Зургаан тэрбумын Б.Баярмагнай нэр дэвшиж байгаа юу

СБД-ийн Засаг дарга байхдаа 6 тэрбумын хэрэгт холбогдсон Б.Баярмагнай 60 тэрбумын бүлэглэлээс нэр дэвшихээр болжээ.

 13013

Жаран тэрбум төгрөгийн 10 хувь нь 6 тэрбум төгрөг. Ийм хэмжээний мөнгөний дуулианд холбогдсон Б.Баярмагнай гэгч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоор сэрүүн зүүдэлж, сэм гэтэж явна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа Б.Баярмагнай ард түмний мөнгийг хэрхэн үрэн таран хийсэн талаар судлабал: Анх 2011 оны 08 сард Сэлбэ голыг сэргээх төслийг Нийгмийн Ардчлал Монголын Залуучуудын Холбоо санаачлан нийслэлийн удирдлагуудад танилцуулжээ. Ах нарын цүнхийг барьсаар улс төрд орсон СБД-ийн Засаг дарга Б.Баярмагнай уг ажлыг гардан удирдах үүрэг хүлээлээ. Төслөө олон нийтээр дэмжүүлэхийн тулд Сэлбэ гол орчмыг үлгэрлэвээс “Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно” хэмээн исгэрчээ. Хотын иргэд сонсон баясав. Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр, “Голден Вилл” хотхоны гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1,3 километр газрыг 2 үе шаттайгаар тохижуулна гэж хошгоруулсаар Б.Баярмагнай 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулж авчээ. Ерөнхий сайдаар дээвэр хийсэн тул ажил саадгүй бүтэж мөнгө дансанд орсон байна. Энэ бол 2012 онд болсон явдал ажгуу. Гэтэл 5 жилийн дараа өнөөдөр Улаанбаатарчууд Сэлбэ гол ч үгүй болчихсон, хэсэгхэн талбай цементлэж, нилээд газрыг сандайчиж, шороо овоолсон дүр зургийг л харж байна. Бүхэл бүтэн голыг алга болгоно гэдэг байгаль орчны эсрэг ноцтой гэм хэрэг мөн биз?!

Б.Баярмагнайгийн зохиосон үлгэрээр бол хөрсний болон үерийн ус ашиглан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлсэн байх ёстой. Хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг шүүрүүлэх байгууламжаар сороод 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургаар Сэлбэ гол руу нийлүүлснээр урсгал тунгалаг гол харж баясах ёстой байлаа. Үүнээс гадна орчныг нь цогцоор тохижуулж 1,5 га-д явган хүний зам талбай, 1,14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж байгуулж, даланг 3 метрийн урттай чулуун баганууд, үндэсний онцлог шингээсэн хээ угалз бүхий төмөр хашлагаар хашна гэжээ. Бас усны толио үүсгэх 8 ширхэг халиагуурр хийж, 2 хэсэгт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгох байгууламж их л сайхан үлгэрүүд ярьж байж 6 тэрбум төгрөгийг төвөггүй салгасан байдаг. Дээр нь тооцоо, судалгаа, зураг төслийн мөнгө гээд нийслэл, дүүргийн төсвөөс ахин 2 тэрбум төгрөг авсан аж. Тойргоос сонгогдсон Сү.Батболд нь хүч нэмж УИХ-ын гишүүнд олгодог 1 тэрбум төгрөгөө хандивласан гэдэг юм.

Нээлтийг сүр бараатай хийж, эхний хэд хоногт өдөр, шөнөгүй л машин хөлхөлдөж, хүн амьтан бужигнан “их бүтээн байгуулалт” өрнөж буй мэт дүр зураг үзүүлээд тэгсгээд чимээ намжин, ажил алдарчээ. Гүйцэтгэгч  “Норбу” компанийн гүйцэтгэх Г.Батмөнх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манайх 2 тэрбум төгрөгийн төсөв, 270 сая төгрөгийн цалингийн фондтойгоор энэ ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн” гэжээ. Батлуулсан 6 тэрбум, нийслэл, дүүргээс авсан 2 тэрбум, УИХ-ын гишүүнээсээ авсан 1 тэрбум гээд тооцохоор Б.Баярмагнайгаас “Бусад мөнгийг нь хаашаа хийчихэв? гэж эрхгүй асуумаар болно. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Б.Лхагважав тухайн үед нь ”350 метр газрыг 2.8 тэрбум төгрөгөөр ухсан болоод зогссон байгаа” гэхээс өөр мэдээлэл өгч чадахгүй сууж байжээ.

Хөрөнгө мөнгөний томоохон будлианд орооцолдсон Б.Баярмагнай хүн хэрээ мэдэхгүй, тэмээ гэдгэрээ мэдэхгүйн үлгэрээр одоо жаран тэрбумын бүлэглэлээр дэмжүүлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох санаа агуулж яваа аж. Энэ хүн монголын улс төрийн ууган намын дотоод ажлыг удирдаж, авч явж амжих уу гэдгийг улс төрийн намтраас нь харъя.

Б.Баярмагнай МАН-ын Оюутны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, 2008 онд НИХТ-д сонгогдож, 2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон. 2012 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болсон ч хуралдаа нэг ч удаа суугаагүй байна. Б.Баярмагнай НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдохдоо 100 айл орчмын барилгын дэлгүүрүүдийг хотоос нүүлгэх амлалт өгсөн нь биелээгүй. Одоо ч иргэд нь нэхэл дагал болсоор байдаг.

Сүхбаатар дүүргийн XIII хорооны иргэн О.Энхцэцэг: - Б.Баярмагнайн хийсэн ажлыг би лав мэдэхгүй юм байна. Иргэдтэй ч ирж уулздаггүй шүү дээ. Наанадаж л цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байна шүү дээ. Хүмүүс хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хонож, өнжин дугаарладаг. Иргэдтэйгээ уулзахгүй юм чинь яаж ч тэдний зовлонг мэдэх билээ дээ.

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дорж: Б.Баярмагнай Сэлбэ голыг сэргээнэ гээд том дуугараад байсан. Одоо тэр Сэлбэ нь сэргээд хэрэгжсэн юм хаана байна вэ. Иргэдтэй ч ирж уулздаггүй. Иргэдийг төлөөлж сууж байгаа гэсэн хэрнээ тэдэндээ хэрэгтэй нэг ч ажлыг хийхгүй байна.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Д.Дариймаа: - Б.Баярмагнай нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар ажил хийсэн гэж харагдахгүй л байна. Манай хороонд л гэхэд цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байна. Ганцхан цэцэрлэг бий.

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Сэлэнгэ: - Манайх Долоон буудлаас цааш амьдардаг. Б.Баярмагнай иргэдийг төлөөлж сонгогдсон хэрнээ захын гэр хорооллын айл өрхүүддээ хүрч ажилладаггүй шүү дээ. Ядаж л тэнд гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлээд өгөөгүй. Хог ч гэж замбараагүй болсон. Хэрвээ иргэдтэйгээ ирж уулзвал, хэлэх үг ч их л байна.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Найдандорж: - Б.Баярмагнай гэж ямар ч хүн байдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл иргэдтэй ирж царай зүсээ хараад ярилцдаггүй юм чинь. Манай хороонд хийх шаардлагатай цөөнгүй ажил бий. Хүүхдийн тоглоомын талбай ч хангалтгүй байна. Манай хороонд байсан нэг эмнэлгийг нураагаад “Макс” компанийнхан барилга барьчихсан. Иргэд эсэргүүцээд л байсан, үр дүнгүй. Иймэрхүү юм болж байхад иргэдийг төлөөлөөд сууж байгаа Б.Баярмагнай нүдээ аниад л, тоохгүй өнгөрүүлдэг.

Иргэдийг төлөөлж ажиллах чадваргүйгээ нотлон харуулсан, их хэмжээний мөнгөний дуулианд нэр холбогдсон, дүүргийнхээ намын асуудлыг ч шийдэж чадаагүй ийм хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийж чадах уу? Ядаж байхад 6 тэрбумын хэргийг нь сөрөг хүчнийхэн сөхөж, ороохоор бэлтгэж байгаа юм байна. Намын нэрийг чирээд дуусах вий дээ.

 Сэлбэ голоо сэргээх иргэний хөдөлгөөний ахлагч Х.Түмэндэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.