Хараач, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэгч луйвар ингэж хийгджээ

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар маргаан их бий. Дарга нарын хүрээнд энэ гэрээ нь үнэндээ лут чухал баримт бичиг болсон гэдэг. Тэд ингэж сурталдаад байгаа. Гэвч харамсалтай нь “Айвенхоу майз”-ын дэглэсэн жүжгийн зохиол төдий зүйл болжээ. Аливаа гэрээг эрх зүйн субьект болж чадах хуулийн этгээдтэй хийдэг. Харилцан хамааралтай аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийвэл гол субьектийг нь сонгон авдаг учиртай. Хамаарал бүхий олон субьектүүдийг гэрээнд бүгдийг хамаад чихэж орхивол уг гэрээнийхээ биелэлтийг хэнтэй нь тооцох вэ гэсэн эцэст төгсгөлгүй зарга үүсэх магадлал ихтэй.

Тиймээс эрх зүйн бүрэн чадамжтай гол субьекттэй нь гэрээ хийдэг. Энэ бол олон улсын хэмжээнд нэгэнт тогтсон дэг журам юм. Тэгвэл Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэгч нь жинхэнэ жонхуу болсон байна. Энэ гэрээний нь “Монголын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголия Инк”, “Айвенхоу майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл холдингс лимитед” компанийн хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ” гэж байгаа. Үүнийг Монгол бичигт тайлагдсан хэнч гэсэн Монголын Засгийн газрын хөрөнгө оруулалтын гэрээ, “Айвенхоу майнз Монголия Инк, Айвенхоу майнз Лимитед компанийн хөрөнгө оруулалтын гэрээ”, “Рио Тинто интернэшнл холдингс Лимитед компанийн хөрөнгө оруулалтын гэрээ” гэж уншиж, ойлгохоор байгаа юм.

Эдгээр дөрвөн субьект дөрвүүлээ хөрөнгө оруулах нь ээ. Яагаад гэхээр энэ дөрвөн компанийн хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ юм байна. 2009 оны 10 сарын 6-ны өдөр Засгийн газар уг гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай 308 дугаар тогтоолоо гаргажээ. Гэтэл энэ тогтоолд “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ” гэж бичсэн байх юм. Тэгвэл дээрх дөрвөн этгээд маань энэхүү ордыг ашиглахын тулд гэрээ байгуулах ёстой байж. Компаниудын хооронд хөрөнгө оруулах гэрээ биш болж таарч байна, тэдгээр дөрвийн өнөөх гэрээ нь. Төр, засгийн албан ёсны баримт бичиг ийнхүү хоорондоо зөрчилдөөд болдоггүй. Компаниуд нь хоорондоо хөрөнгө оруулалтаа тэгээд юунд зориулахыг энэ дөрвөн этгээдийн гэрээний бичгээс харах боломжгүй аж. Засгийн газрын тэрхүү 308 дугаар тогтоолоор үүрэг хүлээж, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан гурван сайд маань тэгээд эрх зүйн хувьд чадамжтай байв уу гээд үзэхээр бас л эргэлзээтэй. Гэрээний хариуцлагыг хэнтэй нь тооцох вэ. Гурвуулантай нь уу. Уг нь Засгийн газрын танхимын аль нэг сайд нь Засгийн газраа төлөөлөх бүрэн эрхтэй. Гэвч хөрөнгө оруулалтын гэрээнд гурвуулаа байж байна. Үүнийг мэргэжлийн зарим шинжээчид эрх зүйн хувьд боломжгүй зүйл гэж үзээд байгаа. Тэдний хэн нь яамыг төлөөлөх, хэн нь Засгийн газрыг төлөөлөх нь тодорхой бус. Тэд хожмын нэг өдөр гэрээний хариуцлагаас бултахын тулд ингэж гурвуулаа гарын үсэг зурах болсон юм уу. Магадгүй л юм.

Ард түмэн Оюу толгойн ордоо авъя гээд босоод ирвэл тэдний хэн нь ч эцсийн хариуцлагыг үүрэхгүй байхаар ингэж хийх нь гадаадынхны зохиомжилсон нэг арга гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. “Айвенхоу майнз Монголия Инк”, “Айвенхоу майнз Лимитед” хоёр бол “Айвенхоу майнз”-ын охин компани. Толгой компани нь “Айвенхоу майнз” гэж нийтэд албан ёсоор зарлагдсан. Хуулийн дагуу ийм л бүртгэлтэй байгаа. “Рио Тинто”-гийн хувьд ч мөн ийм маягаар охин компаниа Монголын Засгийн газартай “нөхөрлүүлжээ”. Ингээд буух эзэнгүй, буцах замгүй гэрээ байгуулсан байна. “Айвенхоу майнз Монголия Инк” нь Оюу толгойн гэрээний хөрөнгө оруулагч юм уу гэхээр бас тийм тодорхой юм гэрээндээ зааж өгөөгүй. Энэ компани нь Монголын Засгийн газар болон нөгөө “Айвенхоу майнз Лимитед”, “Рио Тинто”-той хэрхэн харьцах нь тодорхой бус.

Харин “Айвенхоу майнз” нь бүх эрх мэдлийг атгаад сууж байх юм. Ингээд Монголын Засгийн газар Оюу толгойн гэрээнд ямар үүрэгтэй оролцох нь мэдэхгүй болжээ. Цаашлаад Монгол улс маань хөрөнгө оруулагч биш, дан ганц хувьцаа эзэмшигч болж байгаа хэрэг үү. Хувьцаа эзэмшихдээ зөвхөн “Айвенхоу майнз Монголия Инк” компанийн л хувьцааг эзэмших юм уу. Өнөөдөр “Айвенхоу майнз” нь Монголд үйл ажиллагаагаа явуулах өөрийн охин компани “Айвенхоу майнз Монголия Инк”-ийг байгуулсан баримтаа нийтэд ил болгоогүй байна. Хэрвээ “Айвенхоу майнз Монголия Инк”-ийг байгуулах, түүний хөрөнгө оруулалтын тухай гэрээ байгуулсан бол энэ команийн хувьцааг эзэмшигч нь манай Засгийн газар юм байна гэж ойлгож болох л юм. Гэтэл дээрх “дөрвөн этгээд”-ийн дундаас “Айвенхоу майнз Монголия Инк” гэдэг нь чухам хэн юм бэ гэдгийг өнөө болтол хэн ч мэдэхгүй байгаа. Тус компани нэг ч хөрөнгөгүй гэдгийг нь л манайхан сүүлийн үед илүү сайн мэдэрч байх шиг байна. Нидерландын вант улсад бүртгэлтэй, тэнд давхар татварын гэрээтэй. Уг нь Оюу толгойн гэрээг хийхээс өмнө энэ компанийн жинхэнэ статусыг эрхмүүд маань тодорхойлох ёстой байж. Гайхалтай нь тэгсэнгүй. Чухамдаа чөтгөртэй гэрээ хийсэн юм уу, луглагар том хулгайчтай гэрээ хийчихсэн юм уу, дарга нар маань.

Бид одоо Оюу толгойн ордын талаар “Айвенхоу майнз Монголия Инк”-тэй яриад байна уу, “Рио Тинто”-той шивнэлдээд байгаа юм уу, бүү мэд боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн нууцаар хичээнгүйлэн засварласан Ашигт малтмалын тухай хуулд “…50 сая ам.доллароос дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө хүсвэл тодорхой хугацаанд татварын орчин, үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно” гэж заажээ. Үүний дагуу хийгдсэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсгээ зурсан гадаадын компаниудын эздийн талаар ямар нэг баталгаа манай хууль хяналтын болоод Гадаад харилцааны яаман дээр үлдсэн эсэх нь ч бүрхэг, бүүдгэр хэвээрээ л байна. Хамгийн ноцтой нь уг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах болсон үндэслэл ажээ. Энд гурван зүйлийг үндэслэн гэрээ байгуулсан гэж байгаа. Эхнийх нь үнэхээр шог гэмээр. Уг үндэслэлээр бол “Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Лимитед” болон Рио тинтогийн санхүүжилтээр Оюу толгойн төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг тэмдэглэн” энэ гэрээг хийхээр болжээ. Яг ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм бол оо. Тэдгээр компаниуд үүнийгээ ил тодоор зарлах ёстой байв. Чухамдаа санхүүжилтийн гэрээ юм уу, хувьцаа худалдаж авах тухай гэрээ хийсэн юм уу. Энэ бүхэн нууц байгаа тохиолдолд манай Засгийн газар ийм хөгийн юмыг хөрөнгө оруулалтын гэрээ хийх гол үндэслэлээ болгосон нь сонин юм.

Сонин гэлтгүй бүр аймаар байгаа биз дээ. “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто”-гийн тэрхүү санхүүжилтийг одоо ил болго гэж шаардах эрх монголчуудад харин байж л байгаа. Олон улсын уул урхайн ил тод байдлын журам, зарчим гэж бий. Үүнийг тэдгээр компаниуд ноцтой зөрчжээ. Өнөөдөр хэн юу өгсөн, дараа нь юу өгөхийг огт мэдэлгүйгээр гэрээ хийнэ гэдэг бол харанхуй ангалын амсар дээр зогсоод, нүдээ аньж байгаад гарынхаа үсгийг зурснаас ялгаа юу байхав. Дараагийнх нь Ашигт малтмалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4,1,12 дахь заалт болон УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоол уг гэрээний бас нэг үндэслэл болжээ. За, энэ ч яахав. Тэртээ тэргүй хийгдэх л ёстой зүйл байх. Харин гуравдахь үндэслэл нь бүр шог. Ингэж бичсэн байнаа, тэнд. “Айвенхоу майнз Лимитед болон Рио Тинтогийн хооронд 2006 оны аравдугаар сарын 18-ны өдөр байгуулсан хувьцаа борлуулах тухай гэрээг үндэс болгов” гэжээ. Ухаандаа энэ хоёр компанийн хувьцаагаа борлуулсан нь хөрөнгө оруулалт хийх гол үндэслэл юм гэнэ. Аль ч бирж дээрээс, хэн ч хувьцаа авч болдог. Хэн ч хувьцаагаа зарж чаддаг. Үнэхээр энэ хоёр компанийн хооронд хувьцаа борлуулах гэрээ байгаа бол яагаад ил тодоор үүнийгээ бидэнд үзүүлэхгүй байна вэ. Энэхүү хувьцаа борлуулах гэрээнд нь Монголын тал оролцоогүй нь ямар учиртай юм болоо. Манай баялаг дээр тэд хувьцаа арилжаалж байгаа нь үнэн юм бол ямар нэг хэлбэрээр Монголын тал оролцох л ёстой баймаар.

Эдгээрээс харахад Оюу толгойн гээд байгаа энэ хөрөнгө оруулалтын гэрээ нь үндсэндээ хувьцаа борлуулах гэрээ болсон юм биш үү. Монголчууд 34 хувийн хувьцаа эзэмшихдээ чухам аль компанийнх нь хувьцааг эзэмших гээд байгаа нь ч мэдэгдэхгүй гэрээ болж таарлаа. Фрийдланд тэргүүтэй харийн хэдэн луйварчид манай баялгийг гартаа атгахын тулд хөрөнгө оруулалтын гэрээг ингэж л хийсэн байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын ахалж хийлгэсэн Оюу толгойн гэх энэ гэрээний талаар мэргэжилтнүүд болон иргэд маань санал бодлоо манай сониноор дамжуулан илэрхийлсээр байгаа. Оюу толгойгоо монголчууд өөрсдөө мэдэх цаг удахгүй ирэх биз ээ.

Б.Отгонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих