”Сахал” Д.Эрдэнэбилэг Б.Хурцтай холбоотой Ж.Батзандангийн сонсголд тээг болж байна уу

63d2msfjds640p62j5ok0166nqТЕГ-ын дарга Б.Хурц, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар нэлээд хэд хоногийн өмнө нэгнийхээ эсрэг ноцтой мэдээлэл хийж, “дайн” зарласан билээ. Тэдний хийсэн мэдээллээс Б.Хурц, Ц.Нямдорж нарын асуудал савнаасаа хальж, аянга буулгах байх хэмээн таамаглах хүн олон байсан. Гэвч Б.Хурцыг албан тушаалаасаа нь буулгаснаар тэдний хооронд өрнөсөн “дайн” намжсан.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа буунгуутаа БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор яригдаж эхэлсэн нь олны эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэднийг “дайн”-ыг үргэлжлүүлэх шалтгаан болов. Тэрбээр энэ сарын 6-ны өдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-ын Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, УИХ-аар нээлттэй сонсгол явуулахыг уриалсан билээ.

Ж.Батзандан Б.Хурцыг талийгч Д.Энхбатыг хулгайгаар авч ирж, хилс хэргээр хорьж, үхэлд хүргэсэн хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой. Мөн С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил, түүнээс хүн болгон айдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц. Тэр төрийн албаны тэр дундаа Тагнуулын ерөнхий газрын дарга хэр нь хувийн компанийн менежер хийсэн” хэмээн мэдэгдсэн.

Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн байна. Тэрбээр “Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргаад байгаа юм.

Гэсэн ч Ж.Батзандан гишүүн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар гишүүдээс гарын үсэг зуруулаад эхэлжээ. Түүний энэхүү уриалгыг гишүүд төдийдөн дэмжихгүй байгаа аж. Тэрбээр энэ талаараа УИХ-ын өчигдрийн чуулганы үеэр “ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь оруулж ирж байна. Энэ томилгооны талаар нээлттэй  сонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулах гэхээр зарим нь “Би бизнестэй хүн”, “Би Б.Хурцын найз”, “Би сахал Д.Эрдэнэбилэгийн найз” гээд зурахгүй байна. Энэ маягаар ихэнхгишүүд нь айдастай, барьцаалагдчихаад байхад энэ улс хөгжихгүй шүү дээ. Шударга ёс тогтож гэмээнэ Монголын эдийн засаг аяндаа өснө. Бид үнэнийг ярих ёстой. Алийн болгон айж амьдрах юм бэ” хэмээн учиглав. Түүний хэлснээр Б.Хурцтай холбоотой сонсгол явуулахад “Сахал” Д.Эрдэнэбилэг тээг болж байгаа аж. Гишүүд тэдэнд барьцаалагдчихсан байгаа учраас сонсгол явуулах уриалгыг нь дэмжиж гарын үсэг зурахгүй байна гэдгийг Ж.Батзандан гишүүн нуусангүй.

Уг нь Ж.Батзандан гишүүний нээлттэй сонсгол явуулах уриалгад ердөө л 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-аар нээлттэй сонсгол явуулах боломж бүрдэх юм. Гэсэн ч УИХ-ын гишүүд дээр хэлсчлэнгээр гарын үсэг зурахаас татгалзаж байгаа аж.

ТЕГ-ын дарга Б.Хурц үнэхээр хурц хүн учраас гишүүд ийнхүү түүний талаарх нээлттэй сонсгол хийхийг дэмжихгүй байна уу, “сахал” Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ, энэ эрхэм үнэхээр Б.Хурцын цаана байдаг уу гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаад байгаа юм.

Б.Хурцтай холбоотой сонсголд тээг болж байгаа гэх “сахал” Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголын бизнесийн ертөнцөд сахал Д.Эрдэнэбилэг гэгч нэр тодоос тод гарч ирсэн ч түүний дүр төрхийг харж байсан хүн төдийлөн байдаггүй байжээ. Хэвлэлд бичсэнээр түүнийг томоохон луйваруудын эзэн хэмээн тэмдэглэсэн нь олон байх юм. Тухайлбал Улаанбаатар хотын банкны луйвар, “Капитрон” банкны наймаа, “Худалдаа хөгжлийн банк” ба “Эрдэнэт” үйлдвэрийн наймаа зэрэгт холбоотой хэмээгдсэн байна. Гэсэн ч эдгээрийг шалгаж, шүүхээс гэм буруутай хэмээн тогтоож байсан удаагүй аж. Олны хардлага, ам дамжсан яриагаар л түүнийг ийнхүү тодорхойлдог байна.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.