“Мэдлэгийн гурвалжин: Боловсрол, шинжлэх ухаан, инновацийн интеграци”

12-15-6

 

БААСАНДЭЛГЭР

Монгол Улсын анхны судалгааны их сургууль болох Монгол Улсын эрдмийн их сургуулиас (МУЭИС) санаачлан “Дээд боловсрол, шинжлэх ухааны интеграци, асуудал ба шийдэл” шинжлэх ухааны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, БСШУСЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Монгол Улсын эрдмийн их сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зэгиймаа “Энэ том газар нутагтай, гурван сая хүнтэй манай улс өндөр хөгжих бүрэн боломжтой. Үүний нэг хэсэг үндэс суурь нь шинжлэх ухаан, боловсролын салбарт бий. Хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг харж чаддаг мэдлэгийг энэ салбарт үйлдвэрлэж байдаг. Энэ салбарт зарцуулах хөрөнгө мөнгө бусад улс оронтой харьцуулахад бага. Гэхдээ бүх зүйлийг мөнгөөр хэмжиж болохгүй. Байгаа мөнгийг үр дүнтэй ашиглахгүй бол хэчнээн мөнгө байгаад ахиц дэвшил гарахгүй. Нэгтгэх, цомхон болгох, гол зүйл дээр төвлөрч мөнгөө гаргаж байж үр дүн гарна. “Дээд боловсрол, шинжлэх ухааны интеграци, асуудал ба шийдэл”  хэлэлцүүлэг чухам энэ рүү чиглэж байна” гэж онцолсон юм.

Энэ хэлэлцүүлэгт “Дээд боловсрол, шинжлэх ухааны интеграци, асуудал ба шийдэл” илтгэлийг доктор, профессор С.Будням тавьж, шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүллээ. Хүн төрөлтхний хөгжлийн чиг  хандлага, шинэ зууны шинжлэх ухааны өмнө тулгамдаж байгаа асуудал, шинэ зууны шинэ боловсролын систем, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд, гарц гаргалгааны цогц болсон энэ илтгэлд онцлууштай олон санаа байгаа эрдэмтэд хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.  Тухайлбал, дээд боловсролын бүтэц хэрхэн өөрчлөгдөх тухайд,

Загвар 1. Судалгааны их сургуулиуд

Эдгээр Их сургуулиуд хадгалагдахаас гадна автоном судалгааны бүтцийг буй болгох замаар улам өргөжих болно.

Загвар 2. Бүтээлч төслүүдийг хэрэгжүүлэх дэд бүтэц бүхий Их сургуулиуд

Эдгээр Их сургуулиудын нэг хэсэг нь офлайн хэлбэрээр ажилласан хэвээр байх ба түүнийг суурилан чухал төслүүд хэрэгжих болно. Эдгээр нь судалгааны Их сургууль биш бөгөөд ихэнх хэсэг нь онлайн сургалт явуулна. Ингэснээр тэд буй болгосон дэд системээр оршин тогтнох болно.

Загвар 3. Онлайн сургалтын Их сургуулиуд. Энэ бол сулхан Их сургуулиуд юм.

Загвар 4. Мэргэжлийн бүлэглэл, хоршооллын төв болсон Их сургуулиуд. Одоохондоо ийм Их сургуулиуд алга байна.

Загвар 5. Корпоратив Их сургуулиуд. Энэ төрлийн Их сургуулиуд пүүс, компаниуд өөрсдийн ажилтнуудын мэргэжилтнээ дээшлүүлэх зэрэг зорилгоор буй болгодог” сургуулиуд ирээдүйд давамгайлна гэж С.Будням доктор үзэж байгаагаа илтгэлдээ дурдсан юм.

Мөн С.Будням докторын онцолсон өөр нэг чухал санаа бол “Мэдлэгийн гурвалжин: боловсрол, шинжлэх ухаан, инновацийн интеграци” бөгөөд “Мэдлэгийн гурвалжин”-ы монгол хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд

-Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл

-Ямар шинжлэх ухааны, ямар хэмжээгээр манайд хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлох

-Шинжлэх ухааны санхүүжилт

-Судалгааны үндэсний төвүүд

-Шинжлэх ухааны академи, мэргэжлийн академиудын статус ба үүрэг гэсэн асуудлуудад анхаарах ёстой гэсэн юм.

Шинжлэх ухааны хэлэлцүүлэгт оролцсон доктор, профессор Х.Цоохүү, Ч.Тунгалаг, Г.Гунаажав, А.Дашдорж, Х.Батцэнгэл, Ц.Дэмбэрэл гээд олон эрдэмтэн “Дээд боловсрол, шинжлэх ухааны интеграци, асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийн үеэр өөрсдийн байр суурь, саналаа илэрхийлсэн юм.

Шинжлэх ухаан практикийн хэлэлцүүлгээс  зөвлөмж гаргаж байгаа бөгөөд энэхүү хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачдын саналыг нарийвчлан тусгаж оруулах ажлын хэсэг байгуулж байгаа аж.

Монгол Улсын эрдмийн их сургуулиас зохион байгуулж байгаа эрдэмтэн судлаачдын шинжлэх ухаан практикийн хэлэлцүүлэг манай улсын тухайд шинэ бөгөөд цагаа олсон ажил болж байгаа гэдгийг эрдэмтэд хэлж байлаа.

Шинжлэх ухаан практикийн хэлэлцүүлгийн эхнийхийг  “Үндсэн хууль асуудал ба шийдэл” сэдвээр өнгөрсөн есдүгээр сард хийсэн юм. Хэлэлцүүлэгт оролцсон шинжлэх ухааны докторууд судлаачдын илтгэл, санал, зөвлөмжийг эмхэтгэн төр, засгийн удирдлагын албан тушаалтнуудад хүргэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих