МОРЬ УНАСАН “ТОЛГОЙГҮЙ” ЕРӨНХИЙ САЙД

5(13)У.Хүрэлсүхийн Засгийн газарт огт санаанд багтахгүй нэг сайд орж ирсэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийг толгойлохоор тамга гардсан Д.Сумъяабазар. Чухам түүний юунд найдаж, юуг нь ашиглах гэж энэ чухал салбарт томилсныг тоймлон хэлэх ямар ч аргагүй. Ямар сайндаа шинэхэн томилогдсон сайдаас салбарын хэтийн чиг хандлага, тэр тусмаа стратегийн орд Тавантолгой, мөн төмөр замын асуудлыг хэрхэн шийдэх тал дээр байр суурийг нь сонирховол “Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойлголцох ёстой” хэмээн шуудхан хариулжээ. Үндэсний эв нэгдлийг хангаж байх ёстой Х.Баттулгатай Уул уурхайн сайд чухам юугаа ойголцох гэсэн нь таашгүй. Х.Баттулга нь Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр замаас мөнгө гулгуулсан хэргээр саяхан шалгагдаж, хэд хэдэн зүйл ангиар эрүү үүсчихсэн явж байсан ч Ерөнхийлөгч болсон даруйдаа хэрэгсэхгүй болгосон. Тиймээс Уул уурхайн сайд маань Ерөнхийлөгчийнхөө бохир бизнесийг дэмжинэ гээд байгаа юм уу ойлгох юм алга. Эсвэл өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар Ерөнхий сайд У.Хүрэлсүх АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талд ажилласан гэдэг. Тиймдээ ч У.Хүрэлсүхийн оруулж ирсэн Уул уурхайн сайд нь Ерөнхийлөгчөөсөө асууна гэж хариулж байгаа хэрэг байх. Тэгэхээр энэ засгийн газар нь Х.Баттулгын уу, У.Хүрэлсүхийнх үү гэдэг бүрхэгшиж харагдана.

Зарчмын хувьд Д.Сумъяабазар юуны өмнө намын бүлэг дээрээ ойлголцох ёстой гэж хариулах ёстой. Тэгээд Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын түвшинд хэмээх байсан ч ийнхүү “Ерөнхийлөгч” хэмээн хариулсан нь юуг хэлнэ вэ. Шуудхан л Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын байгуулсан Засгийн газар шүү гэдгийг сануулах мэт. Анхнаасаа л улстөрийн хүрээнд ч тэр, судлаач шинжээчдийн зүгээс Х.Баттулга, У.Хүрэлсүх, АН гэсэн гуравласан холбоо байгуулчихлаа гэсэн мэдээллийг өгч байсан нь талаар биш аж. Тиймдээ ч өдгөө МАН-ын учир мэдэх гишүүд өөрсдийнх нь ялалтыг өрсөлдөгчидтэй нь нийлэн нухчин дарж байгаа Ерөнхий сайддаа гомдох болсон билээ. Намынх нь гишүүд ч эхнээсээ байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна лээ.

Тэгвэл удахгүй болох МАН-ын Их хурлаас намын даргад өрсөлдөхөөр зэхэж буй Н.Дэмбэрэл хэлэхдээ “МАН-ыг зөв замд оруулахгүй бол болохгүй. Өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол Ерөнхийлөгчийн сонгуулиар багтайгаа АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талд ажилласаар байгаад МАН-аас нэр дэвшигчийг унагаасан. У.Хүрэлсүх бол манай намын Ерөнхий сайд биш АН-ын Ерөнхий сайд шүү дээ. 65 суудалтай эрх баригч намын Засгийн газрын сайдад хэнийг томилохыг МАН-ын удирдлага бус Ерөнхийлөгч, АН шийддэг болсон байна. Тэд намын Их хурлын хүрээнд ихээхэн хэмжээний мөнгө тарааж байгаа юм билээ. Манай нам энэ чигээрээ сөрөг хүчний дохио зангаагаар яваад байх юм бол удахгүй болох 100 жилийнхээ ойн баярыг ч тэмдэглэж чадахгүй байдал харагдах боллоо” хэмээсэн юм. Үүнээс гадна МАН-ын нэр зүстэй гишүүд ч энэ байдлыг эсэргүүцээд эхэлсэн.

Ямартай ч Уул урухай, хүнд үйлдвэрийн сайдаасаа эхлээд Ерөнхийлөгчийн байгуулсан Засгийн газар шүү гэдгийг хэлээд эхэллээ.

Г.Гэрэлт-Од


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.