Наран мандаж буй дэлхийн эдийн засаг

218947-08122017-1512698316-1017619611-zgmДэлхийн эдийн засаг зохист хэмээр сэргэн өндийж байна. Гэхдээ л хөрөнгө оруулалтыг ялангуяа хөгжингүй орнуудад ихэсгэж өгөхгүй бол энэ сэргэлт удаан үргэлжлэхгүй. Үүн дээр уул мэт аварга өр одоогийн сэргэлт тогтвортой үргэлжлэхэд дарамт учруулж буйг Парист байрладаг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ-OECD) сүүлийн шинэ тайландаа анхаарууллаа.

The Economic Outlook хэмээх уг тайлан нь ЭЗХАХБ-ын ахлах эдийн засагч Кэтрин Манны сүүлийн ажил. Эдийн засгийн сэргэлт зүй ёсны үзэгдэл ч сэтгэл тайвшрах үндэс болох учиргүйг уг тайланд онцлон дурджээ. Жилийн өмнө буюу 2016 онд 3.1 хувьтай байсан дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.6 хувь өсөх тооцоог тус байгууллага хийсэн юм. Улмаар ирэх 2018 онд өсөлт 3.7 хувь буюу 1990-2007 оны дунджид дөхөж очно. Их долоогийн орнууд дотор энэ онд эдийн засаг нь 2016 оны түвшинд өсөх ганцхан улс байгаа нь Их Британи.

ЭЗХАХБ дэлхийн үйлдвэрлэлийн гарцын 80 хувь ногдож буй 45 улсыг судалсны үндсэн дээр манай гарагийн эдийн засгийн өсөлтийн хурдцыг тодорхойлогч нь Энэтхэг, Хятад хоёр хэмээн дүгнэв. Судалгаанд хамрагдсан улсууд бүгд 2017, 2018, 2019 онд эдийн засаг нь өсөх дүнтэй гарчээ. Гэхдээ л өсөлт тогтвортой үргэлжилж чадах эсэхэд эргэлзэх шалтгаан бий. Их долоогийн орнуудад цэвэр хөрөнгө оруулалтын хувь хэмжээ санхүүгийн хямралын үеийнхээс бага хэвээр. Хөдөлмөрийн бүтээмж үл ялиг өсөх хандлагатай ч 1995-2007 оны дунджаас нэлээдгүй доогуур. Өр их байгаа явдал эдийн засгийн сэргэлтэд хамгийн ноцтой саад болж байна.

Өндөр орлого бүхий хөгжингүй улсуудын заримд нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг (ДНБ) компаниудын өрд харьцуулсан хувь хэмжээ санхүүгийн хямралаас хойш тогтворжсон. Гэтэл Франц зэрэг зарим улсад энэ хэмжээ өссөөр. Урт хугацаанд нь авч үзвэл компанийн өр АНУ, евро бүсэд үйлдвэрлэлийн капиталын хуримтлалаас илүү хурдацтай өсөж байна. Өрийн зарим хэсэг нь хувьцаагаа эргүүлэн худалдаж авах замаар үнийг нь өсгөдөг аргаас үүдэлтэй. Санхүүгийн ийм инженерчлэл нь өрөөс шалтгаалсан татварын давуу байдал, компанийн удирдлагын цалин ба хувьцааны үнийн этгээд холбооноос ч хамаардаг.

Мөн АНУ, Их Британийг оролцуулаад хөгжингүй орнуудад иргэдийн өр их байна. Харин хөгжиж буй эдийн засагтай орнуудад иргэдийн өр бага. Гэв ч ихэнхийг нь гадаад валютаар тооцсон компаниудын өр асар их хуримтлагджээ. БНХАУ-д ДНБ- тэй харьцуулсан компанийн өрийн хэмжээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхаас ч их байгаа юм. Өндөр орлоготой улсууд төдийгүй хөгжингүй орнуудад ч компанийн бондын зэрэглэл эрс унасанд гайхах зүйлгүй. Дэлхийн олон оронд аварга өсчхөөд буй энэ их өртэй холбоотой ямар эрсдэл бий вэ? Нэгдүгээрт хөрөнгө зомби компаниудад түгжигдлээ. Ноцтой нь зээл ихсэх тусам өсөлт саарч, эрх тэгш бус байдал газар авч байна. Бүүр аюултай нь бодлогын хүүг илүү өндөр тогтоох тохиолдолд одоогоор шийдвэрлэж болоод байгаа өр боломжгүй болон хувирах эрсдэл юм . Чухам үүнээс шалтгаалан хямралын хоёр дахь давалгаа нөмөрч болзошгүй. Ийм хямрал нь 2007-2012 онд АНУ, Европын эдийн засгийг нэрвэсэн тэрхүү хямралаас ямар ч ялгаагүй.

Хямрал нүүрлэхгүй байж болох ганц шалтгаан нь банкны зээлээс компанийн бондод шилжих. Банк зэрэг хөшүүргийн механизм их хэрэглэдэг зуучийн алдагдал хүлээх чадвар хязгаартай. Ийм институцуудын ач холбогдлыг бууруулах нь хөшүүргийн аргаас хамааралтай эдийн засгийг тогтворжуулж өгнө. Ер нь орон сууцны фондын үнэлгээ хэтэрснийг бодолцсон ч ийм институцыг “гэрэлд гаргах” нь чухал байгаа юм.

Нөгөө талаар бондод хэт түшиглэх нь өөрийн эрсдэлтэй. Хөгжиж буй зах зээлийн эдийн засагт гадаад валютын эрсдэл нүүрлээд байна. Цаашилбал компаниуд олноороо дампуураад эхэлбэл банкуудад л урхагтай. Бондоос шалтгаалсан аварга алдагдлаас болж бондын сангууд үрэн таран болж, санхүүжилт зогсож болзошгүй. Тэгэхээр банкны санхүүжилтээс бондын санхүүжилтэд шилжих нь өрөнд баригдмал эдийн засагт мөн адил аюултай байх нь.

Бодлогын хүү яахаараа өсөх учиртай юм гэсэн бас нэг чухал асуулт бий. Өөдрөг шалтгаан нь ядаж л өрөнд баригдсан компани, айл өрхөд гэгээ тусгах эдийн засгийн өсөлт. Гутранги шалтгаан нь инфляц хөөрөх эрсдэл. Төв банкууд мөнгөний бодлогоо чангатгавал 1980-аад оны эхээр тохиолдсончлон зарим өртнүүд туйлын хүнд байдалд орно. Бодлого чангармагц инфляц өсөж, төлбөрийн чадваргүй болох үзэгдэл газар авч, эдийн засаг шууд зогсонги байдалд шилжиж болзошгүй. Арай өөрөөр түгших аваас төв банкууд ийм нөхцөлд тохирсон арга хэмжээ нэн даруй авч чадахгүй ч байж болох. Яадаг ч байлаа аварга өр нь мөнгөний бодлогыг уян хатан зохицуулахад улам л бэрхшээл нэмнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1962 онд “нартай байгаа дээр амжаад дээврээ зас” хэмээсэн алдартай үг хэлсэн . Иймд сэргэлт ид өрнөж буй хариуцлагатай үед эдийн засгийг оновчтой залах нь чухал. Хийх ёстой чухал нэг өөрчлөлт бол өрийг татварын таатай нөхцөлөөр аргалдаг явдлыг үгүй хийх. Хувьцаатай холбоо бүхий төлбөр нь хэрээс хэтэрсэн зээлийг өөхшүүлдэг гэмтэй тул татварын тогтолцоонд үзүүлэх нөлөөг нь авч үзэх шаардлагатай. Хөрөнгөө зузаатгах нь банкуудын эмзэг байдлыг багасгаж өгнө. Хөгжиж буй эдийн засагтай улс орнууд гадаад валютаар зээл авахаа багасгах хэрэгтэй.

Мартин Вольф

Засгийн газрын мэдээ

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.