Ажил хаясан 30 мянган багшийн цалинг өгөх мөнгө ҮЭ-д байгаа юу?

12938

Багш нар өчигдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлав. Ингэхдээ нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн багш нар уриа лоозон барьж ажлын байран дээрээ эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний . эвлэлийн холбооноос зарласан хугацаагүй ажил хаялтад бүгд сайн дураараа нэгдэж, багш нарын цалин нэмэхийг шаардаж байгаа аж.

Мөн хот, хөдөөгийн багш нар ажил хаялт хийх тухайгаа өнгөрсөн долоо хоногт эцэг эхчүүдэд утсаар болон мэдэгдэх хуудас илгээн албан ёсоор мэдэгдсэн гэдгийг “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ныхон хэлж байна. Харин ажил хаяж байгаа сургуулийн багш нар өглөө ажлын цагтаа цуглаж, орой ажлын цагт тарах хүртэл ажлын байран дээрээ эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

ХӨДӨӨГИЙН 72 СУРГУУЛЬ, 56 ЦЭЦЭРЛЭГ АЖИЛ ХАЯВ

Багш нарын ажил хаялтад энэ удаа хөдөө орон нутгийн 72 сургууль, 56 цэцэрлэгийн багш нэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Аймаг тус бүрийн сургууль, цэцэрлэгүүд харилцан адилгүй ажил хаяж байгаа бөгөөд Сүхбаатар аймагт гэхэд нэг сургуулийн багш нар ажил хаяжээ.Тодруулбал, Баруун-Урт сумын III бүрэн дунд сургуулийн багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаясан байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургууль, 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс одоогоор 15 сургууль, 23 цэцэрлэг бүгд хэвийн ажиллаж байгааг тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдэгдлээ. Багш нарын энэ ажил хаялт хэзээ зогсож, хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдээ хэзээ хүлээж авах нь тодорхойгүй байна.

ТАСАРСАН ХИЧЭЭЛИЙГ ХЭЗЭЭ, ЯАЖ НӨХӨХ ВЭ?

Багш нар ийнхүү цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаялт зарлалаа. Эрхээ ч эдэлж байна. Гэхдээ багш нарын энэ тэмцлийн цаана олон асуулт байна. Ажил хаяж байгаа багш нарын цалинг хэн олгох вэ. Хуулиараа бол ажил хаясан тохиолдолд ажил олгогч цалин олгохгүй. Ажил хаялтад багш нарыг уриалан зохион байгуулсан Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хариулах ёстой.

Ажил хаясан багш нарын цалинг олгох мөнгө ҮЭ-д нь байгаа юу гэдгийг ажил хаялт зохион байгуулагчид тодорхой хэлэх ёстой болж таарч байна. ҮЭ-д мөнгө байхгүй бол мөн хуулиараа ажил хаясан багш нарын нийгмийн даатгалд цоорхой үүснэ. Ажилласан хоногийн тоо цөөн бод, алсдаа амралтын мөнгө нь бага гарна гэх мэт зүйл бас байна. Дараагийн нэг асуудал нь тасарч байгаа хичээлийг хэзээ, хэрхэн яаж нөхөж, сурагчдыг хоцрогдолгүй сурах боломжоор хангах вэ. Үүний хариу бүрхэг байна.

ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР ШИЙДВЭР ГАРГАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотод багш нарын 80 гаруй аймгуудад 40 орчим хувьтай үргэлжилж байна. Ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгээс энэ асуудлаар тодруулахад “Багш нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялтыг хугацаагүй зарласан. 2-3 хоногоос илүү олон багш нэмэгдэж ажил хаялт зарлана.

Ажил хаялтын тоо цаашид нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага ажил хаялтад нэгдээд байна” гэв. Багш нарын ажил хаялтад нэгдсэн зарим багшийн сэтгэгдлийг хүргэж байна.

ОЛОН ЭЦЭГ ЭХ ДЭМЖИЖ БАЙГАА

Нийслэлийн 50 дугаар дунд сургуулийн Биологийн багш Х.Болормаа:

-Танай сургуулийн хэдэн багш ажил хаялтад нэгдэж байгаа вэ?

-Манай сургууль 85 багштайгаас чөлөө авсан хоёр багшаас бусад нь бүрэн хамрагдсан. Багш нар ажил хаялтад 100 хувь оролцож байна.

-Та нарын ажил хаялтад эцэг эхчүүд яаж хандаж байна?

-Олон эцэг, эх дэмжиж байгаа. Манай сургуулийн багш нарын зүгээс эцэг эхчүүдэд мэдэгдэх хуудас өгч утсаар шаардлагатай үед залгаж мэдэгдсэн байгаа. Бидний зүгээс энэ сарын 10-ны өдөр мэдэгдэх хуудсаа өнөөдрөөс ажил хаяж хичээл орохгүй бүрэн зогссон байдалтай байна.

Ажил хаялт ямар нэгэн хугацаа заагаагүй. Цалин нэмэх шийдвэр гарсан тохиолдолд Үйлдвэрчний эвлэлээс биднийг “Шийдэлд хүрсэн учраас ажил хаялтаа албан ёсоор зогсооё” гэх хүртэл үргэлжилнэ. Засгийн газар ямар шийдвэр гаргахыг л харж хүлээж байна. Тухай бүрд нь эцэг эхчүүдэд мэдэгдээд, хариу өгөөд явна.

БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТ ӨНӨӨДӨР ЗОГСОНО ГЭВ

Дугаар шилжих мөчид Монгол Улсын сайд. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр орой хүлээн авч уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Энэ уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хамтарч ажиллах зөвшилцөлд хүрчээ.

Б.ТУУЛ


URL:

Нэр: Монгол Огноо: 14 November 2017

хуц даварсан багш нар ёс зүйгүй чанрагүй мэдлэггүй багш нарыг халах хэрэгтэй худлаа улс төржөөд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.