Билэг тэмдгийн төлөө ачааг нь хөнгөлсөн эрхмүүдэд баярлалаа гэх үү

УИХ-аас тогтоол гаргаад Хөгжлийн банкнаас эхний ээлжинд санхүүжүүлэх төслүүдийг баталгаажуулж өгсөний араас  өнөөх төсөл хөтөлбөрүүд нь тэгээд бүх тооцоо судалгаа нь ян тан болоод, зөвхөн мөнгөний чимээ хүлээгээд л байна уу гэдэг асуудал тавигдаж ирсэн. Харин нөгөө талд нь их бүтээн байгуулалт өрнүүлэх төслүүдийг амь оруулж дийлэх чадамжинд  Хөгжлийн банк хүрч дийлэх нь үү гэдэг асуудал байна.  Харамсалтай нь лав  одоогоор тийм хэмжээний чадамж үгүй гэдгийг нь  Засгийн газрын гишүүд эрхбиш баталгаажууллаа. Унхиа муутай банкныхаа нуруун дээр дааж давшгүй их ачаа үүрүүлсэнээ эргэн нэг томоор харлаа.

Уг нь Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны 800 тэрбумын бондод баталгаа гаргаж өгч, түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал боллоо хэмээн улстөрчид хөөрцөглөөд байсан ч, дэлхий дахины эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой бус, хөрөнгө босгох гол хэрэгсэл үнэт цаасууд  үнэ цэнээ хадгалж дийлэхгүй хэмжээнд хүрчихээд байхад,  гол нь дотоодын эдийн засаг өсөлттэй байгаа ч,  улстөрчдийн захиалгаар инфляцийн өсөлт буурахгүй, улмаар мөнгөний бодлого хатуурч, бодлогын хүү нэмэгдэж, арилжааны банкуудад сануулга өгөөд байхад,   юун тэр  800 тэрбумын бонд манатай.  Арилжааны банкууд Хөгжлийн банкны бондыг авахад бэлэн байна уу.

Хэдийгээр энэ оны 9 сарын байдлаар “Хүний хөгжил сан”-гийн нийт орлого  56.1 тэрбум төгрөгөөр илүүдсэн гэж байгаа ч, энэ санг тэтгэж буй Ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөрийн 70 хувь, уул уурхайн стратегийн ордуудын ногдол ашиг, Оюутолгой, Тавантолгойн урьдчилгаа төлбөр гэсэн эх үүсвэрүүдээс Хөгжлийн банкны данс руу халгиж цалгиад байдаг юм гэж хаа байхав. Ийм хэлбэрийн орлогыг  бүтээн байгуулалтын төслүүд рүү урсгаж байдаг “гэнэн тэнэг” улстөрчид одоогоор манайд үзэгдэхгүй байна.

Ерөөс Хөгжлийн банк  санхүүжилтийн асуудлаа шийдэхийн тулд зээл авахаас өөр гарц харагдахгүй. Тэрчлэн ирэх долоо хоногоос эхний 20 сая ам.долларын зээл ороод ирэх байх гэсэн хүлээлт Хөгжлийн банкныханд байгаа гэсэн. Энэ банкны санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхой хэсэг нь Олон улсын санхүүгийн байгууллагууд  байна гэдэг нь анхнаасаа тодорхой байсан учраас  ингэх нь мэдээж.  Толгой ордуудаа барьцаалан өр ширээ зузаатгаж буй эрхмүүд ээлжит бөгөөд шинэхэн өрөө тавьж байна. Гэхдээ бүтээн байгуулалтыг онилон зээл авч байгаа дүр зурагтай. Үүгээрээ ялгарна.

Энэ зээл эхлээд хэрэгжүүлэх тухай яригдаж буй Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу тодорхойлогдсон, эхний ээлжийн 1100 орчим км төмөр замын бүтээн байгуулалт руу зүглэх болов уу. Учир нь ТУЗ-ийнх нь  шинэхэн дарга эрхэм Хөгжлийн банкнаас хамгийн түрүүнд санхүүжүүлэх төсөл нь “Төмөр зам” гээд 15 дугаар тогтоолд тусгаж өгсөн бусад төслүүдийг “Маш том масштабын хүрээнд” өрнөж байгаа хэмээн тодотгон учирлаж сууна.

Үнэн хэрэгтээ УИХ-ын тогтоолд тусгагдсан Сайншандын  аж үйлдвэрийн цогцолбор,  “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд сүндэрлэнэ гэгдэх 100 мянган айлын орон сууц, УИХ-ын 2008 оны 44 дүгээр тогтоолоор баталсан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тавих дэд бүтцийн төслүүд Монгол Улсын Хөгжлийн банкнаас дэмжлэг хүлээвэл хорвоогийн нар хэдэнтээ жаргаж, мандахыг тааж хэлэхэд бэрх. Тиймээс ч эхэнд өгүүлсэнчлэн Засгийн газрын гишүүд унхиагүй Хөгжлийн банкныхаа нуруун дээрх ачааг өчигдөр хөнгөллөө. Хөгжлийн банкны шууд санхүүжилтийг хүлээж байсан авто замын төслүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу хийлгэхээр боллоо. Энэ шийдвэрээ эрхмүүд магтаж буй бөгөөд  тухайн замын ажлыг гүйцэтгэх тендерт олон аж ахуйн нэгж өрсөлдөж, улмаар ажлыг чанартай хийх боломжийг нээж өгч байна гэж тодотгож байна.

Тодруулбал, Засгийн газрын гишүүд  “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд баригдах учиртай автозам,  эрчим хүчний төслүүдийн  талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцээд  Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулах замаар гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозамын барилгын ажлын жагсаалтыг батлалаа. Улмаар олон улс, улсын чанартай 1376,9 км, Улаанбаатар хотын 48,7 км, замын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх гэнэ.

Тухайлбал Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан-Чойбалсан, Тосонцэнгэл-Улиастай, Өндөрхаан-Мөнххаан – Баруун-Урт, Алтай-Дарви, Тариалан-Мөрөн, Шаамар-Цагааннуур-Түшиг сум зэрэг чиглэлд хатуу хучилттай зам тавьж, Улаанбаатар хотноо Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол хийж, Хасбаатарын гудамжны автозамыг өргөтгөн, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрээс Энхтайвны гүүр хүртэлх автозам зэргийг шинэчлэх аж. Мөн автозамын барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг баталжээ. Хийгдэх ажлуудыг санхүүжүүлэхэд Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож, тухай бүр нь санхүүжүүлж байхаар болжээ.

Тэгэхээр  Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан Хөгжлийн банкны зүгээс шууд санхүүжүүлэх учиртай төслүүдийн жагсаалт ийн эхнээсээ танагдаж эхэлж байна. 39 дүгээр тогтоолдоо өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй болсон УИХ 15 дугаар тогтоолдоо ч өөрчлөлт оруулах ёстой болох нь ээ. Гол нь Хөгжлийн банк билэг тэмдэг болоод жаргачих вий дээ. Билэг тэмдэгийн төлөө шийдвэр гаргасан эрхмүүдэд баярлалаа гэх үү дээ.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих