УИХ-ЫН ГИШҮҮД Б.ХУРЦЫН ХАМТ НИЙТИЙН СОНСГОЛД СУУХАД БЭЛЭН ҮҮ

045f43540dc21575491f601c4caec18fТагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Солонгос Улсад Элчин сайдаар томилох асуудал улс төрийн хүрээнд нэлээд хурц өрнөлөө. Түүнийг Монголоос БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг Засгийн газраас гаргаж, Ерөнхийлөгч дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдсэн. Харин уг томилгоог эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн сонсголын хуулийн дагуу томилгооны сонсгол хийх санаачилга гаргаж, 21 гишүүний гарын үсэг цуглуулан УИХ-ын даргад өргөн барьсан. Мөн тэрбээр, өнгөрсөн долоо хоногт нийтийн сонсгол хийхийг 30 гаруй гишүүн дэмжсэн талаар ч мэдээлсэн. Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хүсэлт гаргасан тохиолдолд томилгооны сонсгол явуулдаг. Нэгэнт хуульд зааснаас олон гишүүн дэмжиж, хүсэлт гаргасан учир нийтийн сонгол явуулах нөхцөл бүрдсэн гэж тэд үзэж буй.

Тиймээс ч Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар нийтийн сонсгол явуулах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн О.Содбилэгээр ахлуулахаар болсон юм.

Гэсэн ч Б.Хурцын томилгоог УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх талаар гишүүд нэлээд маргалдаж байв. Учир нь Нийтийн сонсголын тухай хуулиар томилгоог хэлэлцэхээс өмнө томилгооны сонсгол хийх учиртай. Харин УИХ-ын дэгийн тухай хуулиар томилгооны санал ирснээс хойш долоо хоногийн дотор Байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцдэг. Эндээс хуулийн зөрчил үүсч, алийг нь дагах нь гишүүдийн хувьд эргэлзээтэй байдал үүссэн. Харин УИХ-ын Тамгын газрын хуульчдын зүгээс нийтийн сонсгол хийх үндэс байхгүй гэдгийг тайлбарлаж байв. Тэд “Элчин сайдыг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д зөвшилцөхөөр оруулж ирдэг. Монгол Улсыг төлөөлдөг Элчин сайдыг Ерөнхийлөгч томилдог, эгүүлэн татдаг. Элчин сайд УИХ-аас томилогддог албан тушаалтан биш учраас Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсгол явуулах боломжгүй” гэдэг тайлбарыг өгсөн байна. Тиймээс нийтийн сонсгол явуулах эрх зүйн орчин бүрдсэн эсэх чиглэл гаргахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгажээ. Үүнээс үзэхэд нийтийн сонсгол явуулах эсэх нь ч одоогоор тодорхой бус байгаа юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэд нийтийн сонсгол явуулах ажлын хэсэг байгуулсан ч асуудалтай холбоотой тодорхой шийдэл гаргаагүй. Тиймээс Ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдаж, нийтийн сонсгол явуулах эрх зүйн орчин бүрдсэн эсэхийг судалж, шийдвэр гаргах аж. Хэрвээ нийтийн сонсгол явуулахаар болбол хуулиараа 14 хоногийн өмнө олон нийтэд зарлах учиртай. Мөн хуульд сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр явуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар хаалттай явуулахыг хориглосон байдаг. Гол нь энэ сонсголоор Б.Хурцын болон нэр бүхий гишүүдийн асуудлын үнэн мөн нь тодорхой болно гэсэн хүлээлт нийгэмд аль хэдийнэ үүссэн. Нэр бүхий гишүүдийн хувьд ч нэр төрөө цэвэрлэх боломжийг хүлээж буй нь ойлгомжтой. Үндсэндээ ТЕГ -ын даргаар ажиллаж байсан хүний болон улстөрчдийн үнэн төрх цаашлаад Монгол Улсын нэр хүнд ямар байх нь энэ сонсголоор шийдэгдэнэ. Гол нь өнөөдрийн байдлаар Б.Хурцаас бусад нь “Нээлттэй сонсгол явуулахад бэлэн” гэдэг хариулт өгөөгүй байгаа юм.

Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.