Малын үнэ тэнгэрт хадаж, мах магнаг болох нь дээ

Өдийд малчид өвөлжөөндөө тухалчихсан сайхан байгаа. Гэрийнх нь тооноор уур савсч, хоточ банхар нь гэрийнхээ хаяанд нарлан хэвтэж, хааяа нэг босч суниан, алсыг уйтгартайхан харчихаад эзнийхээ хаяж өгсөн ясыг ч үл тоон зүүрмэглэж байгаа даа.

Хот айлынхан нэгнийдээ цуглан өвлийн идшийг нь төхөөрөлцөж, үүцийг нь бэлдэцгээгээд л. Хотод суугаа хэдэн хүүхэддээ амсуулах жаал жуул махаа хуваарилж, ууталж хөлдөөх гээд эзэгтэй нар ч завгүй байгаа биз. Мал малын захтай хөдөөнийхөн нэг иймэрхүү байхад өнчин ишиггүй сум, аймгийн төвийнхөн таньдаг айл, найз нөхдөөсөө ганц төлөг ч болтугай гуйж гувшиж бүр болохгүй бол ирэх хавар мөнгийг нь өгөхөөр гуйна.

Төвийн ганц нэгхэн дэлгүүрт мах байвч үнэтэй, бас тураг мах голдуу байна. Хотынхон бид ч харин тэднээс өөр шүү. Мөнгө л байвал хаанаас ч тарган мах аваад зулчихаж дөнгөнө. Max, мал гэснээс энэ жил орон нутагт малын үнэ тэнгэрт хадаж, мах магнаг болж байгаа сурагтай. Завханы Тэс рүү идшиндээ явсан дүү нарын маань “Портер” машин бараг л хоосон ирэв.

Туватай хил залгаа сум болохоор нутагт нь малын үнэ дийлдэхээ больж, малчид малаа нийслэл рүү биш хилээр хойш нь гаргахыг илүүд үздэг болсон байна гэнэ. Арга ядаад ганц үхрийн махаа л ачаад ирсэн нь тэр аж. Өвөрхангайгаас идэшний соёолон үхэр авах хүн байна уу гэх зар түгэв. Асуувал 700 мянган төгрөг гэнэ. Арай ч юу юм бэ гэцгээн авах хүн гарсангүй. Баян-Өлгийд бүр ч ярилтгүй. Идэшний адуу нэг сая төгрөгт дөхөж байна гэнэ.

Харин зүүн тийшээ бол арай гайгүй юм сонсогдоно лээ. Гэхдээ л шүдлэн үхэр 350.400 мянган төгрөг гэсэн байх шүү. Энэ өвөл ганц үхэр “цохичих” санаатай хэдэн тийш идэшний малын эрэл сурал болж байхдаа л энэ бүхнийг олж мэдлээ. Ингэхэд өмнөх жилүүдэд малын үнэ ингэтлээ тэнгэрт тулж байсан билүү.

Үнэхээр л цаг цөвүүн болсон бололтой. Хилийн дагуух аймаг сумдад мал, махны үнийг харийнхан хөөрөгдөж байна гэнэ. Энэ зун, намар дундаж хонь 100 мянган төгрөгөөс буусангүй. Одоо ч хэвээрээ л байна лээ. Гурван сая хүрэхгүй хун амтай Монгол Улс 30 сая хол давсан малтай хэрнээ кг махыг дөрвөөс таван мянган төгрөгөөр худалдаж авч идэж байна гээд бодоход аймаар ч юм шиг. Монголчууд хэзээний л махсаг ард түмэн. Махгүйгээр бол “амбан явахгүй” шүү дээ.

Сүүлийн үед зарим нэгэн нь цагаан хоол ч гэнэ үү, зөв хооллолт ч гэнэ үү, нэг тийм дэглэм барьсан болж биеэ хуурцгааж байгаа сонсогддог. Эрс тэс уур амьсгалтай орны хүмүүс ингэж болохгүй, энүүхэндээ л гэхэд гэж учир мэдэх эрдэмтэд хэлдэг л юм билээ. Монгол биш эрлийз хунд л тэр чинь тохирно гэх юм билээ. Үнэн ч байж мэднэ. Хонины мах холестрин ихтэй муу, үхрийн мах сайн гэнэ. Гуяны мах муу, малын вакциныг дандаа гуянд нь тарьдаг болохоор тэр гэнэ гээд л монголчуудыг аль болох махнаас нь хөндийрүүлэх гээд байна аа даа, янз нь.

Удахгүй дөнгөж амаржсан эхэд тахиа, гахайны махаар шөл хийж өгөх байх шүү, энэ цагаан хоолтнууд. Хун хүний л араншин юм даа. Яг одоо нийслэлийн төвийн хэдэн хүнсний захуудад хонины мах кг нь 3000 гаруйтай, үхрийн мах 4500-гаас дээш, адуу, ямааны мах 3000 хавьцаа, тэмээний мах тэрнээс арай доохнуур төгрөгийн үнэтэй байна. Өдөртөө зарагдаж байгаа нь ийм ханштай, харин өглөө эрт бөөнийх нь үнээр авбал арай хямдхан авч болж байна гэх юм билээ.

Гэхдээ л өмнөх жилүүдийг бодвол энэ жил мал, махны үнэ арай л өндөр байна гэцгээж байна. Max хэдий үнэтэй байсан ч яаж ийгээд л авчихна. Кг махаар хоёр удаа хоол хийж иддэг байсан хүн дөрөв хувааж хооллох биз, их л бодож. Малчид ч яахав, малаа үнэлдэг юм байгаа биз, махны ченжүүд нь харин манийгаа маллах гээд байхыг нь яана. Малчдаас авсан үнэ дээрээ 100-хан төгрөг нэмж зардаг ухааны юм яриад.

Яг үнэндээ бол хар үүрээр “Хүчит шонхор” ороод хараарай, хонь, үхрийн махыг хөдөөнийхнөөс тэр ченжүүд чинь кг-ыг нь 2000 гаруйхан төгрөгөөр бодож бөөндөж авдаг гэнэ лээ шүү. Тэгээд л худалдан авагчдыг, хэрэглэгчдийг шулдаг бололтой юм билээ. Гэхдээ энэ жил хөдөөд идэшний малын үнэ тэнгэрт хадсан байна лээ.

Б.Сансар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.