Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт эхэллээ

15428

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын галын аюулгүй байдал, түүнчлэн  хүн олноор төвлөрдөг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэд хамрагдах юм.

Нийслэлийн хэмжээнд энэ хяналт шалгалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгаж, хууль зөрчсөн иргэд, байгууллага аж ахуй нэгжид хариуцлага тооцож ажилладаг.Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  зохион байгуулна.

Өнгөрсөн онд  нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 425 обьектыг шалгаж, галын аюулгүй байдлын норм дүрэм, стандарт зөрчсөн 1049 зөрчил илрүүлэн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 121 заавал биелүүлэх албан шаардлага, 144 мэдэгдэл,  6 танилцуулга, 11 дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.