“Хоригоос болж 6 сая тонн нүүрс экспортлох боломжоо алдлаа”

12751

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хориг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ, Засгийн газрын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:Ерөнхийлөгч өө, та Ерөнхийлөгч шиг бай. Та намын дотоод асуудал руу орж байна. Хэнийг хаана ямар албан тушаалд тавихыг та зааж байна.

Төмөр замын хэрэгт татагдсан А.Гансүхийг та Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны нарийн бичгийн даргаар томилсон. Энэ зөв юм уу. 60 тэрбум, төмөр замтай холбоотой 600 тэрбум төгрөгийн асуудал өнгөрсөн хугацаанд яригдаж ирсэн. Энэ бүхнээ ил болгож, цэгцлэхгүй бол таавар тааж, үлгэр ярьж, нэгнийгээ гэмт хэрэгтэй хутгаж, хулгай луйварчин болгож ирлээ.

Тэгсэн атлаа хулгайч луйварчин нь нотлогдчихсон юм байдаггүй. Хариуцлага гэж байдаг бол Ерөнхийлөгч өө бүх хүмүүст нь хариуцлага тооцоод нэг талд нь гарга.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийг халамж тараах гэж байгаа юм шиг их ярилаа. Эмч, багш, төрийн албан хаагчдын ажлыг үр дүнгээр урамшуулах Засгийн газрын тогтоол 2013, 2012 онд тус бүр гарсан юм. Үр дүнгээс нь хамаарч урамшуулал олгоно, энийг халамж гэж мушгиж болохгүй.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Эх үүсвэр дууссанаас өнгөрсөн наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгө олгож чадаагүй. Он дуустал хүүхдийн мөнгө олгогдохгүй нөхцөл үүссэн учраас 104 .5 тэрбум төгрөг суулгаж өгсөн.

Төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй. Орлогыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон.Ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгох заалтыг дэмжиж байгаа, нийгмийн түншүүд ч мөн дэмжсэн. Гэхдээ нэг удаа биш 2018 оны төсөвт мөн суулгаад яв гээд гурван талт хэлэлцээрээр дэмжсэн асуудал.

2017 оны төсвийн тодотголд энэ мөнгийг тусгахдаа ажлын үр дүнгийн урамшуулал гэдгээр тусгасан. Гэтэл Ерөнхийлөгчийн ажлын алба халамж гэж яриад байгааг ойлгохгүй нь.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч та хоёр удаагийн хориг тавилаа. Та бол эв нэгдлийг сахихаар тангараг өргөсөн. Та Женко групп, Ардчилсан намын ерөнхийлөгч биш, Монгол Улсын Ерөнхийлөгч. УИХ-ын микрофон ашиглаад гишүүдийг доромжилж болохгүй.

Сүүлийн 10 жилд хийсэн дайн тулаанаа зогсоо. Монгол Улс дипломат хоригт орлоо. Таны мэдэгдлээс болж, 6 сая тонн нүүрс экспортлох боломжоо алдлаа. Сүүлийн 20 жилд 100 сая тонн нүүрс экспортлох боломжийг алдсан.Энэ бол 10 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө.

Та Ерөнхийлөгч болоод таван сар боллоо. Нэг ч удаа аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсангүй. Монгол өрийн дарамтад орлоо. Энэ аюулгүй байдлын зөвлөлөөр ярих асуудал биш үү. БНСУ-ын Элчинд өдөрт 1000 залуу виз хүсэж байна. Өдөр болгон хэдэн мянган залуу Солонгосын хил дээр зогсож байна. Энэ аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ярих асуудал биш үү.

Сүүлийн таван жилд 150 мянган залуу сүүлийн таван жилд гэмт хэрэгт холбогдлоо. Бусдын гарт 1144 хүн амь насаа алдсан байна. Хавдраар өдөрт 7 хүн нас барьж байна. Энэ аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ярих асуудал биш үү. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 17 мянган баялаг бүтээгчээ хууль хяналтын байгууллагад өгч шалгуулсан байна.

Таныг би хориг тавьдаг Ерөнхийлөгч битгий байгаасай.Хөгжил дэвшил ярьдаг Ерөнхийлөгч байгаасай гэж хүсэж байна. 26 жилийн хугацаанд 16 Засгийн газар сольсон. Ерөнхийлөгч та Үндсэн хуулийн асуудлыг ярихгүй юм уу, улс төрийн тогтворгүй байдлыг ярихгүй юм уу. Ийм юмыг Ерөнхийлөгч ярих ёстой. Ийм асуудлыг та УИХ-д оруулаад яриад сууж байх ёстой юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Ардын намд итгэл өгч монголчууд саналаа өгснөөс Олон улсын валютын сан/ОУВС/-д санал өгөөгүй.

Гэтэл ОУВС гэдэг далбаан дор олон хууль үнэ цэнэгүй болсон. Үүн дээр хэн ч дуугарахгүй байна. Монгол Улсын төрийн бодолго, хууль дээдлэх зарчмыг зөрчиж болохгүй. Бид ОУВС -аас гарах хэрэгтэй.Уул уурхай үнэ үнэтэй байгаа үед эдийн засгаа өөрсдөө авч явах хэрэгтэй, ийм байдал руу оруулж болохгүй.

ОУВС-ийн шахалтаар 7 төрлийн татвар нэмэгдсэн. Ажиллагсдын цалинг нэмэхгүй байх шаардлага тавигдсан. Дараагийн том алдаа бол 55 тэрбум. ОУВС-гийн шаардлагаас зугтааж төрийн албан хаагчдад мөнгө тараах болсон. Халамж тараах болсноороо хөдөлмөрийн үнэлэмжийг үгүйсгэсэн. Тийм учраас Ерөнхийлөгчийн хорийг хүлээж авахёстой гэж Ардчилсан намын бүлэг үзсэн.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч өө, өс зангидсан, гомдсон хүмүүсийн үгээр ажлаа битгий хий. Та нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, ажлаа өөрийнхөөрөө хий.

Та надаас 55 тэрбум төгрөг их мөнгө үү гэж асуулаа. Гашуун сухайт руу тавьсан төмөр зам холболтын цэгээсээ зөрсөн. Энэ төмөр замын даланг босгохын тулд Хөгжлийн банкнаас 220 сая ам.долларын зээл авсан байдаг. Жилийн 7.3 хувийн хүүтэйгээр. Хүүд нь жилд 55 тэрбум төгрөг төлдөг.

Та ард түмний өрийг дарна гэж хэлсэн. Бүдүүвч тооцоо хийгээд үзлээ. Төрийн албан хаагчдын төлж байгаа зээлийн хүүгийн төлбөр хоёр сарынх нь 55 тэрбум болж байна. Тэгэхээр төрийн албан хаагчдын хоёр сарын зээлээ төлөх мөнгө гэж ойлгоорой.

Урагшаа харж хөгжих цаг болсон. Биедээ дэгээ тавьдаг, доромжилдог дайрдаг юмнаас Монголчууд залхлаа. Ажлаа хиймээр байна, төмөр замаа баримаар байна. Төслүүдээ хөдөлгөмөөр байна гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.