцолсон. “Айл гэрийн амьдрал, албан байгууллагыг чадварлаг сайхан удирдаад авч явдаг бүсгүйчүүд байдаг. Өөдтэй, өнгөтэй, амжилтай яваа эрчүүдийн цаана айл гэрийн эхнэр хүн л нуугдаж байдаг.  Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад  бусдын адил хүнээ бодож, нэгнийгээ дэмжиж ажилладаг хүн биш бололтой. Хүн удирдаж чаддаггүй хүн бусдын амьдралыг баллана уу  гэхээс өөр дэмтэй, сүйдтэй зүйл хийдэггүй юм байна. Монгол Улсын нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарыг харахад ихэнхийг нь эрчүүд удирддаг. Бусад дүүргийнх нь асуудал нь жигд яваад байж болоод байна. Тиймээс хүнд чадах, чадахгүй ажил, хүч хүрэх хүрэхгүй ажил гэж байдаг юм байна даа” гэж харж сууна гэв.
“Энэ өвөл хатуу хахир болно. Цас ороод хоноход л бид санаа зовж эхэлдэг. Хаана халтиргаа гулгаа их үүсээд, хүн амьтан бэртчих бол. Аль нэг машины тормос барихгүй, гулгаад хальтираад явчих вий. Хогоо цэвэрлээд, шүүрдээд зогсож байгаа нэгнийг нь согтуу, хөлчүү жолооч нь шүргээд явчих вий. Бэртээж гэмтээчих вий гээд нойргүй шахам хонодог. Монгол хүний амь нас, эрүүл мэнд энэ ажилгүйдлийн ард асуудал дагуулж явдгийг дарга нарын энэ хувалдаан огтон ч бодолцохгүй байна. Гэтэл миний ажилчдын ард олон гэр бүл байна. Олон хүн амьдралаа залгуулж байна. Миний ажилчид ажлаасаа халагдчихаад ард нь өөр байгууллагад мэргэжлээрээ ажилд орчихдог төрийн албан хаагч биш. Миний хэдэн цэвэрлэгч нарт ажил олдохгүй. Тэдний ард хүүхдүүд нь  хоолгүй, түлшгүй хонож байна. Миний ажилчид ажлаа хийхийнхээ хажуугаар хоёр дахь түүхий эд цуглуулаад, тушаагаад гэртээ нэмэр болоод амьдарч байна. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, ЗДТГ-ын дарга Н.Энхболд нар өдөржин хүний ажил баллаж, хор найруулж хов хутгачихаад орой нь цасан цагаан хөнжилдөө тухтай сайхан унтаж амарч байна. Эх хүн, эмэгтэй хүн, ээж хүн, удирдагч хүн гэж хэлэ­хэд хэцүү санагдаж байна. Энэ дүүргийн хөг­жил дэвшилд миний ажил­чид ч бас хувь нэмрээ оруулж яваа. Хүнийг бодож ажил­ладаг байх хэрэгтэй” хэмээн дараа дараагийн дарга нарт хатуухан захиас дайж, яриагаа өндөрлөсөн юм.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 6 November 2017

amjilt husie

Нэр: Anonymous Огноо: 6 November 2017

яацан нийгэм гэхээрээ ийм байдаг юм бэ? юм хийсэн хохирдог байж болох уу? П үсэг. хэлэх ч үг алга. хэн хийж байгаа нь сайхан амьдрах нийгэм бишсэн бил үү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.