Оффшорын эсрэг хууль бодитоор хэрэгжих боломжгүй байна

1-15Дөрвөн жилиин өмнө тухайн үеийн УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогт Швейцарийн банкинд нэг сая ам.доллар байршуулсан нь илэрснээс хойш монголчууд оффшор бүсэд татвараас нуусан мөнгө хадгалдаг гэсэн ойлголттой болсон. Үүнтэй холбоотойгоор оффшорын эсрэг хуулийг ч УИХ-аас баталсан. Ингэхдээ хууль баталснаас хойш гурван сарын дотор оффшор дансан дахь мөнгөө оруулж ирвэл өршөөл үзүүлэхээр болсон байдаг.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ч оффшорынхонтой хатуу тэмцэнэ гэдгээ сонгуулийн үеэр мэдэгдэж байв. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан долдугаар сарын 24-нөөс хойш 49 хоногийн дотор мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан байдаг. Харин 49 хоногийн хугацаа есдүгээр сард дууссан ч оффшор бүсээс оруулж ирсэн мөнгө байхгүй гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн. Есдүгээр сарын сүүлээр “НИК”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшор бүсээс 4.3 сая ам.доллараа татсанаас өөр мөнгөө оруулж ирсэн хүн алга. Үндсэндээ оффшорын эсрэг хууль болон Ерөнхийлөгчийн уриалга ч бодит үр дүнд хүрээгүй гэхэд болно.

Харин Ерөнхийлөгчийн санаачилгаар оффшорт нуусан мөнгийг Монголд эргүүлэн татах боломжийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх сургалт хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болов. Энэ үеэр оффшорын тухай мэдээлэл өгөхөөр гадаадын хоёр судлаач эрдэмтэн урьсан байна. Тэд бол АНУ-ын Массачусөтс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминологи болон эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас, Швейцарийн Авлига ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос нар байлаа. Тэдний хэлж буйгаар хаана нуусныг нь баттай тогтоочихбол оффшороос мөнгө эргүүлэн татах амархан гэнэ. Харин хаана, хэн нуусныг нь олоход маш хэцүү гэдгийг хоёр эрдэмтэн онцолсон. Тэдний хэлснээс оффшор бүсэд хэн, хаана, хэдэн төгрөг хадгалж, хэчнээн үл хөдлөх хөрөнгөтэй болсныг нь олон улсынхан баттай илрүүлж чадахгүй байхад монголчуудад илрүүлэх боломж тун хомс гэдэг нь ойлгогдож байв. Харин Монголын томоохон бизнесмэнүүд, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс оффшор данстай нь илэрсэн ч өдийг хүртэл яагаад мөнгөө оруулж ирэхгүй байна вэ. Засгийн газраас оффшор бүсийн жагсаалтыг баталснаас гурван сарын дотор дансаа хаах, мөнгөө эргүүлэн татах, үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хаалгах учиртай. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрчлөлт орсон тухайгаа Авлигатай тэмцэх газарт 30 хоногийн дотор мэдэгдэж, шинэчилсэн бүртгэл хийлгэхээр болсон. Мэдүүлэг өгөөгүй, хууль хяналтынхан оффшор дансыг илрүүлсэн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консөрциумаас дэлгэсэн баримтуудад Монголоос 65 хүн орсон байдаг. Тухайлбал, “Дорнын говь” компанийн захирал асан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудай, Кёкүшюзан Д.Батбаяр, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар тэргүүтэй 49 монгол иргэн оффшор данстай болох нь илчлэгдсэн. Харин саяхан Их Британийн Виржинийн арлуудад оффшор данстай хүмүүсийн шинэ мэдээлэл “Диваажингийн баримтууд”-аар олонд дэлгэгдлээ. Тэнд Монголоос 16 хүний нэр багтсан бөгөөд УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, БАЗ Чулуунбаатар, С.Зучи, Б.Батцэнгэл, Д.Уянга, Д.Эрдэнэ, “Адамс майнинг” компанийн захирал З.Номундарь тэргүүтэй хүмүүс байгаа юм. Харин тэдгээрээс нэг нь л мөнгөө оруулж ирснийг ЭС ТООЦВОЛ хуулиа сахин биөлүүлж байгаа хүн бараг үгүй байна. Өөрөөр хэлбэл, оффшортой тэмцэхээр хууль баталж, Засгийн газраас оффшорын бүс нутгийг баталж, Ерөнхийлөгч нь хүртэл уриалга, санаачилга гаргасан ч бодитой үр дүнд хүрсэнгүй. Иймд хэдий болтол оффшорын талаар хий улс төр хийх вэ. Бодитой үр дүн харахыг л ард түмэн хүсч байна.

Мэдээж бизнес эрхлэгчдийн татварын мөнгөөр монголчуудын цалин хөлсийг тавьж, тэдний бүтээсэн баялаг Монголд үр өгөөжөө өгч буй нь үнэн. Гэхдээ бизнес эрхлэгчид ард иргэдийн худалдан авалт, баялгийн үр өгөөжөөр Монголдоо хөрөнгөжсөн атлаа өөр улсад мөнгөө нуун дарагдуулах нь увайгүй үйлдэл гэдэг нь ойлгомжтой.

Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих