Зэсийн ханш 7200 “ногоон” болтлоо унав

10 МЯНГАН АМ.ДОЛЛАРААС УРУУДСААР…

Дэлхийн зэсийн эрэлтийн таван тонн тутмын бараг хоёр тонныг нь залгидаг Хятад улс өдгөөгийн металлын зах зээлийг хаанчилж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард энэ шар металл энэ оны анхны амжилтаа 10 мянга 190 ам.долларт тогтоосон. Энэ тухай “Businesslive.com” сайтад дурджээ. Гэвч зургадугаар сараас хойш 9650 “ногоон”-оос уруудсаар ирсэн юм.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт бүр 7200 ам.доллар болж түгшүүрийн дохиогоо хангинуулж байна. Долоо хоногийн өмнө Хятадын Ерөнхий сайдын орлогч Ван Чишань дэлхийн хямрал улам бүр ужгирч байгаа нь тодорхой болсныг сануулсан. Энэ хугацаанд өрийн асуудлаа хэлэлцэхээс АНУ түр татгалзаад байна. Харин евро бүсийн улсуудаас Италийн бондын хүү хамгийн дээд цэгтээ хүрч, Германы 10 жилийн хугацаатай өрийн бичгийн хүү хоёр хувь болон өсч, Унгарын зээлжих зэрэглэл буурлаа.

Европын зэсийн тэргүүн зэргийн үйлдвэрлэгч “Аурубиз” компани нийлүүлэлтийн хомсдол үүсээд байгаа бөгөөд Германы зэсийн эрэлт Хятадын импорт өнгөрсөн сарынхаас их байгаа зэргийг дурджээ.

ХЯТАДЫН ЭРЭЛТ БУУРАХ УУ, ӨСӨХ ҮҮ?

Өнөөг хүртэл Хятадын зэсийн эрэлт буурна хэмээх шинжээчдийн төсөөлөл үргэлжилсээр байна. Индонез дэх дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай ажил хаялтаас болж түр зогсоод байна. “Голдман Сакс”-ын урьдчилсан таамаглалаар нийлүүлэлтийн хомсдол ирэх онд 180 мянган тоннд хүрэх юм байна.

Тэдний төсөөлж буйгаар ирэх оны эхний гурван сард зэсийн үнэ 8000 ам.доллар болох бол оны төгсгөлд 9500 “ногоон”-д хүрэх юм. Энэ бол зөвхөн нийлүүлэлтэд үндэслэсэн тоо бөгөөд эрэлтийг тооцоогүй юм. Харин Монгол Улсын хувьд эдийн засгийн их өсөлтийг Оюутолгой төслөөсөө хүлээн байгаа билээ.

Энэ тухай “SeekingAlpha.com” цахим хуудаст хэрхэн дурдсаныг хүргэе. “Монгол Улсын ДНБ өнгөрсөн онд 6.8 тэрбум ам.доллар байв. Харин Оюутолгой жил бүр гурван тэрбум “ногоон”-ы металл үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй. Энэ бүхэн нь Монголын эдийн засгийг ихээхэн өндөр өсөлттэй байлгах нь.

Үүнтэй зэрэгцэн “Уолл Стрийт Таймс” сэтгүүлд “Дэлхийн өсөлт саарсан ч Хятадын зэсийн импорт өндөр хэвээр байна” гарчигтай нийтлэл хэвлэгдэж байлаа. “Wood Mackenzie”-гийн металлын судалгаанд зэсийн эрэлт үргэлжилнэ” хэмээв.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих