Зээлийн өндөр хүүд зөвхөн банк буруутай гэж үү?!

12703

-Судалгаагаар бол 2020 онд зээлийн хүү 14 хувьд, цаашлаад 2024 онд 9 хувьд хүртэл буурч ирэх бололцоо харагдаж байна. Үүний тулд мэдээж бүгд даалгавраа сайн хийх хэрэгтэй болно-

Санхүүгийн зах зээлийг дангаар шахам бүрдүүлж /97 хувь/ ирсэн арилжааны банкууд “мөнгө хүүлэгч” хэмээн адлуулахдаа хүрсний шалтгаан нь юу юм бэ?

Монголд банкны зээлийн хүү хэт өндөр гэдэг нь маргашгүй үнэн ч шалтгаан нь хамтын бүтээл. Улс орнуудын жишгийг аваад үзвэл бусад оронд ч бас санхүүгийн салбарыг нь дан ганц банкууд ноёлж байсан үе байх ч энэ нь манайх шиг 27, бараг 30 жил үргэлжилсэн нь бараг үгүй. Бодит эдийн засаг, үйлдвэрлэлдээ санхүүжилт хийдэг банкнаас өөр бусад эх үүсвэрийг хөгжүүлэхийн тулд сонгуулиар солигддог бодлоготнууд төдийлөн урагштай ажиллаагүйн үр дагавар өнөөдрийн арилжааны банкуудын өндөр хүү юм.

Тэгэхдээ энэ өндөр хүүг аль нэг банкны хэн нэгэн захирал хорон санааны үүднээс тогтоодог юм биш. Нэг үгээр бол мөн л хамтын бүтээл. Одоо тэгвэл энэ өндөр хүүг буулгахын тулд мөн хамтдаа ажиллацгаахаар шийдэж, дээр доороос нийлэн нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаад байгаа аж.

Монголын эдийн засаг угаасаа бага хуримтлалтай. Мөнгөний нийлүүлэлтийг нь бараг л дан ганц уул уурхайн экспортын орлого шийддэг, тэр нь байсхийгээд л унадаг. Нэг хэсэг гадаадын хөрөнгө оруулалт хэрдээ нэмэр болсон ч сүүлдээ саарсан. Эцэст нь гадаад зах зээл дээр бонд гаргах замаар эх үүсвэр татах болж, эдийн засагтаа мөнгөний нийлүүлэлт хийх болсон. Банкууд дахь хадгаламжийн хэмжээ сүүлийн үед 9 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ч тун бага хуримтлалтай гэсэн үг. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт өнөөдөртөө бондын эх үүсвэр, экспортын орлого, иргэдийн хадгаламж дахь хуримтлалаар хэмжигдэж байна.

Харин эдгээр эх үүсвэрээс нийлүүлэгдсэн мөнгийг цааш нь зуучлан зээлдүүлж байгаа банкууд дунд нь үнэхээр ихийг хүүлдэг хэрэг үү?

Үүнд хариулахын өмнө “зээлийн хүү гэж юу юм бэ, яаж бүтдэг юм бэ” гэдгийг зарим гишүүнд зориулан тайлбарлах нь зүйтэй болов уу. Тэгвэл зээлийн хүү нь эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, ашгийн марж, мөн эрсдэлийн шагнал гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Эх үүсвэрийн зардал өндөр байгаа тохиолдолд зээлийн хүү нам байх ямар ч боломжгүйг банкны шинжээч дараах байдлаар тайлбарлаж байгаа юм.

Жишээлбэл, АНУ-ын Төвбанкны бонд нь 1.75 хувийн хүүтэйгээр эх үүсвэр татдаг бол манайд 8.75 хувийн хүүтэй байна. Энэ 8.75 хувийн хүүг хаанаас бий болгосон бэ гэвэл 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны “Хуралдай” бонд гадаад зах зээлд ийм хүүтэйгээр борлогдсоныг энд жишиг болгож байгаа хэрэг. Энэхүү 1.75 хувийн болон 8.75 хувийн хүүгийн ялгаа нь зээлжих зэрэглэлийн ялгаа гэж ойлгож ч болно. Зээлжих зэрэглэлээс болоод гадаад зах зээлээс эх үүсвэр татах зардал 8.75 хувь болж байна. Зээлийн хүү өндөр байгаагийн нэгдүгээрх шалтгаан нь Монгол Улсын зээлжих зэрэглэл гэсэн үг юм.

Тэгвэл дотоодод арилжааны банкууд хадгаламжийг жилийн 15 хувийн хүүтэйгээр татаж байна.Төгрөгт итгэх итгэл сулрахын хэрээр төгрөгийн хадгаламжийн хүүг өндрөөр тогтоож байж хадгаламж дууддаг нь үнэн. Бас л өндөр зардалтай эх үүсвэр. Зээлийн хүү өндөр байгаагийн хоёр дахь шалтгаан хадгаламжийн хүү өндөр буюу 15 хувь байгаатай холбоотой гэсэн үг. Ийм тохиолдолд энэ эх үүсвэрээс цааш гаргаж буй зээлийн хүү 20 хувиар тогтож байна.

15 хувийн хүүтэй эх үүсвэр 20 хувийн хүүтэй зээл болж байгаа ба энэ 5 хувийн зөрүүнд үйл ажиллагааны зардал багтахаас гадна эрсдэлийг тооцсон 3 хувь багтаж буй юм. Харин энэ бол зээлийн хүү өндөр байгаагийн гурав дахь шалтгаан болно гэж банкирууд тайлбарлаж байна.

Мэргэжилтний өгч буй дээрх тайлбараас харвал зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан нь Монгол Улсын зээлжих зэрэглэл. Харин энэ зэрэглэл өгсөх уруудах нь засаг төрийн бодлогоос шууд хамаарах атал үүндээ улстөрчид өөрсдийгөө буруутгах, үйл ажиллагаагаа засаж залруулахдаа хойрго. Тийм атлаа банкуудыг муучлах нь элбэгссэн учраас энд зээлийг хүүг нэмэгдүүлж буй нэг шалтгаан болох банкны эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг сануулах нь зүйтэй байх.

Мэдээж зээлийн хүү өндөр байх нь хаа, хаанаа хүндрэл үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Зээлийн хүү өндөр байх нь үйлдвэрлэгчдийн өртгийг нэмэгдүүлэх худалдан авагчдын хэрэглээг хязгаарлах, улмаар эдийн засгийг сааруулах төдийгүй эргээд тухайн банкны хувьд чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Иймд Монголбанк, Монголын банкуудын холбооны дэргэд зээлийн хүү бууруулах асуудлаар ажлын хэсгүүд байгуулагдан зорилгоо нэгтгээд байгаа хэрэг. Энэ хүрээнд хийгдсэн судалгаагаар бол 2020 онд зээлийн хүү 14 хувьд, цаашлаад 2024 онд 9 хувьд хүртэл буурч ирэх бололцоо харагдаж байна. Үүний тулд мэдээж бүгд даалгавраа сайн хийх хэрэгтэй.

Улстөрчид нь хариуцлагатай байж улсынхаа зээлжих зэрэглэлийг өсгөх, арай хямдаар эх үүсвэр татах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын орлогоо өсгөх гэх мэт ажлуудыг сайн гүйцэтгэвэл банкны зээлийн эх үүсвэр “хямдарч” таарна Мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь зах зээлд банкны ноёрхлыг багасгах нэг арга зам санхүүжилтийн өөр боломж.

Мэдээж нөгөө талдаа банкуудад ч бас хариуцлага байж таарна. Тэд өөрсдийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, эрсдэлээ удирдах зэрэг алхмуудыг хэрэгжүүлснээр хүүг тодорхой хэмжээнд бууруулах бололцоо бий.

А.АЛИМАН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.