Ч.Гэгээнхүсэл: Хаана хүрэхээ олж хараад л явж байна

23844589_1272124026224829_4217143926794912574_n“Шүлэг болгоныг “Болор цом”-д сойх албагүй. Мэдээж “Болор цом”-ын тайзнаа чангаар уншиж алга ташилт шаардах иргэнлэг шүлгүүд хэрэгтэй, таашаадаг олон хүн бий. Хүн болгон адилгүй болохоор. Миний хувьд ганцаархнаа номоо дэлгэн суугад, өөрийгөө чагнан, өөрийгөө олж харах, хайх, мэдрэх үгс жинхэнэ яруу найраг. магадгүй чанга дуугаар уншиж үзэгчдээс нижигнэсэн алга ташилт хүлээхгүй, өөрийгөө хайх, өөрийгөө сонсох мэдрэмж гэдэг жинхэнэ яруу найраг” гэж яруу найрагч Б.Галсансүх Ч.Гэгээнхүсэл бүсгүйн “You complete me” сонсдог номын нээлтэд оролцохдоо хэлэв. Зохиолч Ч.Гэгээнхүсэлийн шүлэг үнэхээр ч хэн нэгнээс харамлан харамлан уншмаар, тэгээд эргэцүүлж бодмоор, тодорхойлж хэлэхэд төвөгтэй гэмээр тийм өнгө, амттай.

Нэгэнтээ түүний шүлгүүдийн талаар “Үнэхээр шинэлэг, загвар хэв маягт автаагүй, үнэн үгс л ийм сэтгэгдэл төрүүлсэн хэрэг” хэмээн зохиолч яруу найрагч Г. Аюурзана гэж хэлсэн байдаг.

Ийн яруу найргийн ертөнцөд анир дагуулан орж ирсэн яруу найрагч Ч.Гэгээнхүсэлийн хоёр дахь бүтээл “You complete me” сонсдог номны нээлтийн ёслол Midlands lounge-д болсон юм. Лааны гэрэл, намуухан аяз, дарс, чимээгүй классик орчин, зүрх сэтгэлээсээ чимээтэй залуус  цугласан байлаа. Чухам л яг Б.Галсансүхийн хэлсэнчлэн өөрийнхөө дотоод анирыг сонсох орчин энд бүрджээ.

Түүний анхны яруу найргийн ном Аматти… Өвөрмөц, зарим талаараа хатуу, хурц гэмээр.

Залуухан ээж, үзэсгэлэнтэй, даруухан бүсгүй төрхтэй авцалдмааргүй ч юм шиг. Гэтэл нөгөө талаас нь харахаар зөөлөн уянгалаг, хайр энхрийлэл шингэсэн.

Харин үүнийг Ч.Гэгээнхүсэл

-Бидний мэдрэмжийн түвшинд хүлээж авсан зүйл зүрх сэтгэлд тод мөрөө үлдээдэг. Зүрхний бичлэг шиг л гэж товчхон бөгөөд тодорхой хэлнэ билээ.

Харин хоёр дахь бүтээл “You complete me” юу өгүүлэх бол?

Бүтээлийн нээлтийн ёслолд “You complete me” сонсдог номыг амилуулсан МҮОНТ-ийн хөтлөгч У.Эрхэмбаяр, UBS телевизийн хөтлөгч Б.Мөнгөнцэцэг нар номон дотроосоо гарч ирэх мэт бүтээлийн хэсэгхэнээс уншин толилуулсан. Гэгээн хайрын хүсэлд тэмүүлсэн, залуухан бүсгүй ичингүйрч, догдолж, хөөрч бас айж баярлаж… Үзэсгэлэнтэй нэвтрүүлэгч бүсгүй Б.Мөнгөнцэцэгийн нүүр, нүднээс ч энэ догдлол харагдана. Мөн л дурлалын ид шидэнд автсан залуу хархүү У.Эрхэмбаяр догдлоно, сандрана, бас хайна. Үнэхээр ч бүтээл дотроо орж, уусч, мэдэрч чадаж байна лээ, авьяаслаг хөтлөгчид маань. Уусан догдлохоос ч өөр аргагүй бүтээлийнх нь утга учир оршиж байгаа байх.

Цаашаа, үргэлжлээд юуг өгүүлэн, ямар мэдрэмж төрүүлэхийг энэ удаад нээлттэй орхиё. Уншигч та өөрөө сонсож, өөрийнхөөрөө мэдрэх нь чухал болохоор.

Ч.Гэгээнхүсэл чамгүй олон дууны шүлгийг бичсэн. Түүнийг дуучин A Cool  -ийн гэргий гэдгийг урлагийнхан сайн мэддэг, хэдийнээс урлагийн ертөнцөд сэлж яваа ч өөрийн бүтээлээр, өөрийнхөөрөө л байхыг хүсдэг бололтой, тэр бүр өгүүлээд байдаггүй юм билээ. Мэдээж эхнэр нь нөхрийгөө найдвартай ар тал болж, уран бүтээлийг нь дэмждэг, нөхөр нь ч эхнэрийнхээ бүтээлийг зүрх сэтгэлээрээ дэмждэг нь ил харагдана. Эрчтэй, залуу уран бүтээлчийн гэргий, залуухан ээж яагаад яруу найраг руу “хальтирах” болсон тухайд

- Зүрх сэтгэлээсээ урсан гарч байгаа мэдрэмжийг л цаасан дээр буулгасан хэрэг. Яруу найраг эсэхийг ч би мэдэхгүй. Зүрх сэтгэлийн дотоодод ганц үнэн л оршдог. Би энэ ахуйгаас түр холдоод, тэр үнэнрүү өнгийгөөд, тэнд тухлаад, ямар мэдрэмж төрж байгааг олж сонсоод тэрийгээ энэ ертөнцөд ирээд бичдэг юм. Үнэн бүхэн хүний зүрхэнд хүрдэг. Тийм л учраас миний шүлгүүдийг уншиж, сд сонссон хүнд хүрдэг ч байж болох юм гэх.

Ийн зүрх сэтгэлээсээ урсах мэдрэмжийг цаасан дээр буулгасан бүсгүйн хоёр дахь бүтээл төрсөн нь ч бас учиртай. Түүний хайрлан хүндэлдэг уран бүтээлч МУСТА Г. Наранцацралт анхны яруу найргийн номыг нь уншсаныхаа дараа “You complete me” хэмээх зургаа бүтээжээ. Зургийн өнгө дүрслэл, өгүүлэмж яг л Ч.Гэгээхүсэлийн дотооод анир, үгээр илэрхийлэх гэсэн бүхнийг өнгө будгаар илэрхийлсэн байж. Тийм ч учраас яг энэ зургаар, энэ нэрээр дараагийн бүтээлээ хийхээр болжээ. Харин эрхэм эгч Г.Наранцацралт нь

-Чиний бүтээлүүд намайг яг л ийм зураг зурах сан гэсэн сэдлийг төрүүлсэн. Үнэхээр зурахгүй байх аргагүй. Бас надад хүн өөрийн ертөнц, өөрийн бүтээл, илэрхийллээрээ л илүү аз жаргалтай болдог юм байна гэдгийг дахин сануулсан. Тийм болохоор дүү минь цаашдаа ч бүтээлээрээ биднийхээ онгодыг хөглөж байгаарай гэж ерөөв. Гайхалтай хоршил, гайхалтай учрал байгаа биз.

Хоёр дахь бүтээлийнхээ тухайд тэрээр

“Хайр мөнхийн үнэ цэнийг бидэнд өгдөг ч заримдаа бид өөрсдөө ч анзааралгүйгээр зүгээр л түүнийг түр мартчихдаг ч байж мэдэх юм. Мартсан гэж хэлэхийн оронд орхиж гээсэн өнгөрсөн цаг хугацаанд өнөөдөр бид оршиж байгаа ч байж болно. Гэвч хайр дурлалд цаг хугацаа, орон зай огтоос хамааралгүй. Бид хайрынхаа үнэ цэнийг мартаж орхигдуулснаас, зүрх сэтгэлийн эмзэг зөөлөн чанар улам бүр бүдгэрч, бид хүнлэг бус сэтгэхүйг ч бие биенээсээ өдөр бүр олж харах болсоор байна. Тийм болохоор завгүй, хэтэрхий хурдацтай гэмээр цаг хугацааны буулганаас түр ч гэсэн ангирч, өөрийгөө сонсож, хайраа, хайртдаа цаг хугацаагаа зориулаасай гэсэн мэдрэмжийг яг одоо хэн нэгэнд миний бүтээл мэдрүүлээсэй гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл хайрыг дахин нэг сануулахыг л зорьсон юм” гэсэн үгийг уншигчдад зориулан дамжуулж өгөхийг хүссэн юм.

Хүсэл мөрөөдөлгүй бол хичнээн хүчирхэг хүн ч нэг л өдөр мухардалд ордог. Хаана хүрэхээ олж хараад л алхаж явна. Яг л надад таарсан хурдаар, өөртөө таарсан ачаагаа үүрээд, нартайд, сартайд, цас борооноор алхаж байна. Энэ бол миний явах зам. Та ч бас өөрийн замаар л ахлаж байна гэж тэр хэлэх.

Тийм ээ тэр урагш, өөрийн замаар алхаж байна. Ч.Гэгээнхүсэлдээ амжилт хүсье.

А.Туяа

Infomongol.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.