Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам

ab70338.jpg

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                             Дугаар 348                                          Улаанбаатар хот

Терроризмтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1. “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд                                                                 Х.ТЭМҮҮЖИН

 

Засгийн газрын 2013 оны 348 дугаар
тогтоолын хавсралт

ТЕРРОРИСТ ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛАХ, ЖАГСААЛТАД
ОРСОН ЭТГЭЭДИЙН ХӨРӨНГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ
ЗОГСООХ, ХЯНАХ ЖУРАМ

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, жагсаалтад алдаатай нэрс оруулснаас үүсэх хохирлыг шийдвэрлэх, хууль ёсны гуравдагч этгээдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1. “террорист этгээд” гэж террорист хүн, террорист байгууллага, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээд болон тэдгээртэй хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдийг;

1.2.2. “террорист этгээдийн жагсаалтад оруулах” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасан гишүүн орны хүлээсэн үүргийн дагуу Тагнуулын байгууллагаас санхүүгийн тухайлсан хориг арга хэмжээнд хамаарах хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг бүртгэхийг;

1.2.3. “санхүүгийн тухайлсан хориг арга хэмжээ” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолын дагуу гишүүн орны авч хэрэгжүүлэх дараах эдийн засгийн болон санхүүгийн арга хэмжээг хэлнэ:

1.2.3.1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолын дагуу жагсаалтад орсон хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг зогсоох;

1.2.3.2. хөдөлгөөнгүй болгосон хөрөнгийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх;

1.2.3.3. эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгоогүй тохиолдолд жагсаалтад орсон этгээдийн гүйлгээг хийхийг хориглох;

1.2.4. “хөрөнгө” гэж  Иргэний хуулийн 83 дугаар зүйлд заасныг;

1.2.5. “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хоригийн хороо” гэж 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1988 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан хороо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн бусад хороог;

1.2.6. “эрх бүхий байгууллага” гэж Тагнуулын байгууллагыг;

1.2.7. “санхүүгийн бус бизнес, мэргэжлийн байгууллага, этгээд” гэж үл хөдлөх хөрөнгө зуучлагч, үнэт чулуу, металлын арилжаа эрхлэгч, хуульч, өмгөөлөгч болон нотариатч зэрэг бусад бие даасан, хараат бус хуулийн мэргэжилтэн, нягтлан бодогч, траст болон компанийн үйлчилгээ үзүүлэгчийг.

2. Жагсаалтад оруулах эрх бүхий байгууллага, түүний чиг үүрэг

2.1. Аль Кайда бүлэгтэй холбоотой жагсаалтыг НҮБ-ын 1267-ийн Хороо (цаашид “1267-ийн хороо” гэх), Талибан бүлэгтэй болон Афганистанд аюул учруулж болзошгүй этгээдтэй холбоотой жагсаалтыг НҮБ-ын 1988-ын Хороо (цаашид “1988-ын хороо” гэх) тус тус гаргана.

2.2. Тагнуулын байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 1373 дугаар тогтоолд заасан тусгай шаардлагад нийцсэн иргэн, хуулийн этгээдийг өөрийн санаачилгаар эсхүл гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг хянан үзсэний үндсэн дээр тийнхүү жагсаалтад оруулах үндэслэл бүрдсэн гэж үзвэл жагсаалтад оруулна.

2.3. Тагнуулын байгууллага нь энэ журмын 2.1, 2.2-т заасан жагсаалтыг санхүүгийн байгууллага, оноогдсон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн байгууллага, этгээдэд шуурхай мэдэгдэх арга хэмжээг авна.

2.4. Тагнуулын байгууллага нь энэ журмын дагуу аливаа иргэн, хуулийн этгээдийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн эсэхээс үл хамааран тэдгээрийг жагсаалтад оруулж болно.

2.5. Тагнуулын байгууллага нь террорист этгээдийг жагсаалтад оруулснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн жагсаалтад орсон иргэн, хуулийн этгээдэд дор дурдсан зүйлийг мэдэгдэнэ:

2.5.1. жагсаалт, түүний болзошгүй үр дагаврын талаар;

2.5.2. жагсаалттай танилцах, жагсаалтаас хасахтай холбоотой мэдээлэл;

2.5.3. тухайн иргэн, хуулийн этгээдийг жагсаалтад оруулах болсон шалтгаан, үндэслэл;

2.5.4. тодорхой үндсэн зардлын асуудлаар хөрөнгөтэй холбоотой мэдээлэлд нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох журам;

2.5.5. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу жагсаалтад оруулсан бол энэ жагсаалтаас хасах өргөдлийг хүлээн авах Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох газрын холбоо барих утас, хаяг.

3. Жагсаалтад санал оруулах

3.1. Тагнуулын байгууллага нь энэ журамд заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасан тусгай шалгуурт нийцсэн гэсэн үндэслэлээр тодорхой иргэн, хуулийн этгээдийг шинээр жагсаалтад оруулах хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзвэл энэ тухай саналаа Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох хороонд тавьж болно.

3.2. Энэ журмын 3.1-д заасны дагуу жагсаалтад санал оруулахдаа Тагнуулын байгууллагаас дор дурдсан арга хэмжээний дагуу саналаа боловсруулна:

3.2.1. жагсаалтад оруулахтай холбоотой Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох хорооноос баталсан журмыг баримтлах;

3.2.2. санал болгож буй этгээдийн нэртэй холбоотой аль болох өргөн хэмжээний холбогдох мэдээлэл, тухайлбал, иргэн, бүлэг этгээд, байгууллага, хуулийн этгээдийг үнэн зөв, алдаагүй таньж тогтооход шаардлагатай хангалттай мэдээлэл, Интерполоос тусгай мэдэгдэл гаргахдаа шаарддаг мэдээллийг гаргаж өгөх;

3.2.3. хэргийн талаар танилцуулга гаргаж өгөх, үүнд жагсаалтад оруулах үндэслэл, шалтгааныг аль болох өргөн хэмжээнд мэдээлэл оруулах, тухайн иргэн, хуулийн этгээдийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, мэдээллийн агуулга, баримт бичгийг тухайн этгээд болон одоо жагсаалтад байгаа этгээд хоорондын уялдаа холбоосын талаархи мэдээлэл. Энэ танилцуулга нь тухайн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орноос энэ тухай нууцлах хүсэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох хороонд гаргаснаас бусад тохиолдолд нээлттэй байна.

3.3. Монгол Улсыг жагсаалтад санал оруулж буй улс гэдгийг нийтэд мэдэгдэх эсэх асуудлаар Тагнуулын байгууллага нь Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.

3.4. Тагнуулын байгууллага нь энэ журмын дагуу жагсаалтад оруулах шаардлагатай гэж тодорхой үндэслэлээр сэжиглэсэн эсхүл ингэж үзсэн иргэн, хуулийн этгээдийг таньж, олох шаардлагатай мэдээллийг бүхий л эх сурвалжаас буюу эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээлэл зэргээс лавлаж шалгана.

4. Жагсаалтаас хасах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийг чөлөөлөх

4.1. Тагнуулын байгууллага нь энэ журамд заасан санхүүгийн тухайлсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.

4.2. Энэ журмын 4.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Тагнуулын байгууллага нь холбогдох байгууллагатай харилцаж, хамтран ажиллана.

4.3. Тагнуулын байгууллага нь энэ журамд заасан үүргээ хэрэгжүүлэх явцад хууль ёсны гуравдагч этгээдийн эрхийг хамгаалах журмыг батална.

4.4. Тагнуулын байгууллага нь хууль ёсны гуравдагч этгээдийн эрхийг хамгаалах зорилгоор, Терроризмтой тэмцэх тухай хуулийн 7.1.7 дахь заалтын дагуу энэ журмын 2.2-т заасан жагсаалтад оруулсны улмаас хөрөнгө чөлөөлүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч, хянан шийдвэрлэнэ.

4.5. Энэ журмын 4.4-т заасан өргөдлийг хянан шийдвэрлэх зорилгоор Тагнуулын байгууллага нь нэмэлт мэдээлэл авах, тодорхой асуултад хариулт авахын тулд өргөдөл гаргагчийг дуудан ирүүлэх эрхтэй.

4.6. Тагнуулын байгууллага нь энэ журмын 4.4-т заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор шийдвэрээ өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд Тагнуулын байгууллага энэ хугацааг 30 хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай өргөдөл гаргагчид урьдчилан бичгээр мэдэгдэнэ.

4.7. Тагнуулын байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд нэр заасан этгээдийг уг жагсаалтаас хасуулах хүсэлт гаргахтай холбоотой журам, мэдээлэл, уг хүсэлтийг хүлээн авах Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх бүхий газрын холбоо барих утас, хаягийг өөрийн цахим хуудас дээр нийтэд мэдээлнэ.

4.8. Энэ журмын 2.2-т болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу жагсаалтад орсон этгээдийн мөнгөн хуримтлал, хөрөнгөөс тэдгээрийн үндсэн хэрэглээний зардал, тодорхой төрлийн төлбөр, боломжит зардал, үйлчилгээний хураамж буюу гэнэтийн зайлшгүй зардал зэргийг төлж барагдуулах шаардлагатай эсэх асуудлыг Тагнуулын байгууллага хянаж, шийдвэрлэнэ.

4.9. Энэ журмын 4.8-д заасан шийдвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 1452 дугаар тогтоолд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

4.10. Тагнуулын байгууллага нь энэ журмын 2.2-т заасны дагуу жагсаалтад оруулсан этгээдийн өргөдөл, гомдлыг хянаж шийдвэрлэнэ.

4.11. Тагнуулын байгууллага нь жагсаалтаас хассан, эсхүл хөрөнгийг чөлөөлсөн тухай шийдвэр гарсан даруй энэ талаар тухайн этгээд болон холбогдох байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

4.12. Энэ журмын 4.11-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Тагнуулын байгууллага нь санхүүгийн байгууллага болон бусад этгээдээс жагсаалтаас хассан, хөрөнгийг чөлөөлөх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргана.

4.13. Тагнуулын байгууллага нь жагсаалтад орсон иргэн, хуулийн этгээдийн нэртэй ижил, эсхүл адил төстэй нэртэй, Терроризмтэй тэмцэх тухай хуулийн 7.1.7-д заасны дагуу хөдөлгөөнгүй болгосон хөрөнгийг эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийг чөлөөлөх эсэх тухай шийдвэрийг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор гаргах бөгөөд энэ шийдвэрийг тухайн иргэн, хуулийн этгээдийг жагсаалтад орсон этгээд биш болохыг нотолсон баримт, мэдээлэлд үндэслэн шалган тогтоосны дараа гаргана.

4.14. Энэ журмын 4.10-т заасан өргөдлийг хянан шийдвэрлэх зорилгоор Тагнуулын байгууллага нь нэмэлт мэдээлэл авах, тодорхой асуултад хариулт авахын тулд өргөдөл гаргагчийг дуудан ирүүлэх эрхтэй.

4.15. Тагнуулын байгууллага энэ журмын 4.13-т заасан хөрөнгө чөлөөлөх шийдвэрийг мэдээлэх журмыг батална.

5. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

5.1. Иргэн, хуулийн этгээдээс Терроризмтой тэмцэх тухай хуулийн 7.1.7-д заасан үүргээ хэрэгжүүлэхдээ дор дурдсан хөрөнгийг нэгэн адил авч үзнэ:

5.1.1. зөвхөн тодорхой террорист үйлдэл, хуйвалдаан, заналхийлэлд хамаарах бус, жагсаалтад орсон иргэн, хуулийн этгээдийн эзэмшдэг буюу хяналтаа хэрэгжүүлдэг бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;

5.1.2. жагсаалтад орсон иргэн, хуулийн этгээдээс бүхэлд нь буюу хэсэгчлэн, дангаараа буюу хамтран, шууд буюу шууд бусаар эзэмшдэг буюу хяналтаа хэрэгжүүлдэг бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;

5.1.3. жагсаалтад орсон иргэн, хуулийн этгээдээс бүхэлд нь буюу хэсэгчлэн,  дангаараа буюу хамтран, шууд буюу шууд бусаар эзэмшдэг буюу хяналтаа хэрэгжүүлдэг мөнгөн хуримтлал, бусад хөрөнгөөс бий болсон мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө, мөн жагсаалтад орсон иргэн, хуулийн этгээдийн заавраар, тэдгээрийн өмнөөс үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хуримтлал буюу бусад хөрөнгө.

5.2. Энэ журмын дагуу чөлөөлсөн хөрөнгийн талаар болон хөрөнгө шилжүүлэхийг оролдсон тухай мэдээллийг Арилжааны банк нь Монголбанкинд, Санхүүгийн байгууллага болон Санхүүгийн бус үйлчилгээ эрхлэгч этгээд нь Санхүүгийн Зохицуулах Хороонд тус тус мэдээлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.