Монгол улсад цаазын ялыг дахин сэргээх үү

150822665259e5b65c9af592012 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр манай улс цаазын ялыг хориглосон дэлхийн 97 дахь орон болж байв. 1965-2005 оны хооронд Монгол Улсын хэмжээнд 806 хүн ялын дээд хэмжээ авч цаазлуулсан гэх мэдээлэл байдаг. Гэхдээ цаазын ял улсын нууцад хамаардаг учир энэхүү тоонд итгэхэд хэцүү. Үүнээс олон эсвэл цөөн хүн цаазын ял авсан байж мэдэх талтай.

Цаазын ялыг халсан нь хэд хэдэн шалтгаантай

Нэгдүгээрт: Гэм буруугүй хүнийг цаазаар авч болзошгүй. Төрсөн ах нь дүүгээ хүчиндсэн хэрэгт буруутан болж цаазын ял авчээ. Гэтэл 5 жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэн илэрсэн гашуун түүх манай хуулийн салбарт байдаг аж. Эрүүгийн хэрэг дээр алдаатай шийдвэр гарах магадлал 20-30 хувь байдаг гэж хуульчид үздэг.

Хоёрдугаарт: Цаазын ялыг улс төрийн зорилгоор ашигладаг. 1922-1939 оны хооронд өрнөсөн хэлмэгдүүлэлтийг цаазын ялын нэг хэлбэр гэж үздэг. Японы тагнуул хэмээн сэхээтнүүдийг чиглэсэн хэлмэгдүүлэлт энэ үед өрнөсөн. Тухайн үед Монгол улсын нийт хүн амын 13 хувь нь хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж үздэг. Товчхондоо улс төрчид өрсөлдөгчөө хуулийн хүрээнд намнах аргыг цаазын ял бий болгодог.

Гуравдугаарт: Онц хүнд гэмт хэргийг бууруулахад цаазын ял ямар ч үл нөлөөгүй байсныг судалгаагаар баталсан байдаг. Ядуурал, ажилгүйдэл, архидалт эрүүгийн гэмт хэргийн тоо нэмэгдэх шалтгаан болдог. Тиймээс цаазын ялыг хэрэгжүүлэхийн оронд гэмт хэргийн шалтгааныг арилгахад анхаарахыг судлаачид зөвлөдөг.

Дөрөвдүгээрт: Гэмт хэрэгтэнг цаазаар авснаар нийгэмд шударга ёс тогтдоггүй. Үүний оронд бүх насаар нь хорих ял өгөх нь гэмт хэрэгтнийг цээрлүүлж, хариуцлага хүлээлгэх арга гэж үздэг.

Тавдугаарт: Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэсэн заалт бий. Төр иргэнээ цаазаар авах нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл гэж тайлбарладаг. Тиймээс бүх насаар нь хорих ялыг үр дүнтэй гэж үзсэн байдаг.

Зургаадугаарт: Цаазын ял нь улсын нууцад хамаардаг учир тухайн ялтантай холбоотой мэдээлэл хаалттай болдог. Онц хүнд гэмт хэрэгтэнг цаазаар авалгүйгээр амийг нь  хэлтрүүлж хууль бус үйлдэлдээ ашиглах магадлалтай гэсэн хардлага цаазын ялыг дагах нь бий. Харин бүх насаараа хорих ял авсан хүний мэдээлэл нууцын зэрэгт хамаардаггүй. Өөрөөр хэлбэл илүү нээлттэй ил тод шийтгэлийн хэлбэр юм.

Цаазын ялыг дахин сэргээх шалтгаан

2017,11,27-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн балмад хэрцгий аллагын хэрэгт” цаазын ял оноох саналыг ХЗДХ-ын Ц.Нямдоржид хүргүүлэв.

2016 онд 2-7 насны 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөн мөн нэг нас 4 сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсан учир энэ төрлийн гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан байна.

Үүнээс гадна өсвөр насны охидоор бэлгийн дур хүслээ хангах гэмт хэргийн шинжтэй үйлдэл нэмэгджээ. Тодруулбал 12-17 насны 1613 охид өнгөрсөн жил амаржиж эх болсон 20 хүртэлх насны 1668 охид үр хөндүүлжээ. Үүний цаана хүсээгүй жирэмсэлт хүчирхийлэл нуугдаж буй аж.

Хөхнөөсөө гараагүй нярай хүүхдийг хүчирхийлсэн гаж үйлдэл, нийгмийг цочроосон аймшигт хэргүүд гарч буй тул дээрх төрлийн гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх чиглэлд хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллахыг Ц.Нямдорж сайдаас хүсээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр цаазын ялыг хэрэгжүүлдэг 57 орон байна. Эдгээр орны тоонд хүний эрхийг дээдлэгч, эрх чөлөөний орон гэгдэх АНУ ч багтдаг аж.

ОХУ-д 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндвэл 12-20 жил, дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг.

БНСУ-д  бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас нас барсан  бол гэмт этгээдийг цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг.

БНХАУ-д Бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон байвал 10-аас дээш жил хорих эсвэл бүх насаар нь хорих, цаазаар авах ял оногдуулдаг байна.

Бусдын жишиг ийм аж. Эрүүгийн нөхцөл байдал сайнгүй, ялангуяа бага насны хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааны хэрэг гарсаар байгаа ийм нөхцөл байдалд иргэдийн ихэнх нь  цаазын ялыг сэргээхийг дэмждэг.

Г.Дугар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.