Тэрбумтнуудын баяжсан нууцаас

Зарцуулахаасаа өмнө хадгалах

Та мөнгөө эхлээд хэрэгцээт зүйлсдээ зарцуулчихаад үлдсэнийг нь хадгалдаг уу? Эсвэл тодорхой хэмжээтэйг хадгалаад үлдсэнийг нь зарцуулдаг уу? Үүнээс л таны санхүүгийн байдал ихээхэн шалтгаалдаг. Хэрэв та хөрөнгө мөнгөтэй болохыг үнэхээр хүсч байгаа бол сар бүр мөнгөнийхөө тодорхой хувийг хадгаламжинд хийгээд үлдсэнийг нь зарцуулж заншаарай. Ингэснээр таны ажил амьдрал эмх замбараатай бөгөөд тооцооллын дагуу өрнөх болно.

Гэр орноо энгийн байлгах

Тэрбумтнууд мэдээж хамгийн тансаг орд харшид амьдрах бүрэн боломжтой. Жишээ нь Билл Гейтс гэхэд л Вашингтон мужийн Медина хотод $147.5 сая ам.долларын үнэтэй 6131 м2 талбайтай тансаг зэрэглэлийн сууцанд амьдардаг. Гэхдээ энгийн амьдралыг эрхэмлэдэг хямгач тэрбумтнууд ч бас бий. Тухайлбал XX зууны хамгийн амжилттай бизнесмэн, хөрөнгө оруулагч Уоррен Баффет 1957 онд худалдаж авсан Омаха хот дахь $31.500 ам.долларын үнэ бүхий байшиндаа одоо хүртэл амьдарч байна. Мөн хамгийн баян бизнесмэнүүдийн нэг болох Карлос Слим 40 жилийн турш байшингаа солиогүй ажээ.

Хэт чамин хувцас худалдаж авах хэрэггүй

Зарим хүн үнэтэй загварлаг хувцас хунарт хэтэрхий их анхаарал хандуулдаг. Харин ихэнх тэрбумтнууд үүнд нэг их анхаардаггүй. Тухайлбал “Google” компанид хөрөнгө оруулснаараа тэрбумтны зиндаанд хүрсэн, Стэнфордын их сургуулийн профессор Дэвид Черитон ихэнхдээ зүгээр л сорочик цамц, жинсэн өмд өмсдөг. Түүнчлэн “Ikea” тавилгын компанийг үндэслэгч Ингвар Кампрад костюм өмсөхөөс зайлсхийдэг ажээ. Мөн гар утасны сүлжээний шилдэг бизнесмэн Жон Кодуэлл загвар зохион бүтээгчдээр хувцас хийлгэхийн оронд зүгээр л энгийн лангуунаас худалдаж авдаг байна.

Нийтийн унаагаар явах


Хамгийн арвич хямгач тэрбумтнууд болох Жон Кодуэлл, Дэвид Черитон, Чак Фини нар хот дотор явган ба дугуйгаар явах болон нийтийн унаагаар зорчихыг илүүд үздэг байна. Тэд уулзалтанд явахдаа жолооч хөлслөн нисдэг тэрэг юмуу хамгийн үнэтэй машин хөлөглөж болох ч тэгдэггүй ажээ. Харин ард түмний адил явган явах нь эрүүл мэндэд ч тустай төдийгүй байгаль орчноо хамгаалж буй нэгэн хэлбэр билээ.

Хайчаа хурцалсан нь дээр

Үсээ дээд зэрэглэлийн салонд тогтмол засуулахад чамлахааргүй их зардал гардаг байна. Тэрбумтнууд хэдийгээр хамгийн загварлаг үс засалтыг хамгийн шилдэг үсчнээр хийлгэж болох ч цаг хугацаа болон мөнгөө хэмнэхийг илүүд үздэг ажээ. Дээр дурдсан хамгийн чинээлэг бөгөөд хямгач тэрбумтнууд болох Жон Кодуэлл, Дэвид Черитон нар гэртээ өөрийнхөө үсийг засдаг гэнэ.

Хэтэрхий тансаг хэрэглээнээс татгалзах

Энэ сонин сонсогдож болох ч дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн Мексикийн бизнесмэн Карлос Слимд ямар ч хувийн эзэмшлийн онгоц эсвэл усан онгоц байхгүй. Үүгээр зогсохгүй өөр олон тэрбумтан хэт чамин эд зүйлээс татгалздаг. Тэдний нэг болох Уоррен Баффет хэлэхдээ “Ихэнх эд зүйлс бол зүгээр л хүзүүн дээрх хүнд ачаа” гэж хэлжээ.

Тэрбумтнууд төсвийн дагуу амьдардаг


Тэрбумтнууд өдөр тутам зарцуулж байгаа бүх зүйлийнхээ төсөв тооцоог нарийвчлан гаргадаг. Ингэснээр мөнгөө юунд зарцуулж буйгаа тодорхой мэдэж, хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах эрсдэл багасах юм.

Тэрбумтнууд зээл авахаас зайлхийдэг

Тэрбумтнууд бизнесээ өргөжүүлж сайжруулах зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусад үед хэзээ ч зээл авдаггүй. Яагаад гэвэл тэд зээлдүүлэгч компаниудад хөрөнгө оруулах шаардлагагүй гэдгийг сайн мэднэ.

Тэрбумтнууд хөрөнгө оруулахыг илүүд үздэг


Мөнгөө энгийн хадгаламжид хийж хүүгээр өсгөх нь тийм ч шилдэг санаа биш гэдгийг тэрбумтнууд мэддэг. Харин ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийснээр хурдан хугацаанд чинээлэг болох боломж бий. Энэ бол олон жилийн турш цуцатлаа ажиллахгүйгээр мөнгөө өсгөж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гол арга юм.


URL:

Сэтгэгдэл бичих