Шадар сайд Ө.Энхтүвшин Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

13004

 

Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр талууд ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж байгаад санал нэгдлээ. Мөн  дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилж, урлаг, соёл, иргэдэд чиглэсэн олон арга хэмжээ зохиож байгаад сэтгэл хангалуун байна гэв.

 

Япон Улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд Шадар сайд талархал илэрхийллээ. Энэ дэмжлэг эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад жинтэй хувь нэмэр оруулна гэж онцлон тэмдэглэв.

 

Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Монголын тал хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх, менежменттэй холбоотой хэлэлцээрийн явцыг түргэсгэхэд Шадар сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг Элчин сайд Масато Такаока хүсэв. Энэ асуудлыг Засгийн газар ойрын үед хэлэлцэн тодорхой шийдвэр гаргахаар төлөвлөсөн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

 

Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зэрэг чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв. Цаашид Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт болон Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахад анхаарна гэлээ.

 

Мөн уулзалтаар аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих