“ИСЛАМЫН УЛС” БҮЛЭГЛЭЛД 300 ОРЧИМ УЙГАР ХҮН ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН

5gtpj9uf4d2jtc6tj4ep22fvp9_bАль-Каида бүлэглэл Шинжаан Уйгарын өөртөө засах бүс нутагт амьдардаг исламын шашинт иргэдийг өмөөрч БНХАУ-тай  дайн зарлаж байгаагаа мэдэгдэж байсан удаатай. Тус бүлэглэлийн салбар байгууллага болох Аль-шабаб бүлэглэл “Resurgence” нэртэй англи хэл дээр хэвлэгддэг сэтгүүлд Энэтхэг, Бангладеш, Афганистан, Пакистаны талаархи нийтлэл гардаг бөгөөд сүүлийн үед гаргаж буй дугаартаа Ази-Номхон далайн улс орнуудад анхаарал хандуулж эхэлсэн тухай онцолсон байна. Тэдний хөндсөн хамгийн эхний сэдэв бол “Зүүн Туркестаны тухай 10 баримт” нэртэй нийтлэл байсан аж. Энэ нь БНХАУ  дахь Шинжаан Уйгарын өөртөө засах бүс нутгийн исламын шашинт иргэдийн тухай юм. Нийтлэлд Шинжаан урт хугацааны турш бие даасаар оршиж ирсэн боловч БНХАУ-ын  Хан үндэстний хэрцгий колоничлолын уршгаар  исламын  шашинт иргэдийн түүхэн соёл, шашин шүтлэг алдагдаж байна гэсэн санааг илэрхийлжээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд  БНХАУ-ын  Засгийн газраас исламын шашинт уйгур үндэстний эсрэг хэт хатуу бодлого баримталж буйг эсэргүүцсэн зөрчил тэмцэл багагүй гарах болсон. “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн уйгурчууд  “Хятадад цусан гол урсгах” тангараг өргөсөн заналхийлэл  бүхий дүрс  бичлэгийг интернетэд байршуулжээ. Дүрс  бичлэгт Хятадаас гадна АНУ болон ОХУ-д “Исламын улс” бүлэглэлийн далбааг мандуулна хэмээн нэгэн дайчин бусдыгаа уриалан дуудсан байна.
Уйгур үндэстэн Хятадын баруун хэсгийн Шинжаанд голдуу суурьшсан байдаг ч Зүүн Өмнөд Ази болон Турк Улсаар дамжин “Исламын улс” бүлэглэлийн “үүр” болсон Сири, Иракт очдог байна. Сири, Иракийн газар нутгийн нэлээн хэсэгт хяналтаа тогтоосон “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн онд Европын хэд хэдэн оронд террорист халдлага үйлдэж олон хүний амийг хөнөөсөн билээ. Өмнө нь 2015 онд “Исламын улс” бүлэглэлийн барьцаанд байсан Хятадын иргэнийг хөнөөсөн нь Ойрхи Дорнодод уйгур дайчдыг бэлтгэж буйн баталгаа хэмээн Бээжин мэдэгдэж байв.
Хятадын Засгийн газраас уйгур үндэстний  террорист үйл ажиллагаа явуулахаас сэргийлэн авч буй арга хэмжээ нь зөрчлийг улам нэмэгдүүлж байна гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, 2015 онд БНХАУ-ын  Засгийн газраас эмэгтэйчүүдийг олон нийтийн газраар явахдаа нүүр болон биеэ халхалсан исламын шашны уламжлалт өмсгөлийг өмсөхийг хориглосон бол өнгөрсөн онд мацаг барих зан үйлийг хориглосон юм. Хятад болон уйгур үндэстний хоорондох тэмцлийн улмаас өнгөрсөн жилүүдэд Шинжаанд олон зуун хүн амь үрэгдсэн. Түүнчлэн 2013 онд Тян ань миний талбайд уйгур эрэгтэй автомашинаар таван хүнийг дайрч хөнөөсөн хэрэг  гарч байсан юм. Уйгаруудын зүгээс өөрсдийн хэл соёл, бүс нутгийн хараат бус байдлын төлөө тэмцсээр байгаа юм. Харин Хятадын удирдагчид газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй Шинжаан Уйгарын бүс нутаг дахь хяналтаа алдахгүй байхыг эрмэлздэг. Түүнчлэн тус бүс нутагт нүүрсний нөөц илрээд байгаа бөгөөд Хятадын зүгээс удахгүй олборлолт явуулахаар төлөвлөж байгаа юм. “The Global Times’’ сонинд Хятадын 300 орчим иргэн “Исламын улс” бүлэглэлд элссэн тухай бичжээ. “Исламын  улс” хэт даврагсдын бүлэглэлд элсэх хүсэлтэй уйгаруудыг Хятадын баруун урд уулархаг бүсээр болон өмнөд хилийн тусгай бүс нутаг Макао, эсвэл шууд Сингапур, Малайзаар дамжуулан зуучилдаг бүхэл бүтэн сүлжээ бий болоод байгаа бөгөөд  үүнийг Хятадын тал ч гэсэн үгүйсгэхгүй байгаа юм.
Шинжаан дахь Хятадын Коммунист намын байгууллагын тэргүүн Жан Чуншиан “Гадаадад гарч “Исламын  улс”-тай нэгдсэн уйгарууд бий. Тус байгууллага нь олон улсын хэмжээнд маш их нөлөөтэй бөгөөд үр дагавар нь бидэнд тусч эхэллээ. Шинжаан энэ бүгдээс хол хөндий байх боломжгүй, тэнд байлдаж байсан манай иргэдийн зарим нь эргэн ирж, алан хядах ажиллагаа зохион байгуулж эхэлснийг бид олж мэдсэн” хэмээн мэдэгдэж байсан.
Хятадын эрх баригчид тус бүс нутгийн иргэдийн шашин шүтлэг, уламжлалт ахуй амьдралын хэв маягт хязгаарлалт тавьж, хятад иргэдийг олноор суурьшуулж буйд уйгарчууд шүүмжлэлтэй  ханддаг бөгөөд өөрсдийн тусгаар улсыг байгуулж БНХАУ-аас  салан тусгаарлахыг хүсдэг. Эх орноосоо дүрвэн гарсан уйгарын удирдагч асан Рэбия Кадыр “Хятадын төр засгийн зүгээс уйгарчуудын эсрэг баримталж ирсэн харгис бодлогын эсрэг бидний зохион байгуулж байгаа эсэргүүцлийн ажиллагаа нь Өрөмчид эхэлсэн эсэргүүцлийн үргэлжлэл юм. 2009 онд БНХАУ-ын Засгийн газар 10 мянга гаруй уйгар хүнийг баривчилсны 4-5 мянга нь сураггүй алга болсон бөгөөд мөн тооны хүн амь үрэгдсэн юм.
Одоогийн байдлаар Хятадын цэргийнхэн нийт 70 мянга гаруй уйгар иргэнийг баривчлаад байгаа бөгөөд сураггүй алга бологсдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Уйгарчууд бид  дуугүй байсан ч алуулна. Тиймээс дуугарч байгаад амиа алдах нь дээр. Харин хятадууд биднийг террористууд гэх нэрийн дор хөнөөхийг зөвшөөрөхгүй. Бид тусгаар тогтнолоо олж автлаа энэхүү тэмцлээ зогсоохгүй” хэмээн мэдэгджээ.
Шинжаан Уйгарын ард түмэн нь хэдэн мянган жилийн түүхэндээ гадна дотнын  элдэв халдлага, хүчирхийлэл, эзлэн түрэмгийлэлд өртөж явсан боловч өөрийн гэсэн тусгаар  улсыг байгуулж нэгэн үе маш хүчирхэг гүрнийг байгуулж явсан түүхтэй билээ.

Ц.Даваасамбуу


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 December 2017

Uigariin ezent uls 6 7 zuuni ued xuchirxegsen uigariin empire uls

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.