Нийслэлийн газар сахисан гэрүүдийг цэгцэлье

- Хотын төв дэх гэрүүдийн цаана газрын бизнес цэцэглэж байна – Өвлийн cap эхэлж, хүйтний эрч чангарсан энэ цаг үед нийслэлийн орон сууцны хороолол дунд айлын яндангаас утаа уугиж   байвал та гайхах хэрэггүй. Улаанбаатар хотод ямар нэгэн эрх зүйн хууль үйлчилдэггүй юм чинь. Хэн хаана гэр барих, дуртай газраа морь харах, гэрээсээ ууттай хогоо авч гараад хаа таарсан газраа хаячих, хэн нэгнийг булан тохойд хүчирхийлэх зэрэг нь чөлөөтэй. Ийм сайхан боломжийн хотод дураараа дургихаас яах билээ.

Гэр хорооллынхоо хэдэн муу тортогтой гэрийг утаа гаргалаа гэж ад үзэх болсон. Тэгтэл өнөөдрийг хүртэл хотын төв дүүрэг бүрт хазгай мурий хашаатай, газар манасан гэрүүд энд тэндгүй тааралдана. Үүнд огт хяналт тавьж ирсэнгүй. Зарим хашаанд нь шугуй болтлоо шарилж ургаж, ноход үүрлэн хогоор дүүрсэн байх жишээтэй. Манаатай энэ газрууд дархан нууц эзэдтэй аж. Эзэд нь газраа чулуу болгож үнэд хүргэхийг нь хүлээж байгаа гэлтэй. Та бодоод үз.

Сүх жанжны талбайн зүүн талд түүхэн барилгыг нурааж хашчихаад хэдэн жил болж байгааг харж байгаа. Хотын үзэмжид ч, хол газрын гийчдийн нүдэнд ямар харагдах билээ. Нийслэлийн газар манасан гэрүүд Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт олон байгаа аж. Тухайлбал, Баямзүрх дүүргийн Сансарын шатахуун түгээх станцын ойролцоо хэдэн гэр бий. Түүнчлэн Баянгол дүүргийн III хорооллын урдуур олон гэрүүд бий. Эдгээр гэрүүдийн цаад эзэд нь нийслэлийн холбогдох дарга нар. Гэр байгаагийн цаана газар нь чухал байна аа. “Миний нөгөө нууц жаахан газар байгаа. Түүнийг минь хэл амгүйхэн шиг хадгалуулж байж үзээрэй. Би чулуу болгочих санаатай. Тэгсний дараа хоёулаа тохиролцоондоо хүрнээ” гэх маягтай.

Саяхан Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар “Хотод шинээр барилга барих газар үлдээгүй. Хуучин барилгаа буулгаад оронд нь тэр зайн хэмжээнд тохирсон барилгуудыг барина” гэж мэдэгдсэн. Харин энэ дархан эзэдтэй газруудад ямар барилга барихыг хотын удирдлагууд ч мэдэхгүй байна. Үнэндээ барилга барих газар огт үлдээгүй юм биш. Тэр нь хот төлөвлөлтөд тусгагдаагүй огт хамаагүй юм шиг ойлгогдсоор байна.

Харин цаад нууц эзэд нь хэрхэн иргэдийн хэл ам татлалгүй газраа авчих вэ, шинэ барилга барих вэ гэж дуншиж хүлээж байгаа аж. Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүдийн дөрөв, Хан-Уулд тав, Баянголд найман газар бий гэдгийг эх сурвалж хэлж байна. Хамгийн хэцүү нь оршин суугчдын хэл ам хэцүү гэж бэрхшээдэг аж. Жирийн нэгэн иргэн 0,7 га газраа авчихаж чадахгүй байхад эрхтнүүд хотын төвд га-гаас илүү газар эзэмшчихээд чулуу болгох гээд цаг хугацааг хүлээж суухыг бодоход манай нийгэмд тэнцвэртэй юм гэж алга. Газар эзэмшиж авчихаад түүнийгээ олон жилээр ашиглаагүй тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авах хууль дүрэм байдаггүй бололтой.

Ийнхүү дүүргүүдээр дүүрэн нууц эзэнтэй хашсан газар, түүнийг сахисан гэрүүдийг цэгцлэх цаг иржээ. Нэгэн үе “түц, авто граж”-ийг цэгцэлж болсон юм чинь эзнээ нууцалсан газрын манаачдын гэрийг цэгцэлж яагаад болохгүй гэж. Ашиглагдахгүй олон жил болж байгаа энэ гэрүүдийг хураадаг журам үйлчилдэг баймаарсан. Нийслэлийн төвд 0,7 га -аас илүү хэмжээтэй газар эзэмшиж авчихаад түүнийгээ ашиглахгүй байгаа тохиолдолд ямар хариуцлага тооцдогийг иргэдэд таниулмаар байна. Ийнхүү чулуу болгох гэсэн газар түүнийг манасан гэрүүдийн эздийг дэлгэж цэгцлэх цаг нэгэнт болжээ.

Н.ЛХАГВА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих