Баянзүрх дүүргийн МАН-д үйлчилдэг хууль Монгол улсад байна уу?

527-1512438451imageedit_2_3208137925

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танаа:

Таныг улс төрийн намууд, нам дагасан бүлэглэлүүд, төрийн албан тушаалтнууд хууль хяналт, цагдаа хүчний байгууллагыг өөрсдийн булхайтай үйлдэл, бусармаг зорилгод ашиглаж ирсэн байж болзошгүй үйлдлүүдийг зоригтойгоор таслан зогсоож ард түмнийхээ талд тууштай ажиллана гэдэгт иргэд бид итгэн хүлээж байгаа билээ.
2016 онд Баянзүрх дүүргийн сонгогчид УИХ-ын зургаан гишүүний тавыг нь, НИТХ- ын 9 төлөөлөгчийн долоог нь МАН-аас сонгосон. Бид АН-ын 2012-2016 оны засаглалд ийм л дүн тавьсан. 2016 онд ДИТХ-ын 41 төлөөлөгчөөс 22-ыг АН-аас, 19-ийг МАН-аас сонгосон. Ямар дүн тавих эрхээ л хэрэгжүүлсэн. Гэвч дүүргийн сонгуулийн хорооны дарга Бат-Өлзий (53 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаа), нарийн бичгийн дарга Мэндсайхан /сонгуулийн хорооны хууль бус тогтоолуудыг баталгаажуулсны шанд Үндэсний брэндийн зөвлөлд дэвшин томилогдсон/, гишүүн Цэнд-Очир (Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар дэвшсэн) нарын бүрэлдэхүүнтэй сонгуулийн хороо нь ДИТХ, төлөөлөгчдийн бүрэн эрхэнд халдсан хууль бус 13 тогтоол гаргаснаас одоогоор 11-ийг нь хүчингүй болгосон шүүхийн шийдвэр эцэслэн гараад байна.
Дүүргийн сонгуулийн хорооноос хуулиар олгогдоогүй эрх эдлэн гаргасан тогтоолуудыг үндэслэн ДИТХ-ын төлөөлөгч Атармаа нь ЗГХЭГ-ын дэд дарга Солонгоор 2016.12.20-ны өдөр 21/73 тоот албан бичиг гаргуулан ДИТХ-ын тамгыг хуурамчаар хийлгэсэн. Энэхүү хуурамч тамгаа ашиглан өөрийгөө ДИТХ-ын даргаар томилж, дүүргийн МАН-ын дарга Бат-Амгаланг Засаг даргад нэр дэвшүүлсэн илт хууль бус бичиг үйлдэн Нийслэлийн хотын Засаг даргад хүргүүлсэн байдаг. Албан тушаалд өөрийгөө томилогч Атармаад намын нөхрийн хувьд итгэсэн хотын дарга шийдвэрээ цуцалж, Баянзүрх дүүргийн МАН- ын дарга Бат-Амгалангийн дүүргийн Засаг дарга болох гэсэн адын хүслийг хангасан 120 минутын төлөөсөнд Монголын цагдаагийн байгууллага иргэд рүүгээ хорт хий цацаж, бороохой далайж мөргөлдөөн үүсгэсэн.
Бат-Амгалан, Атармаа, Бат-Өлзий, Мэндсайхан нарын балгыг жирийн иргэн, монгол цагдаа хоёр л биеэрээ эдэлж, Баянзүрхчүүдийн итгэлд нь цав, сэтгэлд нь сэв суулаа.
Өөрийнх нь хууль бус үйлдэл гэм зэмгүй өнгөрч байгаад эрэмшсэн Атармаа нь 2017.11.28-ны өдрийн ДИТХ-ыг тасалдуулах зорилготойгоор гадна жагсаал, дотор үймээн зохион байгуулж, үгсэн хуйвалдсан этгээдүүдээрээ ДИТХ-ын төлөөлөгчийг гүтгэн гүжирдсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарааж байна. Эдгээр этгээдийн хууль бус ажиллагаанаас болж Баянзүрхчүүдийн сонголт хүчгүйдэж, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага иргэдэд үйлчлэх хууль ёсны үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна.
Ард түмний сонголтыг үл тоомсорлож өөрсдийгөө хуулиас дээр тавьсан дүүргийн сонгуулийн хорооны дарга Бат-Өлзий, нарийн бичгийн дарга Мэндсайхан, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга, ДИТХ-ын төлөөлөгч Атармаа нарт үйлчилдэг хууль Монгол улсад байна уу, эсвэл тэд хуулиас гадуур хүмүүс үү?
Зөвхөн дээрээ бус дүүргийн хэмжээнд ч цагдаа хууль сахиулах байгууллага улстөрчдийн тоглоом болсоор байх уу.
Баянзүрх дүүргийн иргэн:
Д.Уламбаяр М.Ихцэнгэл Ж.Батцэнгэл Ж.Мөнх-Од Л.Сарантуяа А.Бямбадолгор Г.Эрхэмбаяр Д.Нэргүй Д.Отгонбат Д.Одонтуяа С.Чулуундорж Д.Батмөнх Б.Амарзаяа Ү.Билэгсайхан Д.Ууганбаяр

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.