Оффшорын шинэ дуулиан Хатан хаан II Елизаветагийн нэр хүндэд нөлөөлж мэдэх нь

olloo_mn_1510025584_QUEEN-PARADISE_PAP_3208478fОффшорын шинэ дуулиан Их Британийн хатан хаан II Елизаветагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй болсон тухай Засгийн газартай ойр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн РИА Новости агентлаг мэдээлжээ.

Британийн хатан хааны ордон ням гарагт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-аас гаргасан шинэ баримтад дурдагджээ. Уг баримтад тэмдэглэснээр хатан хааны ордон Жорж Соросын нэг сангаас санхүүждэг гэнэ. Эдгээр мэдээллээс үзэхэд хатан хааны эзэмшилд байдаг, түүний хувийн зардлыг Ланкастерын гүнгийн газар Кайман, Бермудын арлуудад бүртгэлтэй байдаг сангуудаас санхүүжүүлдэг байсан гэжээ.

“Оффшорууд хөрөнгө оруулалт хийх нь хууль бус ч энэ мэдээлэл батлагдах юм бол Британид мэдээж шуугиан үүснэ. Өнгөрсөн удаа ийм цуу яриа ямар байдалд хүргэснийг сайн сана. Дэвид Кэмерон Ерөнхий сайдын суудлаасаа золтой л огцорчихоогүй шүү дээ. Хатан хаанд ч мэдээж ийм аюул учрахгүй. Тэгээд ч хатан хаан өөрөө санхүүгийн асуудлаа эрхэлдэггүй. Гэхдээ л түүний нэр хүндэд хар толбо үлдээх болно” хэмээн Засгийн газартай ойр эх сурвалж РИА Новости агентлагт өгүүлжээ.

“Ланкастерын гүнгийн газар нэлээд хэдэн таагүй асуудалд хариулт өгч, ямар нэгэн заль мэхэнд оролцоогүй гэдгээ британичууддаа батлахын тулд зарим баримтаа дэлгэхээс өөр аргагүй болж байна” хэмээн эх сурвалж нэмж хэлжээ.

Британийн ICIJ-ийн түнш ВВС агентлагийн мэдээлснээр оффшорын сангууд хатан хаанд нэр хүнд муутай компаниудыг хөрөнгө оруулж байсан гэнэ. Тухайлбал, “Threshers” согтууруулах ундааны худалдааны сүлжээ, тавилга, цахилгаан хэрэгсэл, гэрийн хогшил худалдан авч, түрээслэх эрхтэй, лизингийн шударга бус үйлчилгээгээрээ олны шүүмжлэлд өртдөг “BrightHouse” зэрэг компани багтжээ.

Ланкастер гүнгийн газрын санхүү эрхэлсэн захирал Крис Эдкокийн мэдээлснээр тэдний хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалтын шинжээчдийн зөвлөгөөгөөр явагддаг гэнэ. Тэгээд хөрөнгө оруулалтын тун цөөхөн хувийг гадаадын сангуудаас авдаг гэжээ.

“Манай бүх хөрөнгө оруулалтад аудитын шалгалт орж, хуулийн дагуу хийгддэг. Хатан хаан хүссэн үедээ гүнгийн газраас авсан орлогынхоо татварыг төлдөг” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Үүнээс өмнөх оффшорын дуулиан 2016 оны дөрөвдүгээр сард гарч, Панамын хуулийн фирм “Mossack Fonseca”-гийн материалууд дэлгэгдсэн билээ. Тэр үед Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмероны аав Иан Кэмероны нэр дурдагдаж, дуулиан дэгдсэн.

Үүний улмаас сайд нарын танхимын тэргүүн Ерөнхий сайд болохоосоо өмнө “Blairmore Holdings”-т хувьцаа эзэмшдэг байснаа хүлээсэн юм. Кэмероны хэлснээр тэрбээр өөрөө болон эхнэр Самантатайгаа 2010 оны нэгдүгээр сард 30 мянган фунт стерлингийн үнэтэй хувьцаа худалджээ. Үүний дараа лейбористууд Кэмероныг огцрохыг уриалж байсан юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.