Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авчээ

b34cec1009a2d1371909e10f30028a81Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, өнгөрсөн сард хийсэн ажил, шалгалтын дүнгийн талаар тайлагналаа. Мэдээллийн үеэр орон нутагт хийсэн шалгалтын талаар танилцуулж, хэд хэдэн ноцтой зөрчил илэрснийг нийтэд мэдээллээ.

Тухайлбал, 2016 онд Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.800.000 сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид /нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг давхардуулан олгодог/ 18.900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41.400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152.406.498 төгрөгийг зарцуулжээ. Харин энэ оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24.465.220 төгрөгийг, бусад зардалд 119.694.745 төгрөгийг зарцуулсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2017 оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг зарцуулсан нь илэрсэн байна.

Түүнчлэн Увс аймгийн Наранбулаг суманд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй зөрчил илэрчээ.

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон. Мөн Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авсан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий, тухайн суманд оршин суудаггүй этгээд сум хөгжүүлэх сангаас 16 сая төгрөгийн зээл авчээ. Зээл нь өнөөг хүртэл төлөгдөөгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан.

Сүхбаатар Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас урамшуулал олгох шийдвэр гараагүй байхад Тэргүүлэгчид урамшуулал олгох тогтоол гаргаж  шийдвэрлэсэн.

2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр Төрийн албанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Нэр бүхий албан хаагчид нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийт 96,964,192.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад 2016-2017 онд 50 хүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас нь чөлөөлж нийт 76,237,881 төгрөгийн тэтгэмж олгосон. Мөн онуудад 15 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон нөхөн олговорт 14 хүнд улсын төсвөөс 27,931,796 төгрөг олгосон байна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 33 дугаар тогтоолоор өөрсдөдөө сар бүр 10,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Тогтоолд үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 заалтуудад урамшуулах олгохтой холбоотой зохицуулалт байхгүй байх жишээтэй.

Дундговь аймгийн Хулд суманд жонш олборлодог 4 аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг санхүүгийн тайлан тооцонд оруулаагүй. 2017 оны 1 дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олборлосон жоншны тонн тутмаас 6000 төгрөгийн хураамж хууль бусаар авдаг. Хураамж авах ямар нэгэн шийдвэр гараагүй.

Увс аймгийн Наранбулаг суманд төрийн албаны шалгалт өгөөгүй, дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх хуулийн болон ажлын байрны шаардлагатай албан тушаалд уг шаардлага хангаагүй хүнийг томилон ажиллуулж байсан нь илэрчээ.  Түүнчлэн эхнэр, нөхөр, төрсөн дүү, хүргэн бэр гэх мэт өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан мэдэгдэл, тайлбар гаргадаггүй. Жишээлбэл, Ховд аймагт сумын Засаг даргаар нөхөр нь сургуулийн захирлаар эхнэр нь ажиллаж байгаа тохиолдол илэрчээ. Сумын төсвөөс тодорхой мөнгөн хөрөнгийг сургуулийн захиралд шилжүүлж, захиран зарцуулах эрх олгохдоо ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа талаар хуульд заасны дагуу мэдэгдэж, тайлбарлаагүй, энэ талаар ямар ч ойлголтгүй байна.

Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс өргөдлийн 4 төрлийн маягтыг өөрсдөө хэвлэж 100-200 төгрөгөөр иргэдэд худалдаалж байсан.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 1 албан хаагчид 2 сарын үндсэн цалин 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад сарын дараа уг этгээдийг үндсэн цалингийн 30 хувиар шагнасан байна.

Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С 2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олжээ. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй.

Ховд аймгийн төвд цэцэрлэгжүүлэлтийн ажил хийлгэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарлаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч 7 сая төгрөгийн ажил хийгдээгүй, хүлээн авсан актгүйгээр санхүүжилт бүрэн олгосон, уг ажлыг гүйцэтгэж байсан орон нутгийн  хуулийн этгээд татан буугдсан байдалтай байна.

Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих