Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаагаарай ЕРӨНХИЙ САЙД АА

295b4db3dbd7190f467997d241d5bb54“ХУВЬ ТАВИЛАНГАА Л ДАГАНА ДАА…”

Энэ үг хэтэрхий идэвхгүй, сул дорой мэт санагдах ч эргээд бодоход хувь заяа гэдэг шагналын хур мэт олон сайхан дагуултай байх нь үнэний хувьтай. Ингэж бодвол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын өнөөдрийн од шүүрсэн улс төрийн ялалтууд хувь хүндээ яах аргагүй гайхам сайхан байж таараа. Магадгүй гайхам сайхан гэхээс илүүтэй асар өндөр үүрэг хариуцлага, нэр төр, хичээл зүтгэл, олз омог, мөнх насны түүх болох нь гарцаагүй. Тиймээс ч өдгөө хэвлэлийн хуудаснаа ч, сошиал орон зайд ч Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хоёр нэр хамгийн олон удаа давтагдаж, хамгийн их магтуулж мөн хамгийн их шүүмжлэгдэж буй. Учир нь, тэд бол өнөө цагийн Монголын удирдагчид. Үүнийг харин үл зөвшөөрөх хандлагаар өнөөдрийн цаг хугацаанд үгүйсгэж боломгүй. Учир нь, тэд бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд.

ЭВ НЭГДЭЛД ДАВУУ ТАЛ БИЙ

Энэ утгаар нь харвал тэд нэгдэн нийлж, санаа зорилгоо нэгтгэж, улс төрийн болоод төрийн үйл хэргийн хувьд хань хамсаатан байх учиртай. Өнгөрсөн 27 жилийн Монголын улс төр бүхэлдээ өшөө хорсол, атаархал, дайсагнал дунд хатингашран сульдснаас үүдэн бодоход тэдний Монголд эв нэгдэл хэрэгтэй. Нэгэн үе МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ардчилсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг долоон удаа буцааж, жил орчим хугацаанд гүйцэтгэх засаглалыг үүрэг гүйцэтгэгчээр удирдуулсан.

Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд Ардчилсан намын Ерөнхийлөгч нь Ардчилсан намынхаа лидерүүдтэй зодолдож, Монголд ч, төрд ч, иргэдэд ч чамгүй төвөг удсан. Цаашлаад төр нь төр биш, улстөрчид нь улстөрч биш болсныг хангалттай олон удаа батлан харуулсан.

Ийм үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эвтэй байна гэдэг бол өнөө цагт яах аргагүй олз. Ядаж л, Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа хортой хутгах гэж, ард түмнийг ч, төрийг ч бужигнуулахгүй. Тэр хэрээр төрийн ажил урагшилна, тодорхой шийдвэр гарна. Үр дүнд нь жинхэнэ утгаараа Монгол ялна. Үүнд нь ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэм болох учиртай

ЭВ НЭГДЭЛД ХЯЗГААР БИЙ

Гэхдээ эв нэгдэл байлаа, байлаа гээд энэ нь яав ч МАН-ын даргын суудлыг авсан даруйдаа ‘‘Max импекс” компани дээр очиж, өргөтгөл хийхэд нь туслах тухай үүрэг өгөх бол биш юм. Товчхондоо, эв нэгдэлд бас хязгаар бий гэсэн үг. Учир нь, Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнгөрсөн мягмар гаригт тус компани дээр ажиллах үеэрээ “Max импекс” компанийн өргөтгөл шинэчлэл хийхэд нь хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулж, анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт үүрэг болгосон. Мэдээж, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа нь сайн. Гэхдээ Ерөнхий сайд, МАН-ын даргыг давхар хаших болсон анхныхаа үйлдвэртэй танилцах ажлаа “Max импекс”-ээс эхлүүлж, тэр дундаа үйлдвэрлэлийн зээл олгоход туслахыг үүрэг болгох нь энэ удаад олон хүнд эргэлзээ төрүүлчихлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга уг компанийг анх өмч хувьчлалаар авсан. Улмаар өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ байнга бичиж явдаг. Сонгуулийн сурталчилгаагаа ч тус компаниас санхүүжүүлсэн. Нэг ёсны “Max импекс” бол Ерөнхийлөгчийн гэр бүлийн компани гэдгийг монгол хүн бүр андахгүй мэднэ. Ийм байхад Ерөнхий сайд шууд утгаар тус компанийг дэмжихээс ажлаа эхлүүлж байгааг яагаад монголчууд хардаж болохгүй байх билээ. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэнд юун түрүүнд эв нэгдэлд хязгаар бий гэдгийг сануулья.

СҮҮДРЭЭС ЗУГТАХ ХОЁР ГОЛ ШАЛТГААН

1. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн Монголын хийгээд МАН-ын улс төрийн дотоод зөрчлийг Ерөнхийлөгч Х.Баттулгыг хутгасан, чиглүүлсэн, дохьсон гэх мэт олон яриа өрнөсөн. Тэр хэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын сул гишүүний хувиар Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход тусалсан, түшсэн, нөхөрлөсөн гэх яриа ч дэлгэрсэн. Энэ бол Ерөнхий сайдын Ерөнхийлөгчөөс зугтах том шалтгаан. Хэдийгээр дээрх дүгнэлтүүд улс төрийн хар хов, эзэн биегүй таамаг байж болох ч олонд тарсан яриа гэдэг ортой бас оргүй хоёрын хооронд хөвж явдгийг бодолцохгүй байхын аргагүй. Ийм нөхцөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Max импекс”-тэй танилцаж, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн нь яав ч эргэлзээгүй харагдахгүй нь мэдээж. Харин бодлогын төвшинд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь дэмжих гүйцэтгэх засаглалын дэмжпэг бол өөр. Наад зах нь, Ерөнхийлөгч Х.Баттулга “Эмээлт” захаас хувь эзэмшдэг. Зөвхөн анхан шатны мах бэлтгэл бараг л энэ захаар дамждаг. Энэ тохиолдолд хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн ард хэний эрх ашиг явагдах нь тодорхой. Иймд Ерөнхий сайдыг Төрийн сайд хэмээн итгэсэндээ дээрх үндэслэлийг Ерөнхийлөгчөөс зугтах шалтгааны нэгээр бичиж байгаа хэрэг.

2. Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төр ч, бодлого ч өдгөө уул уурхайн бизнесийг цэгцлэхэд чиглэж байгаа. Энэ хэрээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид эргэлзээнд орж, тэд хөдөлгөөн хийхээс эмээх болсон. Ингэхдээ тэрбээр хүнсний үйлдвэрлэлийг харин бодлогоор дэмжихээ илэрхийлсэн. Мэдээж эрүүл хүнсийг. Хэдийгээр энэ нь монгол хүний амь амьдралтай холбогдох онцгой сэдэв ч эргээд хувийнх нь эрх ашгаас хэр хол буух вэ гэдэгт эргэлзэх шалтгаан нь дээрх мэдээллээр баталгаажина. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ч энэ зөрчил, энэ шалтгаанаас нэр төртэйгөөр өөрийгөө аврах, хамгаалах хэрэгтэй болж байгаа юм. Ядаж л, Ерөнхийлөгчийн довтолгооноос эмээж буй уул уурхайн салбараа өмгөөлөх, хамгаалах бодлогоо зарлачих хэмжээний эрх баригч намын дарга гэдгээ баталчих. Иймд Ерөнхий сайдад дахин Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаахыг зөвлөе. Товчхондоо эв нэгдэл юу юунаас эрхэм чухал ч эргээд харахад эрх ашгийнх нь сүүдэрт нуугдсан хувь улстөрчийн түүх үлдвэл яаана вэ. Энэ тохиолдолд юу яасан бие даасан, эрч хүчтэй Ерөнхий сайдын түүх.

ХАДГАЛАХ ИМИЖ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дахин хэлэхэд МАН ч, олон нийт ч бие даасан улстөрчөөр төсөөлдөг. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэхэд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн МАН-ын Их хурал дээр намын даргын сунгаанд дэмжиж үг хэлэхдээ “У.Хүрэлсүх шиг зоримог улстөрч Монголын хямралыг илааршуулж чадна” гэх утгаар өөрийн үгээ чимсэн байсан. Өөр бусад намынх нь гишүүдийн тухайд ч адилхан. Мөн түүний улс төрд өнгөрсөн он жилүүдэд бүтээсэн түүх нь өөрөө бие даасан, энх цагийн цэргийн хүний өнгө төрхөөр бичигдэж ирсэн.

Гэхдээ энэ имиж хувь улстөрчийнх нь алдаа, онооноос улбаалаад цаашид өөрөөр бичигдэхийг үгүйсгэх аргагүй. Намынхаа Их хурлын төлөөлөгчдөөс “Завь хоёр сэлүүртэй. Хоёр сэлүүрийг надад өгөөч” гэж гуйсантай нь дүйцэхүйц хариуцлагыг Монголын ард түмэн түүнээс 2020 онд нэхнэ. Тус онд болох УИХ-ын сонгууль У.Хүрэлсүхийг хэр сайн удирдагч байсан бэ гэдэгт нь хариулт өгнө. Тэр цаг хугацаа ердөө л хоёр жил гаруйн цаадхи он жил. Ийм байхад зөвхөн өөрийгөө бус намаа, Монголыг бодох буюу хадгалж үлдэх имиж нь бие даасан улстөрчийн нөмөр, нөөлөг, эрч хүч юм.

Түүнээс бус нэгэн цагт Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгатай зуузай холбосон гэдгээр бичигдэхгүй, мөн сонгогчид дүн тавихгүй нь ойлгомжтой. Тэр дундаа, бизнесийг төрлөөр нь, компаниар нь харж дэмжих бодлого бол бүр ч явахгүй. Иймээс л дахин дахин гуйя. Ерөнхийлөгчийн сүүдрээс зугтаагаарай гэж.

Эцэст нь, нэг үгээ давтая. “Хувь тавилангаа л дагана даа” гэж. Энэ үг тэдний хувь тавилан нэгэн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байж, Монголын төрийг удирдах эрхэм үүргийг хүлээхээр бичигдсэн гэдгийг гэрчилнэ. Гэхдээ эв нэгдлээр эрх ашгийг хаацайлахыг бол харин хувь тавилан хэмээн итгэж болохгүй учраас эвтэй байгаад эв зүйтэй ажиллалаа гэхэд эргээд эрх ашгаараа дөрөө харшуулж болохгүйг дахин, дахин сануулья аа.

Эв нэгдлээр эрх ашгийг хайцаалах боломжгүй гэдгийг та ч, бид ч мэдэх хойно доо.

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих