Хулсан сэлэмний тулаанч урлаг буюу “кэндо”

12-4-5-750x400

Х.ОЮУНБОЛД

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын XIV дэх удаагийн кэндогийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. “Этүгэн” дээд сургуулийн спорт зааланд болсон энэ тэмцээн үүднээсээ сонирхол татах аж.  Спорт заалны гадна талд “Монголын кэндогийн аварга шалгаруулах XIV дэх тэмцээн” гэж бичсэн анонс, хажууд нь тулааны урлагийн өмсгөлтэй хиймэл хүн байрлуулсан нь спорт сонирхогчдын зургийн фон болж байв. Харин зааланд орохдоо япон заншлаар бүгд гутлаа  үүдэнд  тайлж, дотогшоо орсныг харвал энэ тулааны урлагаар хичээллэгсэд зөвхөн спортоор хичээллээд зогсохгүй ёс заншлыг нь хүртэл дагадаг юм байна гэсэн бодол төрөв.   Шинай буюу хулсан сэлэм барьсан кэндогийн урлагт насны хязгаар гэсэн хатуу дэглэм байдаггүй аж. Тэмцээнд хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн, идэр насныхан бүгд оролцож байв.

Кэндо нь эртний самурайн тулааны урлаг юм. Орчин үед цөөнгүй охид бүсгүйчүүд кэндогоор  хичээллэдэг болсон. Кэндогийн өмсгөл нь харваас эрэлхэг дайчин байдлыг илтгэдэг. Энэ тулааны урлаг нь зөвхөн хулсан сэлэм бариад хүн цохих биш, энэ тулааны урлагаар хичээллэх явцдаа харилцаа, хүндлэл, хоорондын талархал, шударга үнэнч байдал зэрэг хувь хүний амьдралд хэрэг болох олон чухал харилцаанд суралцдаг ажээ. Тэмцээнийг Япон улсын Элчин сайдын яамтай хамтран хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Тэмцээнд зургаан клубын 70 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний шүүгчээр Япон болон олон улсын кэндогийн холбооноос таван хүн хүрэлцэн иржээ. Тэмцээнд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа энэ жилийн тэмцээнд олон тамирчин оролцож байна гэдгийг багш, дасгалжуулагч нар нь хэлж байв. “Монголын Кэндогийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж “Тамирчид энэ тэмцээнд оролцож, чансаагаа ахиулснаар ирэх жил Солонгост болох дэлхийн кэндогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эхтэй болно. Түүнээс гадна  сар бүр явагддаг сорилын тэмцээнд зургаан сар хүртэл оролцвол ахиулсан оноогоор нь дүгнээд, дэлхийн кэндогийн холбоонд оролцох тамирчны мэдүүлгийг явуулдаг. Энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй болон өсвөр насны ангилалд түрүүлсэн тамирчныг Япон улсын Элчин сайдын яамнаас тус улсад долоо хоног аялах эрхийн бичгээр шагнана” гэсэн юм.

Бүтэн өдөр үргэл­жилсэн энэ тэмцээний 17-45 насны  эрэгтэйчүүдийн ангилалд “Монгол кэндо” клубын тамирчин Э. Уртнасан алтан медаль хүртсэн бол “Чикара кэндо”  клубын тамирчин  Д.Чинбилэгт мөнгө, “Чикара кэндо” клубын Т. Чинзориг хүрэл медалийг хүртсэн юм. Мөн энэ насны ангилалд алтан медалийг “Чикара кэндо” клубын тамирчин М. Сарантуяа авч түрүүлэв. Түүнээс гадна 45 дээш насны ангилалд тамирчин Д. Ганзориг алтан медаль, Ц.Онон мөнгө, Б. Баясгалан хүрэл медаль тус тус хүртлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих