Улаанбаатар хотын иргэдийг татвартай болгох шаардлагатай гэв үү

tatwar87УИХ-ын чуулганы өчигдрийн (11.10) үдээс хойших хуралдааны эхэнд Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тавьсан асуулгын хариуг сонслоо. “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”-х мэдээллийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа юм байна. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр агаарын чанарын стандартаас 1.7-1.9 дахин давсан үзүүлэлт гарчээ. Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд нийцүүлэн боловсруулж батлан хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, утаа үйлдвэрлэгч яндангийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэн 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Ерөнхий сайдын захирамжаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайдаар ахлуулан шинэчлэн байгуулж, дэд даргаар БОАЖ-ын сайд, гишүүдэд УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга, нийслэлийн Засаг дарга, бүх дэд сайд, холбогдох агентлагийн дарга нар, “Утааны эсрэг аав, ээжүүд”, “Бяцхан агаар”, “Шинэ ногоон бүс”, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан ажиллуулж байгааг салбарын сайд мэдээлэв.

Энэ онд БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого, төлөвлөлт, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангаж уялдуулан зохицуулах, дэмжлэг, урамшууллын механизмыг бий болгох ажлыг чиг үүргийнхээ хүрээнд түлхүү хэрэгжүүлж иржээ. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар бохирдлын 4 төрлийн төлбөр улсын төсөвд ордог бөгөөд 2015 онд уг хуульд өөрчлөлт орж эдгээр татварыг зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу төвлөрсөн орлогыг зориулалтаар нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах зохицуулалтыг бий болгох үүднээс “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах асуудлаар Агаарын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Үргэлжүүлэн Н.Цэрэнбат сайд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Засгийн газар, нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Тухайлбал, гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх, нийслэлийн зургаан дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж суурилуулах, холбогдох дүрэм журмыг шинэчлэн боловсруулах, үйлдвэрлэл, хэрэглээнд байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгох, дулааны насос, уян цахилгаан халаагч зэрэг 15 нэр төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтад тусгах гэх мэт олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна.

Агаарын бохирдлын асуудал нь жилээс жилд хуримтлагдаж хүндэрсэн, ганц нэг шийдлээр шууд буурахгүй, байгаль орчин-нийгэм-эдийн засгийн нийлмэл асуудал болсныг салбарын сайд тэмдэглээд иргэдийг ажилтай, орлоготой болгох, төвлөрлийг сааруулахаас эхлээд орон сууцжуулах, түүхий нүүрсний хэрэглээг халж цахилгаанаар, хийгээр халаалтаа шийдэх, боловсруулсан түлшээр хангах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг олон талын цогц арга хэмжээ авах шаардлага бий гэдгийг дурдав. Төгсгөлд нь тэрбээр, салбар хоорондын уялдааг сайжруулан Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төлөвлөгөөнд туссан ажлыг цаг тухайд нь хэрэгжүүлэхийн тулд холбогдох төсвийг тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж, дэд бүтцийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх чиглэлээр хандивлагчид, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуун, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, хувь хүний эрх ашгаас бүх нийтийн эрх ашгийг дээдлэх зарчмаар төр онцгой, хатуу бодлого баримтлан агаарын бохирдлыг бууруулах нь зүйтэй, Улаанбаатар хотын иргэдийг татвартай болгох шаардлагатай гэдэг байр суурийг Д.Эрдэнэбат гишүүн илэрхийлээд нийслэлийн А, Б бүсэд янданг хориглох шийдвэр гаргах эсэхийг асуулаа. Улаанбаатар хотын А, Б бүсэд янданг хориглох талаар Засгийн газар судалж үзсэн. Ажилгүй иргэд, орлогогүй өрх олон байгаа бөгөөд хатуу хууль журам гарган хэрэгжүүлвэл олон сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй, түүнийг зохицуулах боломж хязгаарлагдмал хэмээн тооцсон болохыг Ерөнхий сайд тайлбарлав. Харин зах зээл дээр борлуулагдаагүй 30.000 гаруй орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу гэр хорооллыг барилгажуулах, хэрэглэгчдийг цахилгаанаар хангах, хийн шугам сүлжээтэй болох гэдэг гурван арга зам нь агаарын бохирдлыг бууруулах гарц гэдгийг хэлсэн. Нийслэлийн гэр хороолол  дахь 190.000 гаруй өрх агаарын бохирдлын 80 хувь, хөрсний бохирдлын мөн хэмжээг үүсгэж байгаа учраас үүнд төвлөрөх нь зүйтэй ч ипотекийн зээлийн асуудлыг хамрагдсан өрхүүд, цаашид хамруулахаар судалж буй өрхүүдийнхээ хэмжээнд том дүр зургаар нь харж шийдвэрлэх шаардлагатай гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хувийн секторуудтай хамтрах, тэдний бэлэн байгаа төслүүдийг дэмжих чиглэлд Засгийн газар анхаарч буй эсэхийг асуусан бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эрдэмтэн судлаачидтай хамтран, асуудлыг шийдэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй гарц эрэлхийлэх ёстойг хэллээ. Харин УИХе гишүүн С.Бямбацогт агаарын бохирдлын асуудал нь зөвхөн нийслэлийн биш 21 аймгийн төв бүрийн хэмжээнд яригдах, тус бүрийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эсэхтэй холбоотой, улсын хэмжээнд том дүр зургаар нь харж шийдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулсан. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр боломжийн хэрээр судалгаа хийж байгаа, үүн дээр гишүүд ч гэсэн дэмжин, хамтарч ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа. “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар үе шаттай, төлөвлөгөөтэйгөөр ажиллан үр дүнтэй ажиллах бодлогыг баримталж байгаа гэдгийг Н.Цэрэнбат танилцуулсан юм. Агаарын бохирдлыг бууруулахад олон тооны хөтөлбөр хэрэгжүүлэн, 2008-2014 оны хооронд төсвөөс 49.6 тэрбум төгрөг, зээл тусламжийн 60 орчим сая ам.доллар  зарцуулсан ч үр дүнгүй байгааг өнөөдөр харж болно гэдгийг Б.Саранчимэг гишүүн хэллээ.

Ийнхүү асуулт, хариулт дууссаны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэллээ. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа Засгийн газар бодлогоо нийслэл болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх нь зүйтэй. Агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буйг тоон дүнд үндэслэн мэдээлээд, ДЭМБ болон бусад улс орны эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа, дүгнэлтийг танилцуулав. Асуудлыг шийдвэрлэх гарц нь эрчим хүчний хүртээмжтэй, хангаллтай эх үүсвэр, дэд бүтцийг шийдэх гэдгийг тэрбээр тэмдэглээд аймгийн төвүүдийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэхээс нь өмнө анхаарч, шийдвэрлэх ёстой гэдгийг хэлсэн юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн. Мөн Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж, 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.


URL:

Сэтгэгдэл бичих