Арванхоёр, нэгдүгээр сард цас их унана

Ус, цаг уурын хүрээлэнгээс 2011-2012 оны хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргасан байна.

Арванхоёр, нэг, гуравдугаар сард ихэнх нутгаар, хоёрдугаар сард нутгийн хойд хагаст ахиу хэмжээний цас орж, хүйтний эрч чангарч мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа тул малчид иргэд отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх ажлаа сайн базаахыг анхааруулж байна.

АРВАННЭГДҮГЭЭР САРД

Энэ сарыг дуустал цаг агаар нийт нутгаар тогтуун байх юм байна. Энэ сарын 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд баруун болон төвийн нутгаар нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 5-10 градус хүйтэн байх аж.

АРВАНХОЁРДУГААР САРД

Арванхоёрдугаар сард хүйтэрч Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 25-32 градус, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 11-18 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна. Энэ сард цас ихтэй байна. Увсын баруун, Баян-Өлгий, Ховдын хойд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн хойд болон зүүн, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатарын баруун хойд, Сэлэнгэ, Төвийн нутгаар 10-15 см, Өмнөговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дундаж хэмжээнд буюу 1-4 см цастай байх гэнэ. Бусад нутгаар ахиу хэмжээний цас орох гэнэ. Харин Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн хил залгаа нутгаар цас багатай байх аж.

НЭГДҮГЭЭР САРД

Хөвсгөл, Хэнтийн ихэнх нутаг, Ховд, Булганы баруун хойд, Завхан, Өвөрхангайн хойд, Төв, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд болон баруун өмнөд хэсгээр 25-32 градус хүйтэн, Дундговь, Дорноговь, Өмнөговийн нутгаар 11-18 градусын дулаан байна. Энэ сард цас ихтэй байх аж. Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Архангайн зүүн хойд, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Хөвсгөлийн баруун хойд ба зүүн өмнөд, Төв аймгийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 10-15 см, уулархаг нутгаар 20-25 см цас орох гэнэ.

ХОЁРДУГААР САРД

Агаарын температурын сарын дундаж Ховдын баруун, Увс, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн өмнөд, Төв аймгийн баруун өмнөд болон зүүн өмнөд, Булган, Хэнтийн баруун өмнөд, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас нэг градусаар дулаан буюу 24-30 хүйтэн байна. Энэ сард Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Архангайн өмнөд, Увсын зүүн, Баянхонгор, Булган, Дундговийн хойд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цас ихтэй, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын           нууруудын хөндийгөөр болон Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр цас багатай байна.

ГУРАВДУГААР САРД

Гуравдугаар сараас дулаарч Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 12-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн нутгийн зүүн хэсгээр 0-2, бусад нутгаар 3-7 мм цас орно. Говь-Алтайн өмнөд, Өмнөговь, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр цас багатай байна.

БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛЖЭЭ

Нийт нутгийн 65 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж тодорхойлжээ. Харин нутгийн 35 хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа учраас отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр зохицуулалт хийх шаардлагатай байгаа аж. Аймгийн дүнгээр авч үзвэл Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Увс, Баян-Өлгий аймгуудын ихэнх сум, Дундговь, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байгаа аж. Энэ жил Говь-Алтай, Завхан аймгууд, Увс, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар зуншлагын байдал харьцангуй сайн байсан ч таана, хөмүүл мэтийн сонгинолог ургамлууд голлож ургасан, өвөл хаврын үндсэн бэлчээр болох хагд, борог өвс багатай байжээ.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Сэтгэгдэл бичих