Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компанид Монголд төр байдгийг харуулж чадах уу?

23414177_1206520286150680_1744179054_n-600x338

Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэхийг зорьсоор ирсэн. Гэвч Монголын хуулийг уландаа гишгэж, монгол хүний эрх ашгийг үл тоомсорлосон гадны компаниуд цөөнгүй байсаар. Үүний нэг нь “Монгол 8888” гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Нийслэлийн Багахангай дүүргийн нутагт хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр ажиллуулдаг тус компанийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ.

“Монгол 8888” компани Монгол Улсын нутаг дэвсгэрт хөнгөн цагаан боловсруулж автомашины дугуйны обуд үйлдвэрлэн Хятад руу гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, автомашины хөнгөн цагаан эд анги үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Ийм үйлдвэрлэл эрхлэхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах ёстой. Харин “Монгол 8888” ийм зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулаад зогсохгүй дахин нэлээн том хэмжээний үйлдвэр барьж эхэлжээ.

Асуудал үүгээр дуусахгүй. Барилга барих зөвшөөрөлгүй хэрнээ ямар ч зураг төсөлгүйгээр шинэ үйлдвэр барьж, энэ ажлаа мэргэжлийн бус хувь хүмүүстэй гэрээ байгуулан  гүйцэтгүүлж байгааг эх сурвалж ярилаа. Эндээс харахад “Монгол 8888” компани Монголд ямар ч үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болно гээд ойлгочихсон бололтой.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй, барилга барих зөвшөөрөлгүй, барилгын зураг төсөлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрддөггүй, хятад ажилчид нь визний зөрчилтэй гэхчилэн тус компанийн хуулийг гууль болгосон үйлдлийг тоочвол урт жагсаалт гарна.

Хамгийн ноцтой нь хүний эрүүл мэндийг хохироосон үйлдлээ “Монгол 8888”-ынхан үл тоож, хохь чинь гэсэн байдлаар хандан, эмчилгээний төлбөрийг ч өгөлгүй таг чиг болжээ. Тодруулбал, хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрт нь 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр ажилд орсон иргэн Б өнөөдөр эрүүл мэндээрээ хохирчихоод явж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, шөнийн цагаар ажилуулдаг, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үйлдвэрийн ажилчид гэмтэж бэртэх нь их байдаг байна.

Б-гийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө хөнгөн цагаан хайлмаг өндөр температурт халж буудах үед хоёр нүд, гар, нүүр, толгойн хэсэгтээ гүн түлэгдэж гэмтжээ. Түргэн тусламж дуудаж нийслэлд Клиникийн нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн түүний нүднээс хайлмагнуудын үртсийг түүсэн бөгөөд өдгөө хараанд нь нөлөөлж эхэлсэн байна. Үйлдвэрийн байранд осол гарч хүний эрүүл мэнд хохирчихоод байхад “Монгол 8888” компанийн зүгээс огт санаа тавьсангүй. Хохирсон иргэн өөрөө холбоо барьж эмчилгээний зардлын баримтыг өгсөн боловч өнөө хэр хариу өгөөгүй байна.

Үйлдвэрийн байр төдийгүй одоо шинээр барьж байгаа үйлдвэрийн барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар ямар ч дүрэм журам үйлчилдэггүй. Барилга барьж байгаа хүмүүс нь бэхэлгээгүй, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй гээд зөрчил их байгаа нь хэзээ ч хүний амь, эрүүл мэнд хохирч мэдэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Өөр нэг ноцтой зөрчил бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ огт хийлгээгүй явдал. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчиж, ямар ч үнэлгээ хийлгээгүй үйлдвэр барьж байгуулж байгааг яагаад таслан зогсоохгүй өдий хүрэв.
Ер нь тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй үйлдвэр нэмж барьж, хүний эрүүл мэндийг хохироосоор байхад “Монгол 8888”-ыг энэ хүртэл даврахад юу нөлөөлөв гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Юутай ч иргэн Б Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мөрдөн байцаах албанд хандаад байгаа юм байна. Эдгээр байгууллага Монголд төр, хууль байдгийг харуулж, төрийн нэрийн өмнөөс хариуцлага тооцно гэдэг итгэлтэй байна. Бид энэ асуудлын талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Н.Биндэр
Эх сурвалж: nuuts.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.