Юун Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин томроод…

14080

Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй. Банкны засаглалын хажууд Монголын парламент зүгээр л хуруу хүүхэлдэй, акул компаниуд жараахайн чинээ, аж ахуйн нэгжүүд өтний дайтай, иргэд бол идүүрийн сав. Дөрөв дэх засаглалынхан гэж томроод байдаг хэвлэл мэдээллийнхэн хүүхдийн тоглоом болчихоод байна.

Хадгаламж, зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүгээ танах зэрэг шийдвэрүүдийн тухай санал хэзээ ч амжилт олж байсангүй. Монголбанк өөрөө мөнгөлөг олигархуудын хяналтанд дуугардаг, хөдөлдөг болсон гэх. Түмнээ өмгөөлөх учиртай төрийн түшээд нь төө зузаан өрийн дансаараа банкуудад барьцаалагдчихсан, төрийн албан хаагчид нь орон сууц, машины зээлээрээ дөнгөлүүлчихсэн, сонин телевизүүд хаалтын гэрээнд чөдөрлүүлчихсэн, олонх сэтгүүлч байр унааны барж давахгүй их өртэй.

Эмээ өвөө нар тэтгэврийн зээлэнд сөхрөөд уначихсан…ийм л БАНКНЫ ЗАСАГЛАЛ ноёрхсон нийгэмд амьдрах болсоор удав. Жил болгон том банкууд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гээчийг хийж 10, 20 сая төгрөг өгч гийгүүлнэ. Үүнийхээ төлөө банкны балиар засаглалын тухай, шударга бус шулааны тухай дуугарах эрхээ хаалгана. Аа дээр нь нөгөө банкууд чинь томхон хэвлэл бүрт өөрийн гэсэн мэдээлэгчтэй.

“Манай банкны талаар муу мэдээлэл гарчих гээд байвал дуулгаарай” гээд тэдэндээ цайны мөнгө атгуулчихна. Хааяахан аргагүй нэг тэсэрч, арыг нь ухсан сурвалжлага үзэгдвэл хаалтын гэрээний мөнгөн дүнгээ нэмээд л боллоо. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн алба Банкны зээлийн гэрээний хажууд юу ч биш. Дээр нь нөгөө цагдаа нар маань ч бас банкинд өртэй. Тэгээд энэ чинь ардчилсан нийгэм юм уу? Ёстой яршиг л байна. Банкны чимээгүй засаглалд улс орноороо баллуурдуулж байна. Монголчууд, гүргэр,тэвчээртэй, хөдөлмөрч…гэвч эдийн засгийн боловсролгүй. Бас ч гэж сүүлийн 30 жилд мөлхөөд ч болов ихийг хийж бүтээлээ. Тэглээ гээд өөд нар үзсэнгүй, өр зээлээс мултарч дөнгөсөнгүй. Харин өнөө мөнгө хүүлэгчид маань баяжаад, бандайгаад, томроод, тонтойгоод.
Хот бүхлээрээ тэдний мэдлийнх. Улс орон банкуудын ундаалганы мөнгө төдий болж хувирлаа. Хаана шинэ шилэн байшин ашиглалтанд орж, хаана шинэ үйлчилгээний байгууллага үүдээ нээнэ, тэр нь Хаанбанк зэрэг аль нэг шулаач, Хятад хоолны газар хоёр л байх болов. Ямартаа Эрдэнэтийн 49 хувийн наймаанд Худалдаа хөгжлийн банк ноёрхон оролцсоныг бид хэзээ хойно мэдэж байхав. Ард түмэн жижгэрч, банкууд томорно гэдэг л энэ байх. Манжийн ноёрхлын үед л монголчууд ингэж өмнө зүгийн мөнгө хүүлэгчдийн дарлалд тарчилж, сүүлдээ өрөө төлж чадаагүй нь есөн эрүү тулгуулж, хугацаагүй цэргийн албанд морддог байсан түүхтэй.
Гэтэл шинэ мянганд эх оронч бус банкуудын дарлал, дайралт хоёрт ингэтлээ сөхрөх гэж. Манжийн пүүсүүдийн өрийн бичгийг шатааж байж толгой өндийлгөсөн монголчууд энэ удаа банкны шударга бус зээлийн гэрээнүүдийн шатаах юм уу, хаашаа юм. Яршиг зүгээр, тэр гадны банкуудыг нь оруулж ирээд, яг яаж зээлийн хүү буулгахыг харчихъя зүгээр. Эх орон ард түмнээ хайр найргүй шулан мөлжиж буй манай банкуудыг тэгээд үндсэрхэг гэж найдсаар өчнөөн л хугацаа алдлаа.
Банкны мэдлийн телевизээ үзэж, банкны лизингтэй орноосоо өндийж, банкны төмөр сейфэнд гэрчилгээ нь хадгалаатай буй байрнаасаа өглөөдөө гарч, банкны барьцаатай машинаа унаад л… Банкны малаа хариулж, банкны мэдлийн ноосоо самнаж, ноолуураа тушаагаад л…аль насны үйлийн үр, алин цагийн алдаа вэ. Ажиллаад ажиллаад ард нь гарахын аргагүй өндөр хүү, амьдраад амьдраад нас хүрэлцэхгүй хугацаагүй мэт зээл….аймшигтай юм. Монголчуудын өр зээл ярьдаггүй өөдрөг хэрнээ нэрэлхүү зан дээр муухай тоглож байна даа. Ерөнхийлөгч Баттулгад дуулгахад банкуудын булчин таныхаас томорч, БАНКНЫ ЗАСАГЛАЛ таныхаас давж хальсан…
Р.Эмүжин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.