Байгаагаа зөөхөөр хийж бүтээгээд сурчих юмсан

12752

Өөрснөө юмаа хийгээд сурахсан гэж манайхан хэрэндээ л хичээх юм. Харамсалтай нь үйлдвэрлэлийн орчныг дэмжих төрийн дэмжлэг муу, татварын орчин нь хүнд, хөрөнгө оруулагч нарыг үргээсэн бодлоготой болохоор яаж ч хичээгээд үйлдвэржилт харь хөндий сонсогдоод байгаа юм. Баялаг үйлдвэрлэгч цөөхөн толгой компаниуд томрохоосоо илүү жижгэрүүлсэн нь төрийн дарамтаас хол байх үндсэн шалтгаан болоод байгаа нь хөгжих гэдэг нь үлгэр домог байхаас ч өөр яах билээ дээ. Гадаадын хөрөнгө оруулагч нар ороод ирэхээр нь янз бүрээр дарамтална. Эзэн нь илүү хувийг эзэмшдэг юмаа гэж баахан эх орончдоор гул барьж байгаад л хөөгөөд явуулчихна. Нүүрс, алт зэс, уран, газрын тосны олон ч хөрөнгө оруулагч ийм л шалтгаанаар оруулсан хэдэн төгрөгөө олон улсын шүүхээр оруулж байгаад Монголоос аваад эргэж ч харахгүй гараад явчихсан жишээ дэндүү олон. Техник технологи байхгүй, мэргэшсэн боловсон хүчин байхгүй, улс төрийн шийдэл ямагт ардаа мөнгөний сонирхол бүхий бүлгүүдийн эрх ашгийг тусгадаг, эсэргүүцээд гэдийвэл эх орончид галт зэвсгээр сүрдүүлдэг бүр бууддаг, мөнгө нэхэж шантаажилдаг үгүй бол тэсрэх бөмбөг байрлуулна гэж заналхийлдэг оронд хэн амар тайван ажил хэргийн хэтийн бүтээн байгуулалт хэрэгжүүлэх билээ.

Хөрөнгө оруулалт гэж хэдэн халтар төгрөг биш хамтын ажиллагаа юм шүү дээ. Уул уурхайд оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бусад салбаруудаа хөл дээр нь босгоход ашиглавал жинхэнэ бүтээн байгуулалт болно. Жишээ нь, Оюутолгойг хар л даа. Алт, зэсийн ашгаа хараад байна уу гэхээс дэд бүтэц, оёдол, ажлын хувцасны үйлдвэрлэл гэх мэт ахуйн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл асар их хэмжээгээр нэмэгдсэн. Уул уурхайг дагаад бий болж байгаа бусад салбаруудын сэргэлт Өмнөговийн иргэн нэг бүрийг ажилтай болгосон. Одоо хараарай. Боссон бүх салбарууд ээлж дараагаараа эргээд унаж байна. Ашигт малтмал бол дахин сэргээгддэггүй баялаг. Ийм баялгаар үр шимээ байнга өгч байдаг ХАА, газар тариалан болон бусад салбараа сэргээн босгоод авбал тун ч их өгөөжөө өгөх юмсан. Гадныханд нэг л их өндөр үнээр ашигт малтмалаа зарах тухай л ярьдаг болжээ. Хамтарч ашиглаад боловсруулах үйлдвэр барьж нэмүү өртөг шингээгээд улмаар эцсийн бүтээгдэхүүн хийгээд гадаад зах зээл дээр борлуулбал хоёр талд хоёуланд нь ашигтай шүү дээ гадаадын хөрөнгө оруулагч нар гайхан асуудаг гэсэн. Манайхан болохооор хармын сэтгэл төрөөд үгүй ээ өндөр үнээр зарна л гээд гэдийчихдэг. Өнөөхөндөө хэдхэн төгрөг олж байвал хэтийн хэрэг явдал байдаггүй бололттой. Нөгөө хэд нь толгой сэргсрээд арилж өгнө. Нэгийг арав болгочих ухаан хэрэгтэй болохоос арвын нэг болгодог мунхаглал хэрэггүй л юмсан.

Дайны дараах Солонгос, Япончуудад баялаг байсангүй. Тэд технологийн дэвшилд л гол анхаарлаа хандуулсан. Байгалийн баялгийн нөөц хомсхон тэд шинжлэх ухаан технологийн салбар хөгжлийнх нь түүчээ гэдгийг ухаарсан. Гэхдээ чанартай чадварлаг боловсон хүчин бэлдэхийг хичээсэн юм. Барууны ертөнцийн хамаг л шилдэг гэх бренд, ололт амжилтыг өөртөө урин дуудсан. Олон ч том хамтарсан үйлдвэрүүд баригдсан. 10, 20 жилийн хугацаанд мянга мянган залуусаа хамтарсан үйлдвэрүүдэд ажиллуулсан. Мэдлэг боловсролтой, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдээ ингэж л хамтарсан үйлдвэрүүдээрээ дамжуулаад бэлтгэсэн хэрэг.

Өнөөдөр Хятадыг хар л даа. “Toshiba”, “Panasonic”, “Sony” гээд дэлхийн том брэндүүдийг бүгдийг нь дотооддоо урьж үйлдвэрүүдийг нь байгуулсан нь арав хүрэхгүй жилийн өмнө шүү дээ. Одоо тэднээс технологийг нь сурч аваад “Haier”, “Lenovo” гэсэн өөрсдийн брэндийг бий болгосон, тэдгээр нь өнөөдөр IBM-ийг зах зээлээс шахаж эхэлжээ. Хөрөнгө оруулалтын үр ашиг ингэж л хэмжигдэх ёстой. Өөрсдийгөө нэг жишээд үзээрэй. Гурван сая хүн амтай хэрнээ 100-гаад их дээд сургуультай. Ажиллах хүчнийх нь тал шахуу оюутан эзэлдэг Монгол мэдлэг боловсролынхоо цараагаар дэлхийд магнайлах учиртай. Гэтэл төгссөн нь суралцсан мэргэжилдээ гологдоод дэлгүүрийн лангуу түшээд нойрмоглоно. Дийлэнх нь гудамжинд лаазаа өшиглөнө. Тэгсэн хэрнээ ажлын байрны мянга мянган зар яваад байдаг. Залхуу, мэдлэг боловсрол дулимаг, зугаа цэнгэл, найр наадамд дуртай залуус маань эзэгнэвэл асар том хөдөлмөрийн зах зээл байх юм даа. Хөрөнгө оруулалт, хамтрахын ашиг тусыг өнөөхний хэдэн бор цаасаар хэмжихгүй хэтээ харвал бид баялагтай бол баялагтай, мэдлэг чадвараар хэнээс ч хоцрохгүй сэргэлэн нүүдэлчдийн удам угсаа юмсан.

Н.Бадамжав


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.